Ж.Энхбаяр: Ардчилал хүчээ барж эхэлж байна
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2013.01.23

Ж.Энхбаяр: Ардчилал хүчээ барж эхэлж байна

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр­тай ярилцлаа.

-Засгийн газар сүү­лийн үед сайтуудын сэтгэгдлийг хянана, кабелийн телевизийг хаана гэх мэтээр элдэв шийдвэр гаргах боллоо. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Ер нь аливаа эрх ба­ригч хүчин олон нийтийн санаа бодол, хянал­таас ангид байхыг хүсдэг зүй тогтол байна уу даа гэж анзаарагддаг. Тэр жамын дагуу л үйл ажиллагаа болж байна. Гэхдээ нөгөө талаасаа хэвлэл мэдээ­лэл маань тодорхой хэм хэмжээгээ алдаж байгаа зүйл бас анзаарагддаг, бодит байдлыг хэлэхэд. Ялангуяа тэр коммент гэдэгтэй холбоотойгоор хүний хамгийн үнэт зүйл болсон эрх, нэр төр рүү халдах асуудал хэрээс хэтэрч байгаа. Гадна дотроос зохион байгуу­лалттайгаар Монго­лын нийгмийг хагаргах, бу­таргах, яс үндэс, шашин шүтлэгээр нь хооронд нь хуваах, нийгмийг тал­цуу­лах том хэрэгсэл болоод байна шүү дээ, хэвлэл мэдээлэл маань өөрөө. Юу анзаарагдаж байна вэ гэхээр Монгол Улс маань асар хүчтэй бут­рал, задралд орж байгаа нь гол аюул.

Үндэсний аюулгүй байдал, монгол­чуудын язгуур эрх ашиг­тай энэ нь зөрчилдөнө. Нэг хувь хүний эрх чөлөөг дээдлээд нийтийн, нийг­мийн эрх ашгийг хойш тавьж ирлээ. Энэ нь зөв байна уу гэдэгт миний хувьд эргэлздэг болсон. Эрх мэдэл, мөнгөтэй, хүч­тэй хүний эрх ашиг нийг­мийн эрх ашгаас илүү тавигдаад байгаа нь бас аюул. Өнгөрсөн хориод жилд бид хангалттай туйл­ширлаа шүү дээ. Тийм болохоор үүнийг зохицуулах шаардлага аль ч нам, Засгийн газрын үед гарч ирж байна л даа. Тэр зохицуулалтын үүд­нээс Ч.Сайханбилэгийг ийм юм хийлээ. Гэхдээ энэ шийдвэрийн үр дүн гараагүй байна. Сайн муу нь жи­лийн дараа л мэдэг­дээд эхэлнэ дээ. Ардчил­лыг би хуулийг дээд зэр­гээр сахин биелүүлэх гэж ойлгодог.

Өөрийнхөө бо­лон бусдын эрх үүргийн нэгдлийг л ардчилал гэж боддог. Энэ бол дур зор­гын, анарх биш. Дээд зэргийн сахилга бат, хууль сахих ёс. Бид сүү­лийн хорин жил нэлээд дур зоргоороо аашилц­гаалаа даа. Ардчиллаа ч сайн ойлгож, таньж мэд­сэнгүй. Нийгмээ­рээ л нэг иймэрхүү байдалд ор­сон. Тэрийгээ залруулах гэж оролдож буй нь энэ юм болов уу л гэж ойлгож байгаа. Би зөв талаас нь харж байгаа. Нөгөө та­лаас эрх баригчид дуу хоолой, хяналтаас хол байх гэдэг бас нэг санаа байгаа. Аль аль нь л бай­гаа юм.

-Муу хэлүүлэхгүй гэсэндээ ийм арга хэ­рэглэж байгаа байх?

-Дөрөв дэх засаг­ла­лын түв­шинд өргөмжилж буй хэвлэл мэ­дээлэл маань хэн нэгэн эздээс хараат бус, мэргэжлийн сэт­гүүлзүй, баталгаа но­толгоотой баримтад үн­дэс­лэсэн байх юм бол бидний гоё яриад байгаа ардчил­сан нийгэм амьд явна.  Тэгэхгүй бол өнөөд­рийн ардчилал хулхи бо­лоод байна. Нөгөө тэгш эрх гэдэг нь байхгүй. Мон­голын нийгэм асар хүчтэй ялгаралд орж байна. Хууль тэгш үйлчилж ча­дахгүй байна, нийгэм баян ядуугаараа хувааг­даж байна. Өнгөрсөн хо­рин жилийн үр дүн туй­лын хангалтгүй харагдаж байна.

-Бүтээн байгуулал­тын аж­лууд урагштай өрнөх хандлага ажиг­лагдаж байна.  Нийс­лэлд ч зоримог ши­нэч­лэлүүд хийгдэж байна. Гэтэл энэ бүгдийг танай намынхан "Бидний эх­лүүлсэн ажлын үр дүн одоо л гарч байгаа нь энэ" гэх юм?

-Үнэн, үнэн. Ардчил­сан намын ажлын үр дүн жилийн дараа гарна. МАН-ын Засгийн газрын үед л хийгдсэн ажлууд сайнтай, муутай­гаа хамт одоо төгсгөлөө базаад дуусгаж байна. Тэнд бат­лагдсан бодлого, төсөв, хэрэгжүүлсэн аж­лууд өдийд үр дүнгээ өгч бай­гаа. Харин одоо АН бод­логоо гаргаж байна. Анх­ны төсвөө батлуулсан. Жилийн дараа эдний хий­сэн аж­лын эхний үр дүн гарна.

-Ардчилсан намыг зарим улстөр­чид "Хэт шоу хийгээд байна" гэц­гээж байна?

-За яахав дээ, үр дүнг нь харъя даа. Улсууд ярьж л байна. Ер нь сүү­лийн үед улс төрийн шоу гэдэг маань хаана хаанаа хэтрээд л байх шиг бай­на. Хэтэрч болно л доо. Улс төр чинь өөрөө бас хэтэр­хий жүжиг биш ээ. Бодит амьд­ралын тусгал байх ёстой болохоос биш жүжиг байж болохгүй. Өөр дүрд тоглочихоод гараад өөр хүн болох. Улс тө­рийн амьдрал сүү­лийн үед хэт шоу, жүжиг тал руугаа ороод байна уу даа гэж анзаа­рагдаж байна.

-Хэд хоногийн өмнө аймгийн Засаг дарга нарыг Төрийн ордонд цуглах үеэр зарим аймгийн Засаг даргыг батламжлахтай холбогд­сон асуудал хөндөгдсөн?

-Бас л нөгөө хийрхсэн улс төр. Монголын ний­гэм дахин дахин хувааг­даж, задарч байна. Нийг­мээ өнгө мөнгө, шашин шүтлэг, нутаг усаар нь хувааж байна. Яваандаа энэ хуваагдал өрх гэр бүлийн түвшинд хүрээд байна. Нийгэмд асар хүч­тэй задрал явагдаж бай­на. Эрх барьж байгаа улс төрийн нам, улс төрийн хүчний удирдагчид, улстөр­чид маань үүнд маш их анхаарал хан­дуулж бодох ёстой.

-Одоогийн нөхцөл бай­далд нийгмийн зад­рал гэдэг чинь томд­чихсон үг биш биз?

-Бүхий л түвшиндээ Монгол задарч байна. Бүгдийг өнгө мөн­гөөр харж байна. Хайр дур­лал, найз нөхөрлөл, улс төр гээд бүг­дийг өнгө мөн­гөөр харж байна. Бид хүн ёсны олон үнэт зүй­лээ өнгө мөнгөнөөс ху­далдаж байна.
Өнөөдөр залуучууд гэр бүлтэй болоход асар хүнд байна. Гэр бүлээ аваад явахад хүнд байна. Нийгмийн суурь болсон гэр бүл бат бэх байж ту­хайн нийгэм тогтворж­дог. Гэр бүл дотор хүүхэд өсч бойжиж байж улс орны ирээдүй, боловсон хүчин, хүн бэлтгэгдэнэ.
Бүх түвшиндээ тийм алдагд­лууд гараад бай­гаа юм.

-МАХН-ын дарга Н.Энх­бая­рын төлөө эмэг­тэйчүүд өлсгө­лөн зарлалаа. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Бас л нэг улс төрийн арга хэмжээнүүд ш дээ. Аливаа хүн итгэл үнэмш­лээрээ өлсөнө уу, жаг­сана уу тэр бүхэн нээлт­тэй л байгаа. Үүнийг улстөрчид нь хэрхэн за­луур­дах юм байгаа юм, ямар зо­рилгодоо ашиг­лаж бай­гаа юм, цаг хуга­цаа л бүхнийг тодорхой бол­гоно. Энэ бүхнийг бо­лох­гүй, бү­тэх­гүй муу муу­хай гэж яриад хэрэггүй. Сайн сайхан гээд сай­шаагаад хэрэггүй. Нийг­мийн жам ёсны үйл явдал, үзэгд­лүүд болоод л явж байна.

-Монголын өнөөд­рийн улс төрийн өнгө аяс, хурдыг хэрхэн то­дор­хойлох вэ?

Бид нийгмийн шинэ сонголт хийгээд хориод жил болчихлоо. Үндсэн­дээ шинэ Үндсэн хууль батлаад хорин жил бол­сон. Хорин жил гэдэг бол аливаа зүйлийг дүгнэхэд хангалттай хугацаа. Энэ удаагийн УИХ-ын онцлог юу гэвэл Монголын сүү­лийн хорин жилийн улс төрийн амьдралд бий болсон иргэний хөдөл­гөөн, үйлдвэрчний эвлэл, гудамжны жагсагч, улс тө­рийн намуудын төлөөлөл бүрэн бүрэлдэхүүнээр бүгд орж ирээд суучихсан УИХ. Хоёр, гуравхан сая монголчуудын дотроос гарах улс төрийн потен­циалиа шавхчихсан.

Хо­рин жилийн амьдралыг шавхсан ийм их хурал буюу бүх төлөөлөл ороод ирчихсэн. Одоо үүнээс цааш гудамжны жагсагч байхгүй. Үүнээс цааш улс төрийн нам байхгүй. Үүнийг ард түмэн харж байгаа. Ард түмэн тэнэг биш. "За бүгд ороод ирлээ. Нөгөө Ганбаатар юу ярьдаг юм. Батзандан яах нь уу, Уянга юу ярь­даг юм, улс төрийн на­мууд нь яадаг юм" гээд бүгд хараад сууж байгаа. Айхавтар шүү дээ, цаа­дуул чинь ажиглаад сууж байгаа.
Нэг талаасаа эцсийн сонголт, цөхрөл байсан. Өөр гарц байхгүй. Энэ нам нь дээр юм уу гэх гарц байхгүй. Энэ иргэний хө­дөлгөөн нь зөв юм болов уу гэх гарц байхгүй. Бүгд л ороод ирлээ. Юм хийх бололцоог ард түмэн ол­гоод бай­на. Эндээс олиг­той үр дүн гарахгүй бол төрд итгэх нийгмийн итгэл асар хүчтэй суларна. Үүний дараа юу болох вэ гэхээр үеийн шилжилт, солилт болох болов уу гэж бодож байна. Бид нар олигтой байвал ураг­шилна, олиггүй байвал Мон­го­лын түүхийн тав­цангаас арчиг­дана. Өөр хувилбар байхгүй. Бие биеэ муулаад байх бо­лол­цоо байхгүй. Яагаад гэвэл бүгд төрийн эрх баригчид.
Монголын өнөөдрийн ардчи­лал, хорин жилийн нийгэм, бид дотроо хүчээ барж байна. Өөрч­лөлтөө хийхгүй бол хүчээ барж эхэлж байна. Хаана хаа­наа хүч нь суларч байна. Өндөр хаазтай баахан явсаар одоо урагшилж чадахаа болиод хоосон ээрээд байна. Шаварт суучихсан машин хоосон уухилаад л байдаг ш дээ. Бензин хийчихээд л ша­вар үсчүү­лээд л гишгээд байдаг. Гишгэх тусам доош ухаад л суугаад бай­даг. Яг л ийм байдалд байна. Ийм дүр зураг харагдаж байна. Эдийн засаг, нийгэм, улс төрийн амьдрал нь ч тэр. Тийм байгаа биз. Нэг л биш болчихлоо гэдэг мэдрэмж төрөөд байна. Эцсийн сонголтоо сая ард түмэн хийчихсэн. Бүгдийг авч­раад эндээ учраа ол гээд хий­чих­сэн. Одоо учраа олох нь уу, яах нь уу. Тэгэхээр одоогийн энэ УИХ туйлын их хариуц­лагатай байх ёстой. Нэг намыг сонгох асуудал биш, энэ хуралд байгаа 76-г бүг­дийг нь улс төрийн тавцангаас арчиж хаях ийм жилүүд ирж ма­гадгүй.

-Та чоно агнадаг гэд­гээрээ алдаршиж байх шиг байна. Төрийн түшээ хүн ингэж амьтан алж болдог юм уу?

-Би ан хийсэн. Гахай, чоно буудсан. Яагаад гэвэл би монгол эр хүн. Монгол хүн морио унаад, буугаа үүрээд Монгол эх орондоо хаана ч явах эрхтэй.

-Гэхдээ таныг хул­гайн ан хийсэн гээд бай­гаа шүү дээ?

-Бас л өрөөсгөл мэ­дээлэл. Гахай гэдэг амь­тан Монголд өргөн дэлгэр байдаг. Сум, багийн түв­шинд агнуур хийх квот нь хуваари­лагд­даг. Нэг бү­рийнх нь үнэ 45 мянган төгрөг байснаа зуун жа­ран мянга болсон. Хаана ч явсан мөн­гийг нь тө­лөөд буудах эрхтэй спорт агнуур. Гэтэл монгол­чуу­дын хам­гийн идэх дуртай тарваганы мах байна. Тарвага бол хориотой. Та энэ зун тарваганы мах идсэн үү.

-Үгүй.

-Хэрэв та тарваганы мах идсэн бол хууль бус үйлдэл хийсэн болж таарч байгаа байхгүй юу. Харин гахай бол ямар нэгэн хорионд ороогүй. Улаанбаатар хотод паа­лан­тай жорлонд сууж, хананаасаа халуун ус авч байгаа хүүхдүүд ангийн та­лаар ойлгохгүй ш дээ. Ноднин баахан чоно аллаа гэж шуугьсан. Улаан­баатарт өдөрт хэ­дэн зуун нохой алдгийг мэдэх үү. Өнөөдөр та орц руугаа ороход золбин нохой зөрөөд өнгөрөхөд эвгүйцнэ биз дээ. Энэ нохойг алаад өгөөч гэж захиалга өгнө.

Гэтэл эз­гүй ууланд байгаа малчин гэрийг нь тойрон ульж, өмч хөрөнгө мал руу нь сүрэглэн дайрч байгаа чонын эсрэг гар мухар бол яах вэ. Хуучин цагт жил болгон зохион бай­гуу­лалттайгаар ан ав хийж тоо толгойг нь зо­хис­той хэмжээнд барьдаг байлаа. Өнөөгийн ний­гэмд энэ нь хаягдсан. Энэ бол амьдралд байх зайлш­гүй зохицуулалт байх­гүй юу. Тийм бо­лохоор тэр чоно гэдэг амьтныг ажлаа өгчихсөн ямар нэгэн албан ту­шаал­гүй Ж.Энх­баяр гэдэг хүн арилжааны төлбө­рөө төлөөд л спорт аг­нуур хийсэн шүү дээ.

Ийм л зүйл болсон. Гахай алсан байна гээд ийм асуудал ярихаар буриад залуу гайхаж байгаа юм. Цас орлоо бол сумын залуус бүгд л буугаа үүрээд хойд хөвч тайга руугаа мордож байгаа ш дээ. Бүр тэсэн ядан хү­лээдэг байхгүй юу, монгол эр хүн. Тэр мэдрэмжийг хотын хүүхдүүд ойл­гох­гүй ээ.