2013.07.04

Маршал гэх үгийг Монгол хэлнээ Тахар гэж буулган нэрлэх санал гаргав

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Маршалын албаны тухай хуулийн төслийн /Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, шүүгдэгч, ялтныг хуяглан хүргэх, оргон зайлсан шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлах чиг үүрэг бүхий бүтэц зохион байгуулалтыг Маршалын албаны хуулиар зохицуулна/ анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Энэхүү хуулийн төслийг дөрөвдүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн ба 25-нд Хууль зүйн байнгын хороонд шилжүүлж, тавдугаар сарын 9-нд Ажлын хэсэг, дэд ажлын хэсэг байгуулсан байна. Ажлын дэд хэсгийнхэн дөрвөн удаа хуралдаад, ирүүлсэн саналуудыг тусгаж, 30 зарчмын зөрүүтэй саналыг боловсруулсан байна. Ингээд хуралдаанаар 30 санал тус бүрээр санал хураалт явуулсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн байна.

Хэрхэн нэршил өгөх нь маргаантай, энэ маргааныг байнгын хорооны хуралдаанаар санал хурааж шийдье

Энэ үеэр тус хуулийн нэрний асуудлаар эсрэг байр суурьтай гишүүд гарсан бөгөөд зарим нь Маршал гэх үгийг Монгол хэлнээ Тахар гэж буулган нэрлэх санал гаргав. Тухайлбал, Д.Лүндээжанцан гишүүн “Бадарч тахар гэж нэг роман дээр муугаар гарч энэ үгний талаар муу ойлголттой болсноос биш Маршал гэх үгний оноосон нэр нь тахар. Манж үг гэж эргэлзээд байгаа бол хууль, зарлиг гэх үгнүүд ч манж гаралтай шүү” гэв. Харин З.Энхболд “Гадаад үгнээс болгоомжлох хэрэг байхгүй. Жишээ нь Ипотек гэх үгийг хуулинд байх ёсгүй гэж хоёр жил ярьсан. Гэтэл энэ үгийг монголоор нэрлэе гэвэл бараг өгүүлбэр болно. Одоо энэ үгийг бүгд л хэрэглэж нэршээд болж л байна” гэв.

Мөн хуралд оролцсон Д.Ганбат гишүүн “Оноож буулгах монгол үг нь байгаа бол хэрэглэх нь зөв. Оноож буулгахад хүндрэлтэй бол гадаад үгийг ашиглах нь зөв” гэх санал хэлэв.

Харин хуралдаан даргалагч С.Баярцогт гишүүн “Хэрхэн нэршил өгөх нь маргаантай, энэ маргааныг байнгын хорооны хуралдаанаар санал хурааж шийдье гэхээр ганц хоёр хүний саналаар л шийдэгдэх гээд байгаа тул  төсөл дээрээ “Маршал /Тахар/” гэж явья. Энэ тухай дахин хэлэлцээд шийдье” гэсэн ба энэхүү саналыг олонхи дэмжсэн юм.