Эрүүл мэндийн сайд Н.Удвал
2013.05.03

Ялаас чөлөөлөх шинжилгээ хийнэ

Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа нар 5 дугаар сарын 2-ны өдөр ЭМЯ дээр МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал болоод эмнэлгийн байгууллагуудын барилгын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудын талаар хэвлэлийн бага хурал хийлээ.

МАХН-ын дарга Н.Энхбаяр хоол идэхээ больж, шингэн зүйл л ууж эхэлсэн бөгөөд ингэснээр биеийн байдал улам дордож, элэгний үйл ажиллагаа нь дутагдалд орж байгааг салбарын Сайд дуулгалаа.

МАХН-ын дарга Н.Энхбаяр Засгийн газарт хаяглаж, хүсэлт гаргасны дагуу хүн ардын эрүүл мэндийг хариуцаж буй салбарын төв байгууллага болох Эрүүл мэндийн яамнаас эрүүл мэндийн шалтгааны улмаас ялаас чөлөөлөхөд шаардагдах шинжилгээ, онош тодруулах, эрүүл мэндийн дүгнэлт гаргахад нарийн мэргэжлийн эмч нарыг ажиллуулах үүргийг гүйцэтгэжээ.

Шинжээч эмч нарын дүгнэлтээр ялаас чөлөөлөх үндэслэлтэй гэж үзвэл прокурорт шилжүүлнэ.

Шинжилгээний багт ШШГЕГ-ын харьяа 401 дүгээр ангийн нэгдсэн эмнэлгээс хоёр шинжээч эмч, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн бөөр, мэдрэлийн нарийн мэргэжлийн эмч нар байгаа аж.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал шинжээч эмч нарын дүгнэлтээр ялаас чөлөөлөх үндэслэлтэй гэж үзвэл прокурорт шилжүүлнэ. Хуулийн байгууллага хянаж үзсэнээр шүүх хурал хийж ялаас чөлөөлөгдөх шийдвэрийг эцэслэн гаргана гэв. Ялаас чөлөөлөх эсэх шинжилгээ хийхийг Засгийн газраас шийдвэрлэснийг тэрбээр дурдлаа.

Эмнэлгийн байгууллагын талбай багассанаар стандарт зөрчигдөж, үйлчлүүлэгчид бухимдах, эмнэлэг төрөл үйлчилгээгээ өргөтгөх боломжгүй, ногоон орчингүй, яаралтай түргэн тусламжийн машин орж гарахад ч хүндрэл учрах болжээ.

Иймээс цаашид үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхэд бэрхшээлтэй болсон тул Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор хэлэлцүүлж, асуудлыг шийдвэрлүүлэхээр ажлын хэсэг байгуулсан байна.