Монгол Улсын Ерөнхий Сайд Н.Алтанхуяг
2013.06.20

“Ерөнхий сайдын 30 минут” ээлжит нээлттэй ярилцлага боллоо

Өнгөрч буй долоо хоногт Ерөнхий сайд Н.Алтанхуяг Төв, Хөвсгөл аймгуудад ажилласан. Төв аймаг олон улсын нисэх буудал, төмөр зам, хурдны зам, орон сууцны хороолол бүхий хөгжлийн том төв, дагуул хот болно. Төв аймагт өрнөж эхэлсэн бүтээн байгуулалтын эдгээр ажлын төлөвлөлт, явцтай танилцаж, үүрэг чиглэл өгсөн бол Хөвсгөлд шинээр барьж буй дулааны цахилгаан станц, барилгын материалын үйлдвэрүүд зэрэгт анхаарлаа хандуулж, хэд хэдэн асуудлыг газар дээр нь шийдвэрлэснээ Ерөнхий сайд танилцууллаа.

6 дугаар сарын 17-ны даваа гарагаас эхлэн 8/±1/ хувийн хүүтэй орон сууцны зээлийг арилжааны банкууд олгож эхэлсэн. Эх орондоо сайхан амьдрах боломж хүн бүрт нээгдлээ, одоо гагцхүү илүү хөдөлмөрлөж, бүтээсэн баялгийнхаа хэрээр ая тухтай амьдрах хариуцлага иргэд, залууст очлоо гэж Ерөнхий сайд тэмдэглэв.

“Ерөнхий сайдын 30 минут” ээлжит нээлттэй ярилцлагын үеэр

“Төрийн үйлчилгээний цахим машин" буюу "ТҮЦ машин" гэж товчлон нэрлэж буй төхөөрөмжүүд ажиллуулж, хүнд суртал, хүлээгдэл чирэгдэлгүй төрийн үйлчилгээг иргэдийнхээ гэрийн хаяанд хүргэлээ, тахир тойруу 33 уулзварын эхний хоёрыг шинэчилж бэлэн болголоо. 10 хоногийн өмнө Өргөөгийн уулзвар, өчигдөр Өнөр хорооллын тойргийг ашиглалтад орууллаа. “Олуулаа болох хууль” боловсруулж, УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ. Эхчүүд жирэмсний 5, төрсний дараах 5 сард нийт 400 000 төгрөгийн тэтгэмж авч байгааг нэмж, хугацааг 24 сар, сарын тэтгэмжийг хоёр дахин өсгөж 80 мянган төгрөг болгохоор, гурав дахь хүүхдэд сар бүр 120 000 төгрөг олгохоор Засгийн газар хуулийн төсөлдөө тусгасан, намрын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэвэл 2014 оноос хэрэгжүүлнэ гэж Ерөнхий сайд ярилаа.

Сэтгүүлчдийн зүгээс орон сууцны моргэйжийн зээл олгож эхэлсэнтэй холбогдуулан хэд хэдэн асуудлыг тодрууллаа. Барилгын үнэ зохиомлоор өсч байна, урьдчилгаа төлбөрт хашаа байшин барьцаалах боломжгүй байна, зээлийн журамд урьдчилгаа төлбөрийг 10-30 хувь гэж заасан ч банкууд 30 хувийг л төлөхийг шаардаж байна гэж иргэд шүүмжилж байгааг сэтгүүлчид Засгийн газрын тэргүүнд дуулгаж, тодорхой хариулт авсан.

Өнгөрсөн жил 11 000 айлын орон сууц ашиглалтад орсон бол энэ жил 30 гаруй мянган айлын орон сууц ашиглалтад орно.

Засгийн газраас зээл авч, орон сууцны хөтөлбөрт хамрагдаж буй компаниуд барилгын үнээ өсгөхгүй байх үүрэгтэй, хэрвээ зөрчвөл гэрээг цуцална, Засгийн газар орон сууцны нийлүүлэлтэд илүү анхаарч татаас өгснөөр энэ жил 30 гаруй мянган айлын орон сууц ашиглалтад орно. Өнгөрсөн жил 11 000 айлын орон сууц ашиглалтад орж байсантай харьцуулахад энэ боломжийн тоо. Өндөр настан, залуу гэр бүл зэрэг зорилтот бүлгийнхэн 10 хувийн урьдчилгаа төлж байртай болох тусгай зохицуулалтыг ирэх намраас тодорхойлж зарлана.

Шинэчлэлийн Засгийн газрын орон сууцны зээлийн хөтөлбөр бол хүн амын дийлэнх хэсэг буюу дундаж орлоготой иргэдэд чиглэсэн. Тав тухтай амьдралынхаа төлөө хөдөлмөр зүтгэл гаргадаг хүн бүрт өргөн боломж нээгдсэн. Халамж хүлээж суудаг, гутранги, ядуу хүмүүс орон сууц авах боломжгүй жишиг аль ч улсад бий. Монголчууд нийтээрээ хөдөлмөрлөж, хүн бүр нэг бөндгөр, дөрвөн булчингаа ажиллуулах цаг ирсэн. Ингэж чадвал тавхан жилийн дараа гэхэд ядууралд баяртай гэж хэлж, бүтээн байгуулалт, хөгжил дэвшил, өөдрөг амьдралд хүрнэ гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ