“Ахмадын орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлнэ
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаан 2013 оны 4 дүгээр сарын 5
2013.06.09

“Ахмадын орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлнэ

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаан 2013 оны 4 дүгээр сарын 5-нд болж, хуралдаанаар Ахмадын орон сууц-4000 хөтөлбөр, Их тойруугийн гудамжны тохижилтын тухай, Улаанбаатар хотын авто замын сүлжээг сайжруулж, түгжрэлийг бууруулах төслийн тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.

"Ахмадын орон сууц-4000" хөтөлбөрийн тухай Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун Удирдлагын зөвлөлийн гишүүдэд танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ахмад настны болон нийгмийн эмзэг бүлгийн иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эхчүүдэд амьдрах орчноо сайжруулах, байгаль орчноо нөхөн сэргээх, ногоон ажлын байр бий болгох, хамтарч ажиллах боломжийг бүрдүүлнэ гэж тусгасны дагуу “Ахмадын орон сууц-4000” хөтөлбөрийг боловсруулсан гэдгийг тэрээр тодотгон хэлсэн юм. Нийслэлийн хэмжээнд албан ёсоор нийслэлийн удирдлагад орон сууцны өргөдөл гаргасан 10 000 гаруй иргэн байснаас 1700 гаруй ахмад дайчин, өндөр настнуудын орон сууцыг шийдвэрлэжээ.

Одоогоор орон сууцны өргөдөл хүссэн 8000 гаруй иргэн байгаа бөгөөд эдгээр асуудлыг шуурхай шийдвэрлэх нэг гарц нь “Ахмадын орон сууц хөтөлбөр” гэж үзэж байна гэдгийг мөн онцолсон юм.

Одоогоор орон сууцны өргөдөл хүссэн 8000 гаруй иргэн байгаа бөгөөд эдгээр асуудлыг шуурхай шийдвэрлэх нэг гарц нь “Ахмадын орон сууц хөтөлбөр” гэж үзэж байна гэдгийг мөн онцолсон юм. “Ахмадын орон сууц 4000” хөтөлбөрийн хүрээнд баригдах орон сууцанд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан орон гэргүй болсон иргэд зөвхөн ашиглалтын зардлаа төлөн түрээсийн гэрээгээр амьдрах боломжтой байх юм байна. Гэхдээ тухайн иргэний амьдрах орон сууцыг түүний өмчлөлд шилжүүлэхгүй, нийслэлийн өмчлөлд байлгах юм. Тодруулбал, нийслэлийн өмчийн нийтийн орон сууцанд оршин суух иргэн түрээсийн гэрээний үндсэн дээр тодорхой хугацаанд ашиглалтын зардлаа төлөн амьдрах юм байна.

“Ахмадын орон сууц-4000” хөтөлбөрийн санхүүжилтийг нийслэл болон орон нутгийн төсөв, нийслэлийн төсөвт төвлөрүүлэх газар, үл хөдлөх хөрөнгийн төлбөр, хандив тусламж, бусад эх үүсвэрээс бүрдүүлж, 2016 онд ашиглалтад оруулах боломжтой гэж үзсэн байна. Удирдлагын зөвлөлийн гишүүд энэ асуудлыг хэлэлцээд хамгийн гол нь оршин суугчидтай хийх гэрээг маш ойлгомжтой, хатуу хийх ёстой.

Ямар нэг байдлаар бусдад худалдсан, бэлэглэсэн зөрчил гаргавал хэрхэн нөхөн төлүүлэх тухай гэрээндээ тусгах ёстой гэдгийг хэлж байлаа.

Нийслэлийн Засаг дарга, ахмадын орон сууц хөтөлбөр бол Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа анхны томоохон зорилтот хөтөлбөр юм. Гэхдээ үүнийг ахмадуудын асрамжийн газар гэж ойлгож болохгүй. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, цаашилбал моргежийн зээл авах нөхцөл нь бүрдээгүй байгаа залуу гэр бүлүүдэд үзүүлэх томоохон дэмжлэг юм. Тиймээс энэ асуудлыг дэмжин, НИТХ-ын нэгдсэн хуралдаанд өргөн барьж хэлэлцүүлэн, шийдвэрлүүлэх ёстой гэлээ. Удирдлагын зөвлөлийн гишүүд энэхүү асуудлыг хэлэлцээд НИТХ-ын нэгдсэн хуралдаанд өргөн барихаар боллоо.