Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл
2013.04.30

Э.Бат-Үүл: Бид ардчиллыг тайван замаар хүчирхийлэлгүй хөгжүүлж ирсэн

Иргэний нийгмийн форумын зохион байгуулагчдын хүсэлтээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл үг хэллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ "Бид энэ 23 жилийн хугацаанд хүчирхийлэлгүйгээр ардчиллыг олж авах, түүгээр зогсохгүй ардчиллыг төлөвшүүлэх энэ үзэл санаа манай ард түмэнд баттай шингэсэн гэж итгэх бүрэн үндэслэлтэй болсон.

Энэ 23 жилийн туршид ардчиллын үйл явцын төлөвшлийг харж байхад  “Ардчилал нь дөрвөн жилд нэг удаа болдог сонгуулиар намууд засгийн эрхийн төлөө тайван замаар, чөлөөтэй өрсөлддөг гэсэн” зөвхөн ийм байдлаар хязгаарлах юм бол ардчилсан нийгэм гэдэг улс төрийн намуудын тоглолтын талбар болох ийм л байдалд орох юм байна.

Улс төрийн намуудын тоглолтоос илүү зүйлд хүрч чадаагүй ардчилал бол хэлбэрийн төдий л ардчилал. Ардчиллыг хөгжүүлэхийн тулд иргэний нийгмийг бэхжүүлэх нь чухал” гэлээ.

Мөн цааш нь иргэний нийгмийг бэхжүүлэх чиглэлээр хийхээр зорьсон гурван ажлаа танилцууллаа.

Ардчиллыг хөгжүүлэхийн тулд иргэний нийгмийг бэхжүүлэх нь чухал.

Нэгдүгээрт Засаг захиргааны олон эрх мэдлийг иргэний нийгмийн байгууллагуудад шилжүүлэх. Энэ чиглэлээр бэлтгэл ажил хангагдаж байгаа бөгөөд ирэх намар захиргааны олон эрх мэдэл иргэний нийгэмд шилжсэн байна.

Хоёрдугаарт Засаг захиргааны анхан шатны нэгж дээр шууд ардчиллын хэлбэр, парламентад төлөөллийн ардчиллын хэлбэр хоёрыг хослуулсан байдаг. Гэтэл өнгөрсөн хугацаанд шууд ардчиллын хэлбэр ерөөсөө ажиллаж чадаагүй. Энэ жилээс ажиллуулж эхэлж байгаа. Ирэх жилээс баг дээр хийх төсвийг багийн иргэдээс асуухаар ярьж байгаа.

Гуравдугаарт Нийслэлийн хэмжээнд гаргаж байгаа аливаа шийдвэрийг иргэдээсээ асуудаг байх. Шинэ техник, технологи хөгжсөн үед энэ бүрэн боломжтой болсон. Бид өнгөрсөн зургаан чухал асуудлаар иргэдээсээ асуухад дунджаар 15000 хүн оролцсон гэв.