Дархан-Уул аймагт аж үйлдвэр, Шинжлэх ухаан технологийн парк байгуулан хөгжүүлнэ
2013.06.17

Бүх салбарт хамаарах хосолмол паркийг Дарханд байгуулна

Дархан-Уул аймгийг “Ухаалаг хот” болгон хөгжүүлэх, тус аймагт Үйлдвэр технологийн парк байгуулах техник, эдийн засгийн тооцоо, судалгааг хийн, хөгжүүлэх зорилтыг Засгийн газраас тавьсан.

Тус аймаг нь байршил, дэд бүтэц, хүний нөөцийн харьцангуй давуу байдалтай аж үйлдвэр, технологийн төв болгон хөгжүүлэх боломжтой бүс нутаг юм. Гэвч Үйлдвэр технологийн болон Шинжлэх ухааны парк байгуулах нэгдсэн үзэл баримтлал бүрэн төлөвшөөгүй, оролцогч талуудын мэдлэг сул, туршлага бага зэрэг хүндрэл тулгарч байгаа.

Тиймээс бусад улс орны туршлага загвараас үр дүнтэй суралцах, олон улсын нэр хүнд бүхий шинжээчдийн санал зөвлөгөөг авах, Дархан-Уул аймагт аж үйлдвэр, Шинжлэх ухаан технологийн парк байгуулан хөгжүүлэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар санал бодлоо хуваалцах зорилгоор олон улсын зөвлөгөөнийг зохион байгууллаа.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар

Уг олон улсын сургалт зөвлөгөөнийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар санаачилан Дархан-Уул аймгийн ЗДТГ, Дэлхийн технополисийн холбоо, ШУТИС зэрэг байгууллагууд хамтран зохион байгууллаа.

Уг үндэсний зөвлөлгөөнд төр, засгийн өндөр албан тушаалтан, гадаад дотоодын эрдэмтэн судлаачид оролцож  аймгийн засаг дарга С.Насанбат, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга нар нээж үг хэллээ.

Дархан хот импортоос хамааралгүй болох боломжтой

УИХ-ын гишүүн, ҮХАА-н сайд Х.Баттулга хэлэхдээ "Энэ удаагийн сургалт, зөвлөлгөөнд хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчид, гадаад орнуудын туршлагатай багш нар, эрхэм үйлдвэрлэгчдэд талархал илэрхийлээд Монгол Улсад үйлдвэр, технологийн паркийн чиглэлээр олон улсын туршлагатай багш нарыг урьж сургалт зохион байгуулж, паркийг хөгжүүлэхэд талуудын оролцоо, үүрэг, ойлголтыг  тодорхойлох нь тулгамдсан асуудлын нэг.

Манай улсад нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрийг хөгжүүлэхийн тулд түүхий эдээ биржээр авч, үйлдвэрлэлээ паркийн хэлбэрээр хөгжүүлж, шинжлэх ухаан үйлдвэрлэл хамтарч байж өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоод, гадаадын зах зээлдээ гарна.

Засгийн газраас уул уурхайн салбараа дагасан аж үйлдвэрийн томоохон бүтээн байгуулалтын ажлыг Сайншандын цогцолбороор эхлүүлсэн. Цаашид бүх салбарт хамаарах хосолмол паркийг Дархан, Эрдэнэт хот, Багануур дүүрэгт, хөнгөн болон барилгын материалын дагнасан паркуудыг Улаанбаатар, Налайх, Багахангай дүүрэг болон зарим аймаг сумдад ЖДҮ-ийн тенант хэлбэрийн паркуудыг сумдад байгуулахаар төлөвлөж байна.

Салбар бүрийг хөгжүүлэх бодлогыг тус тусад нь их авч үзлээ, Одоо цогцоор нь хөгжүүлэх бодлогыг тодорхойлох хэрэгтэй байгаа. Паркийн хуульд тусгагдсанаар паркийн бүсийн аж ахуйн нэгжүүд газрын татвар болон үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөж үндсэн хөрөнгийн элэгдэлийг хөнгөлөлттэй нөхцлөөр тооцуулах боломжууд байгааг аль болох хугацаа алдалгүй ашиглах шаардлагатай.

Дархан Үйлдвэрлэл, технологийн паркийн бүс байрлалаа тогтоон тусгай зөвшөөрлөө авсан байдаг хирнээ энэ бүсдээ үйл ажиллагаа явуулах гээд байгаа аж ахуйн нэгжүүд нь хөгжлийн төлөвлөгөөгөө гаргаж өгөөгүйгээс дээрх хөнгөлөлтийг авч чадахгүй байгааг анхаарах хэрэгтэй.

Паркийн бүсэд импортыг орлох, экспортод гарах боломжтой өндөр чанарын өрсөлдөх чадвар сайтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлагатай байна гэлээ.

Мөн төрөөс паркад үзүүлэх дэмжлэг нь цэвэрлэх байгууламж бүхий дэд бүтцийг барьж сайжруулах, шинжлэх ухаан үйлдвэрлэлийн уялдааг хангасан туршилтын үйлдвэр байгуулж олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн лабораторийг бий болгох ажлуудыг хөрөнгө оруулалтаар дэмжиж аж ахуйн нэгжийн эргэлтийн болон хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг тодорхойлж өгнө.

УИХ-ын гишүүн, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга

Өнөөдөр үйлдвэрлэл хөгжүүлж байна гээд л бие биенээ дуурайгаад хэн ч худалдан авахааргүй барааг ихээр үйлдвэрлэж өөрсдийнхөө чадамжийг сулруулж байна. Миний бодлоор Дархан хот импортоос хамааралгүй болох зорилт дэвшүүлээд дутуу байгаа нэр төрлийн бүтээгдэхүүнээ паркийн бүсдээ үйлдвэрлэх боломжийг л бий болгох хэрэгтэй.

Улаанбаатар хотоос ч авахгүй орон нутгийн хэрэгцээг паркийн бүсийн үйлдвэрлэлээр хангаж цаашлаад экспортлох зорилтыг үе шаттай хэрэгжүүлэх хөгжлийн төлөвлөгөөгөө хийх хэрэгтэй. Дарханд төмөр, мод, ноос, арьс шир, мах сүү гээд бүх түүхий эд нь байна. Үйлдвэрийн бааз нь байна.

Одоо бодитоор энэ паркийг хөгжүүлэх ажил руугаа орохгүй бол цаасан дээр дандаа лоозонгууд яваад байна гэв. Тэрчлэн Хуульд төрийн, орон нутгийн, паркийн удирдлага нэгжийн үүргийг тодорхой зааж өгсөн тул бүгд өөр өөрийн үүргээ бодитойгоор биелүүлье.

Өнөөдөр та бүхэн Дэлхийн улс орнуудад парк байгуулсан туршлагатай мэргэжилтэнүүдээр хоёр өдрийн хичээл заалгаж байгаа нь харин зөв эхлэл. Паркийн удирдлага, нэгжүүд хөгжлийн төлөвлөгөөгөө хийгээд ир, яг ямар нэр төрлийн бүтээгдэхүүнийг, ямар хугацаанд, хэдий хэмжээтэй үйлдвэрлэх боломж байгаагаа тодорхой тусгаад ир.

Паркийн болон үйлдвэрийн асуудал манай эрхлэх асуудалд хамаардаг, паркийн хуульд тусгагдсанаараа ч хамаардаг тул миний хувьд та бүгдийн хөгжлийн төлөвлөгөөтэй танилцаж баталгаажуулж өгөөд татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд оруулахад бэлэн байна. Мөн эргэлтийн хөрөнгийн хэрэгцээгээ ч хамт тодорхойлоод ирүүлээрэй” гэлээ.

Зөвлөгөөнд оролцогсод Залуучууд театрт нээгдсэн Хөдөлмөр зуучлалын өдөрлөг, Дархан Бренд үзэсгэлэн худалдааны байраар орж танилцлаа. Зөвлөлгөөнд гадаад дотоодын эрдэмтэн судлаачид, шийдвэр гаргах төвшний албан тушаалтнууд, Үйлдвэр технологийн паркд оролцох томоохон аж ахуйн нэгж байгууллагын удирдлагууд нийт 100 гаруй хүн оролцлоо.