Хүй долоон худагт лед дэлгэц байрлуулна
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2013.07.05/ үдээс хойшхи нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр мэдээлэлдээ бүтээн байгуулалтын ажлууд, 8 хувийн хүүтэй ипотекийн зээл болон улсын баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд хийж байгаа ажлаа танилцуулав.
"Гудамж" төслийн хүрээнд Саппорогийн уулзвар, Өргөөгийн уулзваруудыг 4 замын уулзвар болгон шинэчилж, ашиглалтад оруулаад байна
Авто замд Дунд хугацааны бондын 580.0 сая ам.долларын санхүүжилтээс Улаанбаатар, орон нутгийн авто замын салбарт буюу зам барилгын ажил, хяналтын зөвлөх үйлчилгээ, зураг төслийн үйлчилгээний төслүүдэд 229.7 тэрбум төгрөг олгосон байна.
Зургаан аймгийн төвийг хатуу хучилттай авто замаар холбох бусад зам, барилгын ажлын хувьд гүйцэтгэгч компаниуд шалгарсан газар шороо, хөрсний ажлууд хийгдэж байна.
Чойр-Сайншанд чиглэлд нийт 310 км урт, 93.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй зам барилгын ажлаас 176.4 км замын ажил 77.1 хувийн гүйцэтгэлтэй, 133.5 км замын ажил 100 хувийн гүйцэтгэлтэй хийгдэж дуусаад байна.
Арвайхээр-Баянхонгор чиглэлийн нийт 107 км урт, 45.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй замын ажил бүрэн хийгдэж дуусаад 7 дугаар сард ашиглалтад ороход бэлэн болоод байна.
Хүй долоон худгийн барилгын ажлыг энэ сарын 5-ны өдөр дуусгахаар төлөвлөжээ
"Гудамж" төсөлд Нийслэлийн түгжрэл ихтэй уулзваруудыг шинэчлэн засварлах, босоо, хөндлөн чиглэлд хурдны зам барих зорилготой энэхүү төслийн хүрээнд Саппорогийн уулзвар, Өргөөгийн уулзваруудыг 4 замын уулзвар болгон шинэчилж, ашиглалтад оруулсан ба Хүй долоон худгийн барилгын ажлыг 7 дугаар сарын 5-ны өдөр дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Уг төсөлд Хөгжлийн банкнаас 7.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоод байна.
Төмөр замд Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 217 км төмөр замын барилгын ажил 2013-2015 онд, нийт 540.0 сая гаруй ам.долларын өртөгтэйгөөр хийгдэж байна. Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлд баригдах төмөр замын барилгын ажлыг 5 дугаар сарын 15-ны өдөр эхлүүлсэн. 6 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар барилга угсралтын талбайд нийт 500 гаруй хүн, 250 гаруй техник, машин механизм ажиллаж байна. Барилгын ажлын явц 18.8 хувьтай байна.
Дэд бүтцэд нийслэл болон орон нутагт баригдах томоохон орон сууц, хороолол, хотхоны цэвэр болон бохир усны системийг цогцоор нь шийдэх бүтээн байгуулалтын ажлууд уг төслөөр хэрэгжих юм.Энэхүү төсөлд 2013 онд 132.1 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай бөгөөд Чингис бондоор санхүүжүүлэх юм. Хөгжлийн банк нь өнөөдрийн байдлаар төслийн нэгжийн үйл ажиллагааны зардал болон Буянт-Ухаа цогцолборын 5 төслийн 15.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлээд байна.
Жижиг, дунд үйлдвэрийн 32 төсөлд 27.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ.
Эрчим хүчний дэд бүтцэд Дулааны 4-р цахилгаан станцыг 100МВт хүчин чадлаар нэмэгдүүлэх турбин суурилуулна. Ингэснээр 680 МВт цахилгаан, 1225 Гкал дулааны хүчин чадалтай болно. 2014 онд ашиглалтад орно.
Дулааны 3-р цахилгаан станцын 136 МВт цахилгаан, 485 Гкал дулааны хүчин чадлыг 50 МВт, 100 Гкал-аар тус тус нэмэгдүүлэх турбин суурилуулна. 2013 оны 6-р сард ажил эхэлж, 2013 онд багтаан ашиглалтад оруулна.
Дунд хугацааны бондын санхүүжилтээс Ховдын цэвэрлэх байгууламж болон Баянголын амны дулаан хангамжийн 4-р ээлжийн барилгад зориулан нийт 750.0 сая төгрөгийн санхүүжилтийг олгоод байна.
Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан, арилжааны банкуудтай хамтран нийт 32 жижиг, дунд үйлдвэрийн төсөлд 27.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоод байна.
Барилгын материалын үйлдвэрлэлд Улирал харгалзахгүйгээр жилд 250.0 м2 төмөр бетон эдлэл үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг ашиглалтад оруулах ба уг төслийн үр дүнд барилгын материалын өртөг буурах ач холбогдолтой. Одоо тоног төхөөрөмж худалдан авах гэрээг Германы үйлдвэрлэгчтэй байгуулахаар ажиллаж байна. Төсөл хэрэгжсэнээр жилд 5000 айлын орон сууц үйлдвэрлэх боломжтой юм.
“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 1300 айлын түрээсийн орон сууц барих ажлыг эхлүүлжээ
Орон сууцны эрэлтийг дэмжих чиглэлээр Орон сууцны санхүүжилтийн тогтолцоо нь ипотекийн анхдагч болон хоёрдогч зах зээлээс бүрдэх бөгөөд тулгуур хэсэг болох ипотекийн анхдагч зах зээл 2003 оноос банкны салбарт бий болж, банкууд өнгөрсөн хугацаанд өөрийн эх үүсвэрээр 940.0 гаруй тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийг иргэдэд олгосон байна.
Арилжааны банкуудаар дамжуулан олгосон уг зээлийн хүү нийслэлд 7 хувь, орон нутагт 5.5 хувь байна.
2013 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтолцоог хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөтөлбөр хэрэгжсэн эхний 7 хоногийн байдлаар банкууд 7737 иргэний 216.2 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг 8 хувьд шилжүүлжээ. Мөн энэ хугацаанд 300 иргэн 12.7 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийг шинээр авсан байна.
Ипотекийн зээлээр орон сууц худалдан авах боломжгүй иргэдэд зориулсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг боловсруулж байна. 1300 айлын түрээсийн орон сууц барих ажлыг эхлүүлээд байна.
Дэд хөтөлбөрийн хүрээнд барилгын гол нэр төрлийн материалын нийлүүлэлтийн тасралтгүй, тогтвортой байдлыг хангах, нөөц бүрдүүлэх, улирлын нөлөөллийг бууруулах үүднээс 235.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 100 компанид олгоод байна.
Арилжааны банкуудаар дамжуулан олгосон уг зээлийн хүү нийслэлд 7 хувь, орон нутагт 5.5 хувь байна.
Төв цэнгэлдэх хүрээлэнд нэмэлт сандлыг байршуулснаар нэмж 2,500 орчим иргэд үзэх боломжтой
Баяр наадмын комисс энэ жил баяр наадмаар хийгдэх засвар тохижилт, хөрөнгө оруулалт, наадмын үйл ажиллагааны зардлыг тооцон Засгийн газрын хуралдаанаар 1.5 тэрбум төгрөгөөр баталсан.
Төв цэнгэлдэх хүрээлэнд төв асрын ар талыг шинэчлэх ажлыг хийж эхлээд байна. Мөн үзэгчдийн сандал будах, дотоод заслыг хийж гүйцэтгэж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд нэмэлт сандлыг байршуулснаар нэмж 2,500 орчим иргэд үзэх боломжтой болж байна.
Цэнгэлдэх дотор болон гадна талд 4 ширхэг лед дэлгэц байрлуулна.
Сурын харвааны зурхайг өргөтгөх, үзэгчийн суудал тавих, шагайн асрын дээврийн болон дотоод заслуудын ажил хийгдэж байна. Шагайн асрын харваачдын дэвсгэрийн шинэчилж байгаа мөн сур, шагайн байрны орчмын сул шороон хэсгийг бетонон хучилтаар хучиж байна.
Наадамчин олонд баяр наадмыг хүртээмжтэй үзүүлэх зорилгоор 4 ширхэг лед дэлгэцийг цэнгэлдэх дотор болон гадна талд, 3 ширхэг лед дэлгэцийг Хүй долоон худагт байрлуулахаар болсон.
Япон улсын Тоёо корпораци энэ жил агаарын бөмбөлгийг Сүхбаатарын талбайд 1 ширхэг, Төв цэнгэлдэх хүрээлэн 1 ширхэг, Хүй долоон худагт 2 ширхэгийг тус тус хөөргөхөөр бэлтгэл ажилдаа ороод байна. Мөн Хүй долоон худагт соёл урлагийн томоохон арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
Баяр наадмын ёслолын буудлагыг энэ жил өмнөх жилүүдийнхээс байрлалын тоог нэмэгдүүлж, Сүхбаатарын талбай, Сонгинохайрхан дүүргийн Хөтөл, Баянзүрх дүүргийн 084-р анги, Чингэлтэй дүүргийн Долоон буудал зэрэг 4 газраас буудахаар болсон.
Хүй долоон худагт Монгол наадам цогцолбор байгуулах ажлын эхлэл энэ жил хийгдэж байна. 7000 автомашины зогсоол, үйлчилгээний талбай зэрэг ажлууд хийгдэж байна.
Хүй долоон худгийн морь барианы газар хүртэлх засмал замаас Дархан-Улаанбаатар чиглэлийн замыг холбосон 8.5 км зам тавих ажил хийгдэж байна. Баяр наадмыг зохион байгуулах салбар хороодод нийт 500 гаруй хүн ажиллаж байна гэдгийг хэллээ.
Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ж.Батзандан, С.Дэмбэрэл, М.Зоригт, Д.Дэмбэрэл, М.Батчимэг нар асуулт тавьж, хариулт авлаа.