Д.Ганхуяг: Мориноосоо унаж, нүүрээ шалбалчихаад уйлсан даа
УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг
2013.06.28

Д.Ганхуяг: Мориноосоо унаж, нүүрээ шалбалчихаад уйлсан даа

УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуягтай ярилцлаа.

-Үндэсний их наадам хаяанд ирлээ. Өнөө жил та наадмыг хэрхэн тэмдэглэх гэж байна?

-Өнөө жил зуншлага сайхан байна. Ямар ч байсан наадмаар морь үзнэ. Дээр нь наадмын хуушуураа идэж, айргаа уучихна. Xарин долдугаар сарын 12-нд лагерь дээрээ очиж сайхан амарна даа

Ерөнхийлөгчийн сонгууль болж өндөрлөлөө. Өнөөдөр дэлхий даяар монголчуудыг харж байна. Монгол Улсын нэр хүнд ч өндөр байгаа. Ер нь сонгуулиа сайн явуулна гэдэг том нэр хүнд шүү дээ.

-Ингэхэд та наадамд хэр ач холбогдол өгдөг вэ?

-Наадам бол манайхны үндэсний бахархал байгаа юм. Энэ баяраар бүх монголчууд гэрэл гэгээтэй болдог юм шиг ээ.

-Наадам бол манайхны үндэсний бахархал байгаа юм. Энэ баяраар бүх монголчууд гэрэл гэгээтэй болдог юм шиг ээ. Улирал нь ч сайхан, зуны дунд сар учраас хүмүүс үнэхээр эерэг энерги авдаг байх. Тэгээд ч тухайн жилийн наадмаар сайхан наадаж чадвал, тэр жилдээ азтай, хийморьтой байдаг гэж хөгшчүүл ярьдаг юм.

-Таныг багадаа хурдан морь унадаг байсан гэж сонссон юм байна. Тэр үеийн сайхан дурсамжаа сөхөхгүй юу?

-Тиймээ. Би чинь багадаа хурдан морийг их сайн унадаг хүүхэд байлаа. Түрүүлж ч, баян ходоод ч болж явлаа. Унасан хурдан морь түрүүлж, айрагдах нь үнэхээр нулимс унагадаг эд дээ.

Манайх Архангай аймгийн Цахир сум Тэрхийн цагаан нуурын дээд талд зуншдаг байсан. Гуравдугаар ангид байхдаа би мундаг хурдтай соёолон үрээгээ унаад, ойр хавийн сумдаа түрүүллээ. Ингээд сумынхаа ойд өнөө соёолонгоо унаж яваад унасан. Тэгэхэд бороо орж, газар их хальтиргаатай байсан юм. Мориноосоо унаж нүүрээ шалбалчихаад ихэд уйлсан даа.

-Үндэсний бөх сонирхоно биз?

-Тэгэлгүй яах вэ.. Би хүүхэд байхдаа барилддаг байлаа. Ямар ч байсан үеийнхэн дундаа, сумандаа аваргалдаг хүүхэд байсан шүү.

-Энэ жилийн наадмын түрүү бөх таныхаар хэн байх бол?

-Хараад байхад луу жилтэй бөхчүүд их сайн барилддаг юм шиг надад . санагддаг. Тухайлбал, Б.Бат-Эрдэнэ аваргын үеийнхэн байна. Өнөө жилийн наадмын түрүү бөх нь луу жилтнүүд байна гэж л харж байгаа.

-Сур, шагайн харваад хэр сонирхолтой вэ?

-Үнэнийг хэлэхэд, би сур, шагайг тэр бүр сонирхож үзээд байдаггүй. Энэ тал дээр энгийн сонирхогч гэхэд болно.