УИХ-ын гишүүд Холбооны мөрдөх товчооныхонтой уулзав
АНУ-ын Холбооны мөрдөх товчоо
2013.02.20

УИХ-ын гишүүд Холбооны мөрдөх товчооныхонтой уулзав

УИХ-ын чуулган завсарласан энэ өдрүүдэд УИХ-ын дэд дарга С.Баярцогт, Л.Цог, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ш.Түвдэндорж нар АНУ-д томилолтоор ажиллаж байна. Айлчлалынхаа хүрээнд тэд АНУ-ын зарим мужууд, Вашингтон, Нью-Йорк хотуудад ажиллаж, АНУ-ын Мөрдөх алба, Холбооны мөрдөх товчооны үйл ажиллагаатай танилцаж, Шинэчлэлийн Засгийн газраас хууль зүйн салбарт хийж байгаа шинэчлэл, энэ хүрээнд УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэж байгаа Мөрдөх алба болон Маршалын албаны тухай хуулийн төслийн талаар санал солилцох тухай бид өмнө мэдээлсэн. Тэд өчигдөр АНУ-ын Холбооны мөрдөх товчоонд ажиллаж, Маршалын албаны үйл ажиллагаатай танилцсан байна. Энэ тухай Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өөрийн твиттер хуудсандаа “Холбооны мөрдөх товчоон дээр хийсэн уулзалт үр дүнтэй боллоо, олон ажлын эхлэлийг тавилаа”, “Маршалын үйлчилгээг танилцуулах уулзалт сонирхолтой байлаа” хэмээн бичсэн байна. Хууль зүйн сайд энэ удаагийн айлчлалынхаа хүрээнд АНУ-тай гэмт хэрэгтэй тэмцэхэд хамтран ажиллах тухай яриа хэлцэл хийжээ.

Түүнчлэн энэхүү айлчлалын үеэр УИХ, Засгийн газрын гишүүд Вашингтон дахь монголчуудтайгаа уулзалт хийсэн байна. Өнгөрөгч долоо хоногт эхэлсэн энэ айлчлал 14 хоног үргэлжлэх бөгөөд УИХ-ын дэд дарга С.Баярцогт, Л.Цог нар АНУ-ын Конгрессийн танхимын Монголын бүлгийнхэнтэй уулзах юм байна.