"Дуусдаггүй яриа"-Ерөнхийлөгчийн сонгууль 2013
2013.06.29

Төрийн гурван өндөрлөг нэг намаас сонгогдсон нь түүхэн боломж

“Дуусдаггүй яриа” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар Ерөнхийлөгчийн сонгуулийн эргэн тойронд ярилцлаа.

-Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиас төрсөн сэтгэгдэл?

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар: Ерөнхийлөгчийн сонгууль сайхан болж өнгөрсөн. Манай намаас нэр дэвшсэн одоогийн Ерөнхийлөгч, одоо бас ерөнхийлөгч болсон Ц.Элбэгдорж ялалт байгууллаа. Ардчилсан намын мөрийн хөтөлбөр бүрэн хэрэгжих боломжийг бид бүрдүүлж авлаа. Ард иргэд нэг намд бүх сонголтыг өгсөн нь утга учиртай.

2016 он хүртэл хийх ажилд нь үнэлэлт өгч байгаа.  Ирээдүйн Монгол Улсын хөгжил, бүтээн байгууллалтын чиглэлээр олон ажил хийж, гаргасан санаачилгуудаа хэрэгжүүлнэ гэж итгэж байгаа учраас нэг чиглэлд бүх саналаа өгье гэж өгсөн байх. Иргэд, сонгогчид зөв сонголт хийсэн гэж хэлмээр байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Энэ удаагийн сонгууль гурван нэр дэвшигчтэй, хүч тэнцвэргүй, амаргүй сонгууль болж өнгөрлөө. Монгол Улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүн нэр дэвшсэн. Сонгуулиас сонгуулийн хооронд бүтэн жил зургаан сар монголчууд хагарч, хуваагдаж, талцаж, улстөржлөө.

Үүний үр дүн цаашид нилээн гарах байх. Цаашдаа энэ олон сар дамнасан сонгуулиудыг цөөрүүлэх ёстойг улс төрчид, иргэд ч гүн гүнзгий ойлгосон сонгууль боллоо гэж бодож байна. Төрийн эрх барих дээд байгууллага сонгох сонгууль зургаадугаар сарын 30-нд болсон.

Дөрвөн сарын дараа орон нутгийн нутгийн удирдлагад төлөөллийнхөө байгууллагыг сонгосон. Тэгээд сая Ерөнхийлөгчийн сонгууль болж жил зургаан сарын хугацаанд гурван сонгууль хийж, гурван сонгууль дамнасан улстөржсөн, хуваагдсан, талцсан, бие биенээ ялахын тулд хазахаас бусдыг хийсэн сонгууль болж өнгөрлөө.

Эцэст нь хэлэхэд дуусдаггүй сонгууль дууслаа. Одоо улс орноо төвхнүүлэх, иргэдийнхээ амьдралыг бодох хоёр жил зургаан сарын хугацаа үлдлээ. Энэ хугацаанд ихийг хийж бүтээсэн, улстөржихөө зогсоосон он цаг эхлээсэй. Сонгууль дууссанд баяртай байна.  

-Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиудтай харьцуулахад 63,5 хувь гэдэг арай бага хувь шиг санагдаад байгаа. Ер нь сонгуулийн ирц буурах хандлага байна уу?

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар: Жил болгон Ерөнхийлөгч, УИХ-ын сонгуулийн ирц буурч байгаа. Энэ жилийнх бол хамгийн бага нь. Нэг хүний санал сонгуульд ямар ач холбогдолтойг энэ сонгууль дахин нотлон харууллаа. Манай иргэд зөвхөн өөрийнхөө эрх ашгийн төлөө, амьдрал ахуй, үр хүүхдээ бодож сонгуульд идэвхтэй орох нь чухал гэдэг нь өнөөдөр тод харагдаж байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд 1993 онд нийт сонгогчдын 92,7, 1997 онд 85, 2001 онд 84, 2005 онд 75, 2009 онд 74 хувь нь саналаа өгч байсан. Энэ сонгуулиас анх удаа иргэдээ урамшуулдаг болсон. Мөн энэ удаагийн сонгуулийг ажлын өдрийг амралтын өдөр болгосон. Ингээд байхад ирц буурч байгаад монголчууд ялангуяа төр удирдаж буй бид анхаарах хэрэгтэй.

Дараагийн сонгуульд ирц хүрэх үү үгүй юу гэдэг асуудал тулгамдаж болзошгүй. Монгол Улсын иргэн үндсэн хуулиараа сонгох, сонгогдох эрхтэй. Саналаа өгөх эрхтэй юу, үүрэгтэй юу гэвэл эрхтэй. Ихэнх улс оронд саналаа өгөх нь үндсэн хуулиараа тухайн улсын иргэний үүрэг. АНУ, Монгол гэсэн цөөхөн улсуудад саналаа өгөх нь иргэний эрх байдаг. Цаашид иргэдийн санал өгөх, ирц бүрдүүлэхтэй холбоотой асуудалд анхаарах нь зүйтэй.

-Энэ удаагийн сонгуулийн онцлог?

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Анх 2000 онд үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав нэг намын харьяалалтай хүмүүс болж байсан. 1996-1998 онд Ардчилсан холбоо эвслийг Засгийн газар барьж байх үед төрийн албан хаагчид хэдэн сараар цалин, тэтгэвэр авч чаддаггүй, Монгол Улсын төсвийн орлого бүрддэггүй маш хүнд үе байсан.

Гурван нэр дэвшигчийн халз мэтгэлцээн МҮОНТВ-ийн ямар хэмжээнд ажилладгийг л харуулсан.

Түүнийг 2000-2004 оны УИХ, Засгийн газрын үед шийдэж богино хугацаанд Монгол Улсын эдийн засгийг өсөлттэй, нэмэх болгож, мянганы замын асуудал, их өр зэрэг олон асуудлыг шийдсэн. Түүнтэй адилхан энэ оны сонгуулиар нэг улс төрийн хүчнээс үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван хүн ажиллах гэж байна.

Энэ бол түүхэн боломж. Энэ боломжийг эрх баригч намынхан зөв ашиглах хэрэгтэй. Бас нэг онцлог нь зургаа дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгууль. Хоёр дахь удаагаа сонгогдсон хоёр дахь ерөнхийлөгч. Ерөнхийлөгч маань үндэсний эв нэгдлийг илэрхийлэгчийнхээ хувьд ямар нэгэн намын харьяаллаар биш, үндэсний эрх ашиг, эв нэгдлийг нэгдүгээрт тавьж ажиллаасай.

Мөн энэ улстөржиж, талцаж, хуваагдаж байгаа нь эдийн засгийн байдалд нөлөөлж байгаа. Эдийн засгийн орчин муудахаар тэр нь ард иргэдийн халаасанд гар дүрж байна. Инфляци бараа бүтээгдэхүүний үнэ өсч, нийгэмд бухимдал бий болж байгаа. Ийм байдлаар эдийн засаг, улс төр, нийгэм маань хоорондоо холбоотой. Үүнийг шийдэхийн тулд энэ их улстөржсөн, талцсан, хийрхсэн байдлыг таслан зогсоох шаардлагатай.

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар: Сонгуулийн хууль хуучнаасаа боловсронгуй болж байна. Гурван нэр дэвшигчийн халз мэтгэлцээнээр МҮОНТВ-ийн ямар хэмжээнд ажилладгийг л харуулсан хэлбэр. Нэр дэвшигчдийг буруутгах зүйл байхгүй. МҮОНТВ-ийн хийж буй ажил учраас төр гэдэг юм уу ямар нэгэн гадны оролцоо байхгүй байх.

Манайхан нэгнээ үгүйсгэсэн, буруутгасан, муутгах гэсэн хандлагаар яриад байвал нөгөө л хагарал, талцал үргэлжилнэ.

Нэгэнт ялалт байгуулсан хүмүүс баяраа тэмдэглэх нь ердийн үзэгдэл, аль ч оронд байдаг л асуудал. Манайхны нэгнээ үгүйсгэсэн, буруутгасан, муутгах гэсэн хандлагаар яриад байвал нөгөө л хагарал, талцал үргэлжилнэ. Олон сонгууль нэг дор удаан үргэлжлэхээр хүмүүс залхаж байгаатай санал нэг байгаа.

Эдийн засагт ч чирэгдэл учирч байна. Тиймд хуулинд өөрчлөлт оруулж сонгуулийг базах арга байхыг үгүйсгэх аргагүй. Хоёрдугаарт үндсэн хуулинд Монгол Улсын Ерөнхийлөгч нэг удаа улиран сонгогдох эрхтэй. Тиймд сайн ажилласан ерөнхийлөгч найман жил болох нь ойлгомжтой. Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийг ард түмний хүү шиг нам ялгарахгүйгээр ажиллах байх гэж бодож байна.

Өөрөө ч тийм амлалт өгч байгаа. Сонгуулийн ерөнхий хороонй тухайд хараат бус байна гэдэг үнэний талтай. Гэхдээ ганц сонгуулийн ерөнхий хороо биш аудитын байгууллага гээд олон байгууллага бий. Үе үеийн дарга нарт бүгдэд нь л учир дутагдал байсан. Энэ нь системтэй нь холбоотой.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Өнөөдөр сонгуулийн ерөнхий хорооны даргын алдаатай мэдээллээс болж маш эвгүй байдал бий болох шахсан. Өнгөрсөн шөнө 1224941 хүчинтэй санал өгснөөс Ц.Элбэгдоржийн төлөө 614964, Б.Бат-Эрдэнийн төлөө 514375 санал өгсөн гэж мэдэгдчихээд, түүнээсээ хойш цагийн дараа мэдээлэл хийхдээ Ц.Элбэгдоржид 620000 болж 6000-аар нэмэгдэн, Б.Бат-Эрдэнэд өгсөн санал 512209 болж буурсан. Тиймд бид хардах эрхтэй.

Монголоо гэсэн сэтгэлтэй, монголынхоо төлөө зүтгэх чадвартай монгол иргэд л Монгол Улсаа хөгжүүлнэ.

СЕХ мэдээллээ нээлттэй, ил тод биш өгч, хараат байдлаар ажиллаж байгаа учраас бид хардаж байна. Үүнийг улс төрийн намууд СЕХ-той ярьж байж ил тод болгож, СЕХ-ны дарга алдаатай мэдээлэл хийжээ. 518000 гэж хэлэхийг 512000 гэж зарласан асуудал байсныг хүлээн зөвшөөрч МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ мэдэгдэл хийсэн.

Цаашид СЕХ хариуцлагатай, ил тод, хараат бус ажиллах ёстой. Үүнд хардсан, улстөржсөн, хийрхсэн байдлаар хандсан бол нийгэмд эвгүй байдал бий болохыг үгүйсгэхгүй. Гурван нэр дэвшигч маань улс төрд ажилласан, туршлагатай, мэдлэг боловсролтой хүмүүс.

Гэтэл халз мэтгэлцээнийг үзээд арай ч дээ ийм хүмүүс нэр дэвшиж байгаа юм уу гэсэн иргэд сонгогчдын урмыг хугалсан байдлаар зохион байгуулсан. МҮОНТВ өөрсдийн бодлого, зохион байгуулалтандаа анхаарах хэрэгтэй. Мэтгэлцээн бол мэтгэлцээн биш асуулт хариулт болсон.

-Шинэ Ерөнхийлөгчөөсөө ямар идэвхитэй үйл ажиллагаа, томоохон шинэчлэл, өөрчлөлт хүсч байгаа вэ?

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар: Шинэ ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт хамгийн түрүүнд хэрэгжүүлэх асуудал бол боловсролын асуудал. Дэлхийн шилдэг 100 сургуульд өөрийн чадлаар элссэн хүүхдүүдийн сургалтын зардлыг төрөөс даах санааг дэвшүүлсэн нь Монгол Улсад хэрэгтэй, чадварлаг боловсон хүчнүүдийг олноор нь бэлтгэх зорилт тавьсан гэж ойлгож байна.

Хоёрдугаарт талбай дээр хэлсэн үг нь байна. Хамгийн наад зах нь Улаанбаатар хотын авто замын бөглөрөл, утаа, метро, олимпийг монголд хийх гэх мэтийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ гэж хүлээж байгаа.

Дээр нь Оюу толгой, төмөр зам, таван толгой гэх мэтийн асуудлууд, томоохон хүнд үйлдвэрийн асуудлыг шийдэх болов уу гэж найдаж байна. Мөн Монгол Улсын үндсэн суурь дэд бүтцүүд сайжирснаар олон хөнгөн үйлдвэрүүд бий болж иргэд бүгд ажилтай орлоготой болно гэсэн бодолтой байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Дотооддоо сурсан монгол хүн хөгжүүлэхгүй, гадаадад сурсан монгол хүн хөгжүүлнэ гэсэн зүйл байхгүй. Монголоо гэсэн сэтгэлтэй, монголынхоо төлөө зүтгэх чадвартай монгол иргэд л Монгол Улсаа хөгжүүлнэ. Гадаадад 100 гаруй мянган монгол иргэд амьдардаг.

Эдийн засгийн орчин муудахаар тэр нь ард иргэдийн халаасанд гар дүрж байна.

Тэд нар маань монголд амьдарч буй хүмүүсээс өөрсдийгөө дээгүүрт тавьж, монгол болохгүй, бүтэхгүй, муухай байна гэж шүүмжилдэг. Монголчуудыгаа төр удирдаж буй хүмүүсээ шүүмжилдэг мөртлөө өөрсдөө монголдоо хайртай эх оронч юм бол эхний ээлжинд саналаа өгөөд хоёрт нь монголдоо ирж ажиллаж амьдраач, мэддэг чаддаг зүйлээ улсынхаа хөгжлийн төлөө зориулаач гэж хүсч байна.

Шинэ Ерөнхийлөгчөөсөө хүсэх зүйл гэвэл монгол улсаа хөгжүүлэх монгол төрийн хөгжлийн тодорхой бодлоготой болмоор байна. Нэг нам ялахаар өөрийн бодлого гарган мөрийн хөтөлбөр дэвшүүлж, өмнөх Засгийн газрынхаа явуулж байсан бодлогыг бүгдийг нь таслан зогсоодог. Урт хугацааны бодлого байгаа ч хэрэгждэггүй.

Дунд хугацааных гэхээрээ ялсан нам нь дөрвөн жилийн хугацаанд мөрийн хөтөлбөрөө дэвшүүлдэг. Тэр нь өмнөхөө үгүйсгээд шинээр эхлээд яваад байдаг. Богино хугацааных нь жил жилд нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл гээд ярьдаг.

Түүндээ тулгуурлаж төсвөө ярих ёстой байтал үндсэн чиглэлээ баталсныхаа дараа төсвөө батлахдаа мөнгө байхгүй гээд нөгөөхөө байхгүй болгочихдог. Ийм байдлаар бодлого нь уялддаггүй. Мөн бүс нутаг Улаанбаатар хотоо хөгжүүлэх асуудлыг хооронд нь уялдаатай авч үзмээр байна.