“Мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлье” уриан дор цусаа хандивлалаа
“Мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлье” уриан дор цусаа хандивлав.
2013.04.30

“Мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлье” уриан дор цусаа хандивлалаа

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ныг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай.

Энэ жилийн хувьд ILO буюу Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас “Мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн.

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн” сарын хүрээнд МҮЭ-ийн холбооны дэргэдэх Залуучуудын хороо Үйлдвэрлэлийн ослын улмаас амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг угтаж үйлдвэрлэлийн ослын бэртэж гэмтсэн ажилчдад цус хандивлах арга хэмжээг зохион байгуулж байна.

Уг арга хэмжээнд мэргэжил үйлдвэрлэлийн ҮЭ-ийн холбоод, нийслэлийн ҮЭ-ийн холбоо, МҮЭ-ийн холбооны Залуучуудын хорооны 80 гаруй гишүүн залуучууд сайн дураар цусаа хандивлалаа.

Бид энэхүү арга хэмжээгээрээ цусаа бусдад хандивлах нь эрүүл мэндэд муугаар нөлөөлнө гэх буруу ойлголтыг халах, сайн дурын цусны донорын эгнээг өргөтгөх, цусны нөөцийг нэмэгдүүлэх, нийгэмд цусаа сайн дураар хандивлахыг уриалж байгаа бөгөөд уламжлал болгон зохион байгуулахыг зорьж байна хэмээн залуус ярьж байлаа.  

Манай орны хувьд үйлдвэрлэлийн ослын тоо жилээс жилд буурахгүй, мэргэжлээс шалтгаалсан осол нэмэгдэж байгаа бөгөөд 2012 онд үйлдвэрлэлийн осолд нийт 400 гаруй хүн өртсөн байна.

Осолд өртсөн хүмүүсийн 26,1 хувийг эмэгтэйчүүд, 20,5 хувийг үйлдвэрлэлийн ослын улмаас нас барагсад, 8.2 хувийг тахир дутуу болсон хүмүүс эзэлж байгаа бол  301 буюу 70,9 хувь нь хөдөлмөрийн чадвараа түр алдсан нь харамсалтай  тоо баримт байдаг.  

Нийгмийн байдал тайван үед таван хоногийн нөөц Цусны төвийнхөнд хангалттай байдаг ч газар хөдлөлт, гамшиг осол, эмх замбараагүй үймээн гарсан үед тав хоногийн нөөцтэй Цусны төвийнхөн ямар ч арга хэмжээ авч чадахгүй цусны хомсдолд ордог.

Цус сэлбэлтийн үндэсний төвөөс цусны нөөцөө нэмэгдүүлэх үүднээс дүүргүүдийн Улаанзагалмайн хороотой хамтран албан байгууллагуудаар “Явуулын бригад” ажиллуулдаг.

Цус сэлбэлт судлалын Үндэсний төв өдөрт 60-70 хүний цус буюу 1400 нэгж цусыг 50 гаруй эмнэлэгт нийлүүлдэг бөгөөд дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдлийн цусны тасгууд хамгийн их нэгж цус авдаг бол Эх нялхсын эрдэм шинжилгээний төв, Улсын клиникийн төв эмнэлэг, Гэмтэл, ХӨСҮТ удаалдаг байна.

Тогтмол цусаа өгдөг донор хүний бие эрүүл чийрэг, зүрхний шигдээсээр өвчлөх магадлал  30 хувь бага гэж шинжлэх ухаан нотолсон.  Нэг удаа  350-400 грамм цус өгөхөд 24 цагийн дотор нөхөгдөж, 21 хоногийн дотор эсийн төвшинд бүрэн төлждөг байна.

Цус сэлбэлт судлалын Үндэсний төв өдөрт 60-70 хүний цус буюу 1400 нэгж цусыг 50 гаруй эмнэлэгт нийлүүлдэг.

Хүний биед агуулагдах таван литр цуснаас нэг удаа 350-400 грамм цус авах  нь өчүүхэн бага хэмжээ бөгөөд цусаа өгснөөс хойш эрэгтэйчүүд хоёр, эмэгтэйчүүд гурван сарын дараа дахин цусаа хандивлахыг мэргэжлийн хүмүүс зөвлөдөг юм байна. Түүнчлэн тогтмол цусаа өгдөг донорууд хэзээ ч цус багадалтаар өвчилдөггүй, харин ч цус алдалтыг тэсвэрлэх чадвартай болдгийн сануулъя.

Хэлж ирдэггүй, хийсч ирдэг байгалийн гамшиг, аваар ослын үед эрдэнэт хүний амь насыг аврах эцсийн найдвар болсон Цусны төвийнхний ажилд чин үнэнчээр туслах нь иргэн бүрийн үүрэг гэж ойлгодог болохыг  МҮЭ-ийн холбооны дэргэдэх залуучуудын хорооноос уриаллаа.