Мартаж болохгүй нэг зүйл бол нийгмийн дэд бүтэц
Улаанбаатар цаашдаа хотуудаас бүрддэг хэлбэрт шилжих ёстой
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр ҮАБЗ-ийн хурлаар өргөтгөсөн мэдээлэл сонслоо.
Өргөтгөсөн мэдээлэлд ҮАБЗ-ийн гишүүн, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нараас гадна Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, бусад албаны хүмүүс, гэр хорооллын дахин төлөвлөлтөд оролцох компаниудын төлөөлөл оролцлоо.
Өргөтгөсөн мэдээллийн үеэр иргэдийг орон сууцжуулах, найман хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээл, гэр хорооллын дахин төлөвлөлт гэсэн асуудлаар мэдээлэл сонссон юм. Нэгдмэл байр суурьтай болж уг асуудлыг эрчимжүүлэх зорилгоор уг уулзалтыг хийж байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч онцоллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эдгээр асуудлыг хийхэд баримталбал зохих таван зарчим байх ёстой гэсэн байр суурийг илэрхийлэв.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдав
Тэрээр “Нэгдүгээрт, иргэдийн оролцоо хамгийн чухал. Иргэд оролцож асуудлаа шийддэг байх ёстой. Хүн өөрөө гэрээ барина. Гэрээ барих шийдвэрээ хүн өөрөө гаргана. Түүндээ хариуцлагаа хүлээнэ. Өөрөө зээлээ авна. Хэлцлээ өөрөө хийнэ. Мөн тэндээ хариуцлагаа хүлээнэ гэдэг хамгийн чухал. Аль болохоор чанартай сайн юм хийлгэхийн төлөө өөрсдөө хариуцлагатай оролцоно.
Хоёр дахь зүйл бол цаг хугацааны зарчим. Энэ ажлын эрчийг алдуулж болохгүй. Ирэх 2014, 2015 он бол сонгуульгүй хоёр жил. Хугацаа богино байна. Гурав дахь зарчим бол энэ ажлыг улс төр, элдэв амлалт, популизмаас хол байлгамаар байна. Хүнд таалагдах гэж асар хохиролтой алхмууд хийдэг. Ингэж болохгүй.
Дөрөвт, гэр хорооллын өргөтгөл, дахин төлөвлөлтэй холбоотой ажлыг гэр хорооллоо түшиж хийнэ. Гэр хороолол бол хөгжлийн боломж, хөгжлийн хороолол, хөгжлийн гол суурь болох боломжтой. Улаанбаатар цаашдаа хотуудаас бүрддэг хэлбэр рүү орох ёстой.
Дахин төлөвлөлт гэж хэдэн байшин барих биш, бүх талын бизнес өрнөх боломжтой болно. Гэр хорооллын иргэд ажилтай, албатай болох боломжтой болно. Ирээдүйдээ итгэлтэй болно. Хотын шинэ төвүүд бий болно. Энэ зарчмыг харж ажилдаа орвол сайн болно.
Тав дахь зарчим бол энэ ажил олон хувилбартай, олон боломжтой байх ёстой. Иргэдэд ганцхан боломж тулгах биш, олон хувилбартай байдаг байя.
Жишээ нь, газраа чөлөөлсөн иргэдийг шинэ байранд оруулах, хөнгөлөлттэй зээл олгох, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуу гэр бүлүүд, орлого багатай иргэдэд зориулсан улсын орон сууц зэрэгцээд явж байж болно.
Хуучин барьсан хорооллуудад амьдарч байгаа иргэдийн байрыг засварлаж ашиглах бүрэн боломжтой. Хуучин байруудад хүчжүүлэлт хийх, дулаан алдалтыг багасгах зэргээртордвол, бас моргейж хэлбэрт оруулбал зардал бага гарна. Нийслэлд 76 тийм байрны асуудал яригдаж байгаа.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдав
Өөр нэг хувилбар бол газраа үнэлээд иргэд өөрсдөө төлөвлөлтөд оролцоод явна. Улаанбаатарын 12 хороолол яригдаж байгаа. Сэлбэ, Баянхошуунд гадаадын банкны оролцоотойгоор шийдэх асуудал байгаа.
Хотод хэрэглэж байгаа “Гудамж” төсөл шиг гэр хорооллоо торлоод, тэнд багтаж байгаа хорин айл, 100 айл өөрсдийнхөө төлөвлөлтийг гаргаж моргейж болгож хувиргаад оролцоод явж болно.
Улаанбаатарын шинэ төв Сонгинохайрхан дүүрэг рүү шилжиж байна гэдэг бол хөгжлийн бас нэг том боломж гэж харах хэрэгтэй. Шинэ суурьшлын бүсүүд гэж хотоос хол бий болох бүсүүд рүү инженерийн бүтэц тавьдаг ажлуудаа хийвэл зөв болно. Энэ зургийг аймаг, суманд хэрэглэж болно. Улс орон даяар энэ ажлыг хэрэгжүүлэх бүрэн бололцоотой.
Мартаж болохгүй нэг зүйл бол нийгмийн дэд бүтэц. Олон гэр хороолол босч байгаа. Тэнд бага сургууль, эмнэлэг, цэцэрлэггүй байдаг. Үүнийг анхаарах хэрэгтэй. Монголын нийгмийг хариуцлагатай, тогтвортой болгоход хамгийн их нөлөө үзүүлдэг зүйл бол энэ. “Чингис бонд”-ын асуудлаар ҮАБЗ хуралдаж байхад “Өнөөдрөөс эхлээд Монгол Улс хариуцлагатай улс боллоо. Олон улсын хэмжээнд бид зээлээ төлнө. Одоо хариуцлагатай байя” гэж би хэлж байсан.
Иргэд хариуцлагатай бол улс орон тэр чигээрээ хариуцлагатай улс болно. Өнөөдөр бас нэг үг хэлэхэд Монгол Улсын иргэд орон сууцны хөнгөлөлттэй зээл, бусад ажил хэрэгжээд эхлэхээр хариуцлагатай иргэд болно.
Тэр хүмүүс ажилтай, тодорхой хэмжээний орлоготой байх хэрэгтэй. Зүгээр ажлаа хаядаг, орхидог байж болохгүй. Иргэд хариуцлагатай, ажлаа хариуцлагатай хийдэг, үүрэг хариуцлагаа зөв биелүүлдэг байхад улс орон маань тэр чигээрээ хариуцлагатай улс болно.
Дээр нь хөгжил тогтвортой болно. Бүтээн байгуулалт, хариуцлагын хувьсгал гэдэг зүйл хамт явж байгаа шүү гэдгийг анхааруулж хэлье” гэлээ. Улсын хэмжээний ажил тул Монгол Улсын Ерөнхийлөгч энэ ажилд маш их анхаарч ажиллана. Үндэсний хэмжээний манлайлал үзүүлж онцгой анхаарч дэмжлэг үзүүлж ажиллах болно гэдгийг тэрээр онцлон хэлж байлаа.
Гэр хорооллын дахин төлөвлөлт, шинэ суурьшлын бүсүүд, орон сууцны найман хувийн хүүтэй зээлийг хэрхэн хэрэгжүүлэх талаар өргөтгөсөн мэдээлэлд оролцсон хүмүүс байр сууриа илэрхийлж нэг ижил мэдээлэл, нэг зорилготойгоор уг ажлыг хийх талаар дэлгэрэнгүй ярилцлаа.