УИХ-ын гишүүн, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга
2013.06.24

Канад технологи, Шинэ сумын төв Хонгор нутагт сүндэрлэж байна

Ердөө ганцхан сарын хугацаанд 20 ортой, хоёр давхар эмнэлгийн барилгыг угсарчээ

Одоогоос хэдэн жилийн өмнө хөдөөг хөгжүүлэх “Шинэ сум” төслийн талаар ярьж байхад иргэд  итгэх нь бүү хэл тоглоом болгоод өнгөрүүлж байв. Сумдыг хөгжүүлэх их бүтээн байгуулалтын энэ ажлыг тухайн үедээ иргэд сонгуулийн шоу хэмээн хүлээн авч  байсан нь саяхан.

Харин энэ төсөл  сонгуулийн шоу, худал амлалт байгаагүй гэдгийг Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан сумдад өрнөж буй бүтээн байгуулалтын ажил бэлхнээ гэрчилнэ.

Сумдыг хөгжүүлэх их бүтээн байгуулалтын ажил өрнөж байна

Өнгөрсөн тавдугаар сарын 20-нд шаваа тавьсан  бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцахаар бидний хэдэн сэтгүүлч, ҮХАА-н сайд Х.Баттулга, УИХ-ын гишүүн Д.Ганбат, Барилга хот байгуулалтын дэд сайд Г.Байгальмаа нарын албаны хүмүүс мөн Өмнөговь, Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгор аймгийн зарим сумын иргэд Бууцагаан, Баянлиг сумыг зорилоо.

Баянлиг суманд ердөө сарын өмнө эхэлсэн гэхэд барилгын ажил тун хурдтай явагдаж байгаа ажээ. Биднийг очиход 20 ортой хоёр давхар эмнэлгийн барилга угсралтын явц 80 хувьтай байв. Харин тамгын газар, 650 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн барилгын суурийг цутгаж дууссан байна.

Тус сумдад 20 ортой, хоёр давхар эмнэлэг, 650 хүүхдийн багтаамжтай бүрэн дунд сургууль, 180 хүүхдийн цэцэрлэг, 150 хүүхдийн дотуур байр, захиргаа, спорт заалны барилгын ажил ид өрнөж байна.

Тус сумын хувьд тэртээх социализмын үед баригдсан эмнэлэг, сургуул, цэцэрлэгийн барилгын ашиглалтын хугацаа хэдийнэ дууссан бөгөөд шинэ сумтай болох гэж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа удирдлагууд төдийгүй иргэд хэлж байсан юм.

Шинэчлэлийн Засгийн газрын хөгжлийг хөдөөнөөс эхлэх бодлого, “Шинэ сум” төсөл Баянлиг, Бууцагаан сумдад хэрэгжиж эхэлснээр ийнхүү нөр их бүтээн байгуулалтын ажил эхэлсэн юм. Ердөө сарын дотор барьж  буй ч “Барилгын ажлын хамгийн чухал хэсэг суурь цутгах ажил 90 гаруй хувьтай байна” гэж барилгын ажлыг гүйцэтгэгч “Их модун” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цогтсэргэлэн хэллээ.

Харин хоёр давхар эмнэлгийн барилгын ажил бараг дуусч байна. Одоо засал чимэглэл, сантехникийн ажлуудыг хийх дутуу болжээ гэхээр харагдана. Баянлиг, Бууцагаан сумдын энэхүү шинэ барилгууд Канад улсын технологийг Монгол орны орчин нөхцөлд тохируулан барьж буйгаараа онцлогтой.

Баянлиг суманд ердөө сарын өмнө эхэлсэн гэхэд барилгын ажил тун хурдтай явагдаж байна.

Канад технологийн модон барилгын материалууд чанартайгаас гадна хүний эрүүл мэндэд хамгийн их тохирсон байдгаараа онцлогтой гэнэ. Байгаль орчин болон хүний эрүүл мэндэд ээлтэй энэхүү технологийг нэвтрүүлсэн 12 дахь улсаар Монгол тодорсон байна.

Канад технологийн модон барилгад 70 жилийн чанарын баталгаа өгөх ажээ. Тиймээс ч шинэ суманд баригдах барилга, байгууламжийн чанарын асуудалд толгой өвтгөх шаардлагагүй гэдгийг энэ үеэр Канад улсын мэргэжилтэн онцолж байв.

Эмнэлэг, сургууль, тамгын газар, спорт цогцолбор ашиглалтад орсноор байнгын ажлын байр бий болох юм. Хотод их, дээд сургууль төгссөн залуусын хувьд орон нутагтаа очиж, ажиллах гэхээр ажлын байргүйн бэрхшээл тулгардаг. Харин “Шинэ сум” төсөл хэрэгжсэнээр энэ бэрхшээл үгүй болох юм.

Их, дээд сургуулиа амжилттай төгссөн Баянлиг, Бууцагаан сумын залуусын хувьд өнөөдөр орон нутагтаа очоод ажиллаж, амьдрахад ямар нэгэн саад бэрхшээлгүй болжээ. Сумын иргэдийн хувьд ч халуун, хүйтэн устай тохилог орон сууцтай болох боломж бүрдэж, ирээдүй хойч үе нь эрдмийн саруул танхимд суралцаж, өвчин эмгэгт нэрвэгдсэн үедээ заавал аймгийн төв, Улаанбаатарыг зорих шаардлагагүй болж байгаа нь сайшаалтай.

Тус сумын хувьд эмнэлгийн асуудал тулгамдаад байсан гэнэ. Харин "Шинэ сум” төслийн хүрээнд баригдаж буй тус эмнэлэг ашиглалтад орсноор үзлэг, оношлогоо, мэс заслын тасаг гээд иж бүрэн цогц үйлчилгээг нутгийн иргэдэд үзүүлэх юм байна.

 Үйлдвэр хөдөө, аж ахуйн сайд Х.Баттулга: Орон нутагтаа эзэн нь болж, амьдрах боломжийг бүрдүүлнэ

Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга

-Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсаны дараа олон бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Энэхүү ажлын нэг нь хөдөө орон нутгийг хөгжүүлэх “Шинэ сум” төсөл юм. 2013 оны төсөвт манай Баянхонгор аймгийн хоёр сум энэхүү “Шинэ сум” төсөлд хамрагдсан. Ингээд тавдугаар сарын 3-нд тендерийн шалгаруулалт явагдаж, тавдугаар сарын 20-ноос эхлэн барилгын ажил эхэлсэн байгаа.

Барилгын ажил эхэлснээс хойш сарын хугацаа өнгөрөөд байна. “Шинэ сум” төсөл бол сумыг цогцоор нь өөрчилж байгаа. Баянлиг сум бол Улаанбаатар хотоос нилээд зайтай, говийн алслагдсан сумдын нэг. Шинээр ашиглалтад орох Баянлиг сум бусад сумдад тохиолдох асуудлуудаа бас шийдэх боломжтойгоороо онцлогтой юм.

Сумын барилгыг барьж буй канад технологийн үйлдвэр манай улсад байдаггүй юм. Тиймээс бид хятад руу захиалга өгч, маш холоос материалаа тээвэрлэж ирж байна. Тиймээс цаашид орон нутагт ийм төрлийн барилгын материалын үйлдвэрүүдийг баруун, төв, зүүн бүсүүдэд байгуулах нь зүйтэй.

Ингэснээр бид өртөг маш ихээр хэмнэнэ. Одоо бол тээврийн зардал, гаалийн татварт маш их зардал гаргаж байна. Энэхүү “Шинэ сум” төслөөрөө хот хөдөөгийн амьдралыг ойртуулах зорилготой юм. Өнөөдрийн байдлаар манай улсын сумд 80, 90, бүр 100 жилийн ойгоо тэмдэглэж байна.

Гэтэл дотроо бие засах газар ч алга байна. Залуу хүмүүс чинь ямагт сайхан амьдрал руу тэмүүлж байдаг шүү дээ. Хэрвээ орчныг  нь хөгжүүлээд эхлэх юм бол их, дээд сургуулиа төгссөн залуу боловсон хүчин орон нутагтаа ажиллах боломж бүрдэнэ. Ингэснээр орон нутагт тулгамдаж буй боловсон хүчин, Улаанбаатарт төвлөрсөн хүн амын нягтаршлын асуудал шийдэгдэх боломж, давуу талууд бий.

Бүтээн байгуулалтын ажил яагаад Баянлиг, Бууцагаанаас эхлэх болов

Монгол орны нийт нутгийг хамрах энэхүү төсөл чухам яагаад Баянхонгор аймгийн Бууцагаан, Баянлиг сумаас эхлэх болов гэсэн асуулт олны анхаарлыг татаж буй. Энэ төсөл тийм ч дардан замыг туулсангүй. Олон хүний эсэргүүцэлтэй тулж байж хэрэгжиж буй энэхүү төсөл Баянлиг, Бууцагаан сумдаас эхлэх болсон нь ч учиртай.

Бууцагаан сумын хувьд баруун бүсийн зангилаа нутаг. Тиймээс ч Ховд, Говь-Алтай зэрэг аймгийг зорих иргэд өнөөх яриад байсан төсөл чинь бодит байдал дээр ингэж хэрэгжлээ гэдгийг өөрийн нүдээр харах боломжтой юм.

Өөрөөр хэлбэл, цаасан дээрх төсөл хөрсөнд хэрхэн буусныг харах боломжтой. Харин Баянлиг сумын хувьд говийн хамгийн алслагдсан сум, хүн ам ч олонтой, цаашдаа говийн бүсийн төв болон хөгжих боломжтой. Мөн тэд өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр АН-д хамгийн их сонгогч итгэл үзүүлсэн гэдэг.

Тиймээс ч ардчилалд итгэсэн хүмүүс ямар үр шим хүртдэгийг харуулахыг зорьжээ. Ардчилалыг сонгосон Баянлиг сумынхан өнөөдөр алдсангүй. Тэд итгэсэн, итгэснийх нь хариуд орон нутагт нь их бүтээн байгуулалт өрнөж, хөгжлийн гараа эхэлжээ.

Р.Гэрэлбат: Баянлиг сумын иргэд түүхэн үйл явдлын гэрч боллоо

/Баянхонгор аймгийн Баянлиг сумын малзүйч/

-Манай сумын хувьд Улаанбаатараас 800 км-ийн зайд оршдог, алслагдмал бүс нутаг. Тиймээс ч сумын эмнэлэг, цэцэрлэгийн барилга хэдийнэ ашиглалтын хугацаа нь дуусаад байсан юм. Харин “Шинэ сум” төсөл хэрэгжиж байгаад үнэхээр баяртай байгаа. Үнэнийг хэлэхэд хөдөөгийн хүүхдүүд крантаа онгойлгоод халуун усаа гоожуулж мэдэхгүй тийм орчинд өсч, торниж байгаа.

Тэгвэл энэхүү төсөл хэрэгжсэнээр ирээдүй хойч үе маань орчин үеийн тохилог сайхан орчинд сурч, боловсорч, өсч, хүмүүжих нь. Миний хувьд энэ бүтээн байгуулалтын ажил манай сумаас эхэлж байгаад их бэлэгшээж байгаа. Аливаа ажлын анхдагч байна гэдэг маш сайхан хэрэг. Баянлиг сумын 3500 гаруй иргэн түүхэн үйл явдлын гэрч боллоо.

Ц.Баяр-Өлзий: Хүүхдүүд маань ийм сайхан сургуульд суралцах юм байна

/Баянхонгор аймгийн Жинст сумын иргэн/

-Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр “Шинэ сум” төслийн талаар сонсчихоод сонгуулийн шоу биз дээ гэж бодоод л өнгөрч байсан. Сумдыг хөгжүүтлээ удах биз гэж бодож байснаа одоо санаад ичих шиг болж байна. Учир нь говийн сумдад бүтээн байгуулалтын ажил өрнөтлөө хол биз гэж бодож байсан юм.

Гэтэл энэ бүхэн худал, хуурмаг зүйл байгаагүй ээ гэдгийг өөрийн нүдээр харлаа. Маш сайхан бүтээн байгуулалт өрнөж байгаа юм байна. Миний хувьд хүүхдүүд маань ийм сайхан сургууль, цэцэрлэгт суралцаж, хүмүүжинэ гэж бодохоор их сайхан санагдлаа. Дотуур байр ч баригдах юм байна.

Ямартай ч жирийн малчин хүний хувьд хүүхдүүдийнхээ сургуулийн асуудалд санаа зовохгүй болох юм байна гэж бодлоо. Манай сум ч гэсэн удахгүй ийм сайхан болох байх. Үүнээс гадна говийн иргэдийн хувьд сумын төв нь цэцэг, навч алагласан ногоон байгууламжтай болчихвол үнэхээр сайхан. Говь нутагт ч гэсэн мод, бут ургадаг юм гэдгийг харуулах ёстой.

С.Мягмарсүрэн: Манай сум ч гэсэн тун удахгүй шинэчлэгдэнэ гэдэгт итгэлтэй байна

/Өвөрхангай аймгийн Богд сумын Засаг дарга/

- Манай сумын хувьд Баянхонгор аймагтай хиллэдэг говийн бүс нутаг. Алслагдсан хөдөөд ийм сайхан бүтээн байгуулалт өрнөж байгааг өөрийн биеэр ирж харлаа. Үнэхээр сэтгэл хангалуун байна.

Монгол орны өмнө тулгамдаад байгаа цөлжилт, ажилгүйдэл, хөдөө орон нутгийн иргэдийн амьжиргааны төвшин зэрэг олон асуудлыг энэ төсөл хэрэгжсэнээр шийдвэрлэнэ. Манай сум хурдан ийм сайхан болоосой гэж бодож байна. Хөдөөгийн иргэдийн хувьд “Шинэ сум” төслийн талаар сонсчихоод итгэхгүй байсан юм. Тэгвэл өнөөдөр хараад итгэж байгаа байх.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Баянхонгор аймагт маань хөгжил дэвшил, бүтээн байгуулалт ид өрнөж байна

Бууцагаан суманд өрнөж байгаа бүтээн байгуулалтын ажилтай танилцахаан Говь-Алтай аймгийн сум тус бүрээс 20-30 хүн хүрэлцэн иржээ.

Шинэ сумын төвийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцах үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат: “Канад барилгын технологи хүний эрүүл мэндэд тустай, манайд хамгийн сайн зохицох, барьж байгуулахад хугацаа бага ордог, ашиглалт эдэлгээ сайтай учраас аймгийнхаа сумдыг ингэж шинэчилж байгаад баяртай байна.

Баянхонгор аймагт маань хөгжил дэвшил, бүтээн байгуулалт ид өрнөж байна. Маш богино хугацаанд орчин үеийн шаардлага хангасан сумын төв байгуулж, малчин түмний маань төрийн үйлчилгээ авах боломж нээгдэж, хүүхдүүд нь стандартын шаардлага хангасан сургууль, цэцэрлэгт суралцана.

Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан: Канад хауст амьдрах иргэд захиалгаа өгч эхэлсэн

Сумын төвүүд маань шинэчлэгдээд эхэллээ. Одоо дээрээс нь орчин үеийн канад хауст амвдрах хүсэлтэй иргэд захиалгаа өгч байна. Дэд бүтцийн асуудлыг нь мөн шийдээд явж байгаа. Орчин үеийн хаус, орон сууцны хороолол барихаар төлөвлөсөн.

Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан

Бууцагаан сумын 40 гаруй иргэд одоогоор захиалгаа өгөөд байна. Иргэдэд маань өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас гаргасан найман хувийн хүүтэй орон сууцны зээл бас их дэмжлэг болно гэж бодож байна.

 Энэхүү бүтээн байгуулалтын үр дүнд тус сумд шинэ технологи нэвтэрч, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, хот руу шилжих их нүүдлийг сааруулах гээд олон давуу тал бий. Тиймээс ч орон нутгийн  иргэд, удирдлагууд, барилгын ажлыг гүйцэтгэгч компаниуд нэг зорилготой урам зоригтойгоор ажиллаж байна.

 Дээрх бүтээн байгуулалтын ажил ирэх есдүгээр сарын 20 гэхэд бүрэн дуусах юм байна. Тулгамдаж буй асуудал нь бараа материалын тээвэрлэлт гэнэ. Энэхүү асуудлаа шийдчихвэл цаг хугацаандаа бүрэн амжих боломжтой гэсэн юм. Эзэнгүйдээд байгаа орон нутагт ажиллах амьдрах ая тухтай нөхцөл бололцоо шинэ сум төслөөр бүрдэх учиртай. Ийнхүү монгол орны хөгжлийг хөдөөгөөс эхлүүлж, бүтээн байгуулалт орон нутагт өрнөж байна.