Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл
2013.07.01

“Буянт-Ухаа” хорооллын эхний хэсэг 12 сард ашиглалтад орно

Орон сууцны санхүүжилтийн корпорацийн захиалгаар Хан-Уул дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт  2000 айлын орон сууц бүхий “Буянт-Ухаа” хороолол баригдаж байгаа билээ. Өнгөрсөн бямба гарагт  нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл энэхүү орон сууцны барилгын ажлын явцтай танилцсан юм.

Нийслэлийн томоохон бүтээн байгуулалтын нэг хэсэг болох “Буянт- Ухаа” хороолол нь  ОССК-ийн 4,63 га талбайд 2000 айлын орон сууц,  цэцэрлэг, үйлчилгээний төв, зам, инженерийн дэд бүтцийн хамт баригдаж  байгаа юм.

 “Буянт-Ухаа” хороолол нь үндэсний томоохон барилгын 5 компанийн нэгдэл болох ”Үндэсний бүтээн байгуулалтын корпораци”-н монгол инженерүүд, монгол барилгачдийн хөдөлмөрөөр сүндэрлэж байгаагаараа онцлог юм.

“Буянт-Ухаа” хороололын бүтээн байгуулалтын үйл явцтай танилцав

Одоогоор ажлын явц 60 гаруй хувьтай байгаа бөгөөд эхний ээлжийн 500 айлын орон сууцыг энэ оны 12 сард ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм байна.

2014 онд Буянт-Ухаа хорооллыг бүрэн дуусгахаар төлөвлөж байгаагаа хотын даргад “Үндэсний бүтээн байгуулалтын корпораци”-н удирдлагууд хэллээ.  

 Мөн энэхүү хороолол нь бүхэлдээ болон блок дундаа үлгэр жишээ тохижилттой байхаас гадна хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, машины зогсоол, газар доор нэгдсэн гаражтай иж бүрэн тохижилттой байхаар төлөвлөж байгаа юм байна.

Нийслэлийн Засаг дарга,“Бид үндэсний компаниудаа дэмжин ажиллах болно. Та бүхнийг энэхүү ажлаа дууссаны дараа “Ахмадын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд баригдах орон сууцны барилгуудыг нийслэлээс захиалж бариулна. Тиймээс та бүхэн ажлаа хугацаанд нь чанартай хийж гүйцтгэвэл дараа дараагийн ажил чинь бэлэн байгаа шүү” гэлээ.  

Буянт-Ухаа хороололд баригдаж байгаа барилгууд нь бүрэн цутгамал хийцтэй, нил төмөр бетон суурьтай, газар хөдлөлтөд тэсвэртэй юм байна.