Баянгол нийслэлийн жишиг дүүрэг болно
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төвийн дүүргүүдийн нэг Баянгол дүүрэгт өнөөдрийн байдлаар 49 мянга 683 өрхийн 192 мянга 694 иргэн амьдарч байна. Анх 1965 онд октябрийн район нэртэйгээр байгуулагдсан тус дүүрэг 1992 онд газар нутгийн байршил, хүн амын нягтаршил төвлөрлөөс шалтгаалан хоёр хуваагдаж, Баянгол, Сонгинохайрхан дүүргүүд болсон түүхтэй. Өнөөдөр Баянгол дүүргийн нийт өрхийн 70 гаруй хувь нь орон сууцанд, 23,7 хувь нь гэр хороололд амьдарч байгаа. Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын 42 сургуульд 30502 хүүхэд сурч байгаа бол 58 цэцэрлэгт 12654 хүүхэд хүмүүжиж байна.
Баянгол дүүргийн “Шинэчлэлийн баг”-2013 нэвтрүүлгээр Баянгол дүүргийн ардчилсан намын багийнхан ярьж байна. Тус шинэчлэлийн багийнхнаас УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, С.Одонтуяа нарын яриаг хүргэж байна.
ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ: Уг нь бол 1996-2000 онд намайг Баянгол дүүргийн засаг дарга байхад Баянгол дүүрэг нийслэлийн нүүр царай болсон, хамгийн орчин үеийн дүүрэг байсан. Өнөөдөр “Баян хог” дүүрэг болтлоо доошоо орсон нөхцөл байдалтай хүлээж авлаа.
С.Эрдэнэ: 2016 онд хэлэх үгтэй, хийсэн ажилтай сонгогчид дээрээ очно.
Ноднин 2012 оны 12 сарын 10-нд анх Баянгол дүүргийн төр захиргааны эрхийг шилжүүлж авсан. Зургаан сарын хугацаанд Баянгол дүүрэг дээр юуг хийж хэрэгжүүлэв гэдэг тайлангаа бид үндсэндээ гаргаж байна.
Энэ жил нийслэлийн 33 уулзвар янзлахын 17 нь Баянгол дүүрэг дээр хийгдэнэ. Өнөөдөр Баянгол дүүрэг дээр хоёр дахь том уулзвараа хүлээж авлаа. Энэ ажлуудыг хийж, гүйцэтгэж байгаа манай аж ахуйн нэгж, компаниуд маш хариуцлагатай, хурдтай ажиллаж байна. Өмнөх жилүүдэд замын ажил удаашралтай явдаг байсан.
Хог ачилтын 33 машин дээр бүгдэд нь GPS-ийн хяналт тавилаа. Хуучин жолооч гараад хаашаа явав. Хэдэн литр бензин шатахуун зарцуулж хичнээн тонн хог хаягдал ачив гэдэг нь тодорхойгүй байсан.
GPS-ийн хяналт тавьснаар үргүй зардал эрс багассан. 50 гаруй сая төгрөгийн шатахуун хэрэглэж байсан бол 40 гаруй сая болж сардаа 10 гаруй сая төгрөг хэмнэж байна.
Бидний хувьд өнөөдөр хийх ажил, хийж буй ажлынхаа талаар дандаа багаараа цуглаж ярьдаг. Баянгол дүүрэг маань нийслэлийн жишиг дүүрэг болсон хэмжээнд хүлээлгэж өгнө гэж бодож байгаа. Ямар ч байсан хэлэх үгтэй, хийсэн ажилтай 2016 онд сонгогчид дээрээ очно.
Баянгол дүүрэг маань нийслэлийн жишиг дүүрэг болсон хэмжээнд хүлээлгэж өгнө.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Урьд нь олон хүндрэл байдаг байсан. Ер нь сүүлийн долоо, найман жил Баянгол дүүргийн иргэдтэй уулзахад уулзалт болгон дээр нэг л юмаа ярьдаг. Нөгөө л хог, гэрэлтүүлэг, зам гээд л. Асуудлууд нь шийдэгдсэн юм байдаггүй байсан.
Өнгөрсөн сонгуулиас хойшхи хугацаанд бид богино хугацаанд маш олон зүйлийг хийж, амжуулж чадсан гэж би үзэж байна. Яагаад гэхээр энэ амжилтын гол түлхүүр нь бидний шинэчлэлийн баг багаараа ажиллаж чадсанд бий.
Өөрөөр хэлбэл УИХ, нийслэл, дүүрэг, хороо гээд бид яг нэг болж төлөвлөгөөтэй, зорилттой энэ ажлаа хэрэгжүүлэхийн төлөө бүх шатандаа маш сайн ажилласан. Бүтээн байгуулалтын ажлууд ид өрнөж байна. Хамгийн гол нь богино хугацаанд хийхийг зорьж ажиллаж байгаа.
С.Одонтуяа: Бид яг нэг болж төлөвлөгөөтэй, зорилттой, ажлаа хэрэгжүүлэхийн төлөө бүх шатандаа маш сайн ажилласан.
Саяхан бас хүүхдийн эмнэлэг ашиглалтанд орлоо. Сүүлийн 20 гаруй жилд нэг ч хүүхдийн эмнэлэг шинээр баригдаагүй. Баянгол дүүрэгт энэ онд л гэхэд нийт 95,6 тэрбум төгрөг төсөвлөгдөхөөр төлөвлөгдөөд байна. Энэ мөнгө бол чингис бонд, хөгжлийн сан, орон нутгийг хөгжүүлэх сангаас, дүүрэг, нийслэл, орон нутгийн төсвөөс бүрдүүлж байгаа.
Мөн бид сая ярьсан зөвхөн зам барилгад хөрөнгө оруулалт хийхээс гадна хүүхдийн хөгжилд хөрөнгө оруулалт хийж эхэлсэн. С.Эрдэнэ гишүүн бид хоёр санаачлаад “Эх орон 36” хүүхэд хөгжлийн шаталсан хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.
Энэ зун манай Баянгол дүүргийн хүүхдүүд олон улсын найрамдал зусланд очиж эх оронч үзэл, төлөвшил олох, багаар ажиллах чадвар, тэсвэр хатуужил, хүмүүжил олох, гамшгийн үед нэг нэгэндээ яаж туслах, өрсөлдөх чадвартай байхын тулд ямар чадамжуудыг эзэмших ёстой гээд энэ боловсролыг олгох сургалтанд хамрагдах гэж байгаа.