Мэндчилгээ
Уудам дэлгэр Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн салбарын ажилтан, малчин, тариаланч Та бүхэндээ болон нийт ард түмэндээ Үндэсний их баяр наадам, Их Монгол улс байгуулагдсаны 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмын чин сэтгэлийн мэндчилгээг дэвшүүлье.
Монголчууд бид эх болсон байгаль дэлхий, ан амьтан, уугуул нутаг, ус бэлчээрээ хайрлан хамгаалж, эрдэнэт мал сүргийнхээ ашиг шимийг хүртэн олон мянганыг элээж ирсэн билээ. Эдүгээ бид хүн төрөлхтний хөгжил, жишгийг даган
техник технологийн эрс хөгжлийн эрин зуунд амьдарч байгаа боловч байгаль дэлхийд ээлтэй, ногоон технологийг үйлдвэрлэлийн салбаруудад нэвтрүүлж байгалийн баялгийг хүртсэнээсээ дутуугүйг байгаль дэлхийг сэргээхэд ашиглах «Ногоон хөгжил»-ийг дэмжих ээлтэй төрийн бодлогыг хэрэгжүүлж байгаа билээ.
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Байгаль орчныг хамгаалах, нөөцийг нь зохистой ашиглах, газрын талаарх эрх зүйн харилцааг шинэчлэх, байгаль орчинд ээлтэй, ногоон хөгжлийг дэмжих бодлого боловсруулах, хүнс, хөдөө аж ахуйн талаарх Төрийн бодлогын хүрээнд малчид, тариаланчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих зэрэг олон ажлыг хийж байгаа бөгөөд цаашид ч ихийг бүтээх эрмэлзэл дүүрэн байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Монгол түмний өргөн дэлгэр цэнгүүн, Үндэсний их баяр наадмаа айл хотол, ахан дүүсээрээ тавтай сайхан тэмдэглэн сайхан наадаарай.
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан