УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар
2013.07.01

Шатахуун 50 төгрөгөөр буурсан нь орон нутгийн иргэдэд хүрэхгүй байна

УИХ-ын чуулганы Баасан гаригийн /2013-06-28/ үдээс хойшхи хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатараас Уул уурхайн сайдад тавьсан “Газрын тосны бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлийг тогтворжуулах ажлын хүрээнд Монголбанк, Уул уурхайн яамтай хамтран 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр баталсан Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн явц байдлын талаарх асуулга”-ын хариуг сонслоо. Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авсан.

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар: Улс орон даяар шатахуун 50 төгрөгөөр хямдарсан нь орон нутгийн иргэдэд мэдрэгдэхгүй байна. Энэ талаар тодруулахгүй юу. Яагаад гэхээр хувийн хэвшил, яам, төрийн байгууллага бие биенээ сайн ойлгож байгаа гэж мэдээндээ өгсөн байна лээ. Тэгэхээр энэ асуудал амьдрал дээр бодитоор харагдаж байна уу.

Монгол банк, Засгийн газар хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрт хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн эргэн төлөлт ямар байна

Хоёрдугаарт шатахуун нилээн нарийн стандарт шаарддаг. Манай хотын төвийн шатахуун түгээх станцуудын аюулгүй ажиллагааны дүрэм журам стандарт ямар байна вэ. Хамгийн наад зах нь шатахууны ууршилтыг аюулгүй, хоргүй болгох нөхцлүүд нь шатахуун түгээх станцуудад байна уу.

Асгарсан шатахууныг элсэнд шингээгээд элсийг нь сольдог, доод талын талбайгаа өөрчилдөг тэр асуудлуудыг манай шатахуун түгээх станцууд хэрэгжүүлдэг үү. Хамгийн гол нь энэ утаа агаарын бохирдолтой холбоотой. Энэ дээр яг ямар стандарт өнөөдөр мөрдөгдөж байна вэ.

Өмнө нь стандарт, түүнийг хэрэгжүүлэх журам гарч байсан. Тэр өнөөдөр байна уу. Эсвэл дахиад өөрчлөгдсөн үү. Гуравдугаарт нь Монгол банк, Засгийн газар хоёрын хэрэгжүүлж буй хөтөлбөрт хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн эргэн төлөлт ямар байна вэ гэсэн юм.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг хариултдаа, нэг литр бензин 50 төгрөгөөр хямдарсан. Үүнийг манай шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд бүх орон даяар хийсэн гэж үзэж байгаа. Хэрэв сарын хэмжээг 60 мянган тонноор дундажлавал жижиглэнгээр шатахуун худалдаж авч буй хүмүүсийн эдийн засаг дахь дарамт сардаа 300 сая төгрөгөөр буурах тийм хөрөнгөөр өөр зүйлдээ зарцуулах боломж бүрдэх ёстой.

Д.Ганхуяг: Улсын нөөцийн агуулахын хүрэлцээ муу байгаа.

Шатахуун түгээх станцуудын аюулгүй байдлыг тухайн шатны засаг дарга, мэргэжлийн хяналтын газар голчлон хариуцдаг. Шатахууныг асгасан, асгарсан асуудлыг аж ахуйн нэгжүүд нь хариуцдаг байх гэж ойлгож байна. Аж ахуйн нэгжүүдийн зээлийн эргэн төлөлтийн асуудлыг Монгол банк арилжааны банкууд мэдэж байгаа.

Харьцангуй барьцааны хөрөнгө сайтай энэ зээл арилжааны банкаар дамжаад хэрэгжиж байгаа учраас арилжааны банкууд хөрөнгийг нь барьцаалаад явж буй ийм зээл. Манай энэ аж ахуйн нэгжүүдийн эхний дөрөв, таван том аж ахуйн нэгж нь өмнө нь гадны банкнаас долоо найман хувийн хүүтэй зээл авч байсан.

Улсын нөөцийн агуулахын хувьд хүрэлцээ муутай байгаа. Рашаант дахь өртөөний агуулахыг Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барья гэсэн байдалтай байна. Улсын төсөвт бололцоо байвал цаашид нэмэгдүүлэх шаардлагатай. Өнөөдөр бензин дээр монгол улсад MNS 216:2006, MNS 2017:2007 гэсэн хоёр стандарт мөрдөж байгаа гэлээ.