2013.07.03

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай хуулийг батлав

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Цахиагийн Элбэгдоржийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай хуулийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон 54 гишүүний 94,4 хувийн саналаар батлав. Мөн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх товыг баталлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Цахиагийн Элбэгдоржийн тангараг өргөх ёслолыг долдугаар сарын 10-ны өдрийн 11:40 цагт хийхийг УИХ-ын гишүүд дэмжлээ.

Үүний дараа Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолыг хэлэлцэн баталсан юм. Ингэснээр 1993 оны зургадугаар сарын 8-ны өдөр баталсан Ерөнхийлөгчийн тангараг өргөх ажиллагааны тухай 40 дүгээр тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулав.

Шинэчлэн баталсан Тогтоолын хавсралтын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг Төрийн ордны өмнөх Чингис хааны хөшөөний урд ард түмэнд нээлттэйгээр зохион байгуулж, УИХ-ын хүндэтгэлийн чуулганыг мөн тэнд хийхээр болов.