Эрүүл мэндийн сайд Н.Удвал
2013.05.03

Эрүүл байх зөвхөн хувь хүнээс хамаарахгүй

Эрүүл мэндийн сайд Н.Удвал болон эрүүл мэндийн салбарыг сурвалжилж байдаг сэтгүүлчид “Эрүүл мэнд ба нийгмийн хариуцлагатай сэтгүүлч” сэдвийн дагуу өнөөдөр Эрүүл мэндийн яам дээр зөвлөлдөв.

Уг зөвлөгөөн дээр Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Эрүүл мэнд ба нийгмийн сэтгэл зүй”, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа “Эрүүл мэндийн салбар дахь сэтгүүлчдийн оролцоо” сэдвээр, мөн Эрүүл мэндийн сайдын урилгаар УИХ-ын гишүүн Г.Уянга “Эрүүл мэнд ба нийгмийн хариуцлагатай сэтгүүлч”, МСЭ-ийн салбар зөвлөлийн Нарийн бичгийн дарга Г.Пүрэвдорж “Эрүүл мэндийн сэтгүүл зүйн хөгжил ба өнөөгийн байдал” сэдвээр тус тус илтгэл тавьж сэтгүүлчидтэй нээлттэй ярилцлаа.

“Эрүүл мэнд ба нийгмийн хариуцлагатай сэтгүүлч” зөвлөгөөний зорилго нь эрүүл мэндийн салбарынхан сэтгүүлчидтэй нягт хамтран ажиллах, сэтгүүлчдийг сонсох түүнчлэн эмнэлгийн тусламж үйлчилгээ иргэдэд хэрхэн хүрч байгааг сэтгүүлчдэд танилцуулах юм байна.  Сэтгүүлчидтэй уулзах энэхүү зөвлөгөөний санхүүжилтийг ДЭМБ-аас гаргажээ.

Сэтгүүлчид “Эрүүл мэнд ба нийгмийн хариуцлагатай сэтгүүлч”, “Эрүүл мэндийн салбарыг сурвалжлахад гарч буй бэрхшээл” сэдвийн дагуу санал, хүсэлтээ хэлж байлаа.

Тухайлбал, залуу сэтгүүлчид нэгнийгээ дагаад мэдээллийг хуулбарлан бичиж байгаа нь сэтгүүлчийн бүтээлч чанарыг алдагдуулж байна. Ялангуяа муу мэдээг хурдан хуулбарлах юм. Тиймээс бусдыгаа даган дуурайхгүй байхыг уриалав.

“Эрүүл мэнд ба нийгмийн хариуцлагатай сэтгүүлч” сэдвийн дагуу  зөвлөлдөв.

Түүнчлэн сэтгүүлчдийн дунд ДОХ-оос хэрхэн сэргийлэх вэ гэсэн санаа дэвшүүлсэн уралдааныг зохион байгуулаад, ирсэн бүтээлээр нь ном гаргадаг ч тохиолдол байна. Тиймээс сэтгүүлчид бид эрүүл мэндийн сургалтад хамрагдаж, иргэдийг уриалсан зөвлөгөө нийтэлж, эрүүл мэндийн чиглэлээр их зүйл хийж байгаа сэтгүүлчдийг шагнаж урамшуулах, “Оюуны дархлаа” ТББ-тай хамтран сэтгүүлчдэд тогтмол сургалт явуулж байх, иргэдэд мессежээр Та эрүүл амьдрах хэрэгтэй,

Эрүүл байгаарай зэрэг үгийг явуулж байх, эрүүл мэндийн хөгжөөн цэнгээнт нэвтрүүлгийг хийх, мэргэжлийн лекторын эрүүл мэндийн тухай лекц зохион байгуулах, ЭМЯ-ны дэргэд клуб байгуулаад, ЭМЯ-наас санхүүжүүлбэл сэтгүүлчид ихээр хамрагдана, ЭМЯ-ны удирдлагууд 7 хоногтоо нэг удаа мэдээлэл хийж баймаар байна, Клуб байгуулчихвал ямар нэгэн арга хэмжээ, үйл ажиллагаанд клубын гишүүд явдаг байж болох юм зэрэг олон бүтээлч саналыг хэлж байсан юм.

Сайд сэтгүүлчдийн саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, ЭМЯ-ны дэргэдэх Эрүүл мэндийн сэтгүүлчийн клубыг эмхтгэн байгуулахыг дээрх саналыг гаргасан "Шууд" телевизын сэтгүүлч Б.Батцэцэгт даалгасан байна.

Зөвлөгөөний үеэр сэтгүүлчдийн эрүүл мэндийн салбарт ажиллаж байх үеийн зургийг үзүүлж, мөн “Эрүүл мэндийн төлөө” нэрийн дор сэтгүүлчид гарын үсэг зурлаа.