Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциациийн ерөнхийлөгч Д.Дамба
2013.05.29

Цөмийн эрчим хүчний тухай хууль түүхий хууль болсон

Ийгл телевизийн “Халуун сэдэв” нэвтрүүлгээр Цөмийн энергийн салбар дахь далд сонирхол ба гадаадын хөрөнгө оруулалт сэдвийн хүрээнд явагдлаа.

Мардайн 1990 он хүртэл Оросын хөрөнгө оруулалттай үйлдвэр байсан

2009 оноос ОХУ ураны салбарт Монгол Улстай хамтран ажиллах сонирхол байгаа, энэ салбарыг сонирхож байгаагаа илэрхийлж байсан. Дэлхийн түүхэнд Дэлхийн-1,2-дугаар дайны дараагаас цөмийн цацрагийг энергийн эх үүсвэр болгон ШУ-ны салбаруудад ашигласан.

Монгол Улсын хувьд түүх нь ямар байдаг талаар Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн Ерөнхийлөгч Д.Дамбаас тодруулсан байна.   

Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба:

Мардайг 1973 оноос эхлэн нөөц тогтоогоод тэнд хот байгуулах тухай асуудал явагдаад үйлдвэр байгуулсан. Мардайн үйлдвэр 1990-ээд он хүртэл зөвхөн Оросын хөрөнгө оруулалттай үйлдвэр байсан. Монголын талаас аюулаас хамгаалахын төлөөлөгч л суудаг. Тэрнээс өөр хүн байдаггүй байсан.

1990-ээд оноос Монгол Улс ардчилал, зах зээлд шилжсэнээс эхлээд Монголын тал Мардайн тодорхой хувийг эзэмших болж эхэлсэн. Эндээс эхлээд ураныг зөвхөн хүдрээр нь гаргадаг. Монголд ямар нэгэн баяжуулалт хийдэггүй байсан.

Тиймээс Монголд ураны хор, цацрагийн асуудал байхгүй. Мардай орчимд хөдөөний малчин иргэд зүгээр л малаа хариулаад амьдарч байсан.  Ямар нэгэн айхтар ноцтой үр дагавар байдаггүй.

Хуулийг өөрчилж, шинэчилж, сайжруулах шаардлагатай

Цөмийн эрчим хүчний тухай хууль 2009 онд гэнэт батлагдсан нь хачирхалтай байдаг. Мөн энэ салбарт барууны хөрөнгө оруулалт орж ирсэн. Австралийн “Хаан ресурс” компани орж ирээд ажиллаж байхад нь Монгол гэнэт хуулиа өрчлөөд хөөгөөд гаргачихсан. Олон сая долларын хөрөнгө оруулалт хийсэн байсан компани Монгол Улсын Засгийн газрыг арбитрийн шүүхэд өгөөд тэр компаний талд шүүхийн шийдвэр гарсан. Одоо манай Засгийн газар хэдэн сая долларын өрөнд унах нь удахгүй  тодорхой болохоор шүүхийн шатанд асуудал явж байгаа. Ер нь Монгол Улс гадаадын ялангуяа барууны хөрөнгө оруулалт ороод ирэхэд хөөж туудаг найдваргүй орон гэсэн имижтэй байх уу үгүй юу гэдэг асуудлыг гаргаж тавихад хүргээд байна.

Энэ асуудлаар мөн Уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгчөөс тодруулсан байгаа.

Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба:

Гадаадын хөрөнгө оруулалт болон ураныг ашиглах эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр 2009 онд Цөмийн эрчим хүчний тухай хууль гаргасан.  Энэ хууль төдийлөн сайн боловсорсон хууль болж чадаагүй.

Манай Засгийн газар хэдэн сая долларын өрөнд унах нь удахгүй тодорхой болно.

Учир нь тухайн үед олон түмнээр хэлэлцүүлэлгүй, мэргэжлийн байгууллагуудын саналыг авалгүйгээр нөгөө л нэг хууль бөөнддөг зарчмаар боловсорсон учраас түүхий хууль болсон. Ялангуяа энэ хууль ашигт малтмалын хуультай маш их зөрчилддөг.

Энэ хуулийг өөрчилж, шинэчилж, сайжруулах шаардлага байгаа. тэгсэн нөхцөлд Монгол энэ чиглэлээр гадаадын хөрөнгө оруулалт болон дотоодын үйлдвэрлэгч нарыг дэмжих, үйлдвэрлэлийг аюулгүй нөхцлөөр нь эдийн засгийн үр ашигтай, улс орон, ард түмэнд хэрэгтэй үйлдвэрлэлийг явуулах бололцоо боломжийг нь нээж өгөх ёстой.