Төсвийн ерөнхийлөн захирагчдын 2012 оны төсвийн гүйцэтгэлийн талаар мэдээлэл сонсов
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан Төрийн ордны А танхимд болов. /06.27/
2013.06.28

Төсвийн ерөнхийлөн захирагчдын 2012 оны төсвийн гүйцэтгэлийн талаар мэдээлэл сонсов

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан Төрийн ордны А танхимд  болов. Хуралдаанаар эхлээд Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн гишүүнийг сонгох тухай асуудал хэлэлцэв. Ажлын хэсгийн санал дүгнэлтийг ХЗБХ-ны дарга Ш,Түвдэндорж уншиж, тус зөвлөлийн гишүүнд нэр нь дэвшигдэж байгаа Д.Цэрэнбадам, Ж.Эрдэнэбилэг нарын хувийн товч намтар, мэргэжил боловсрол, ажлын туршлагын талаар танилцууллаа. Нэр дэвшигчид аль аль нь эрх зүйч мэргэжилтэй ажээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Ж.Батзандан УИХ-аас томилогддог байгууллагад хүн томилохдоо ямар зарчим баримталж байгааг тодруулж асууснаар асуулт, санал дуусаж, нэр дэвшигчдийг Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн гишүүдээр томилох тухай асуудал дэмжигдлээ.

Дараа нь “Монгол Улсын 2012 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2012 оны санхүүгийн нэгтгэсэн тайланг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр хэлэлцэж эхлэв. Асуудалтай холбогдуулан Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд багтдаг төсвийн ерөнхийлөн захирагчдын 2012 оны төсвийн гүйцэтгэлийн талаархи товч танилцуулга, судалгааны мэдээллийг Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад хийлээ.

Байнгын хорооны санал дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр байнгын хорооны хуралдаанаар дэмжив.

Ерөнхий аудиторын мэдээлснээр 2012 оны төсвийн аудитын дүгнэлтээр ХЗБХ-нд хамааралтай зарим байгууллага дээр төрийн сангаас гадуур хэд хэдэн данс нээж, ашиглаж байсан зэрэг зөрчил илэрсэн гэлээ. Энэ асуудалтай холбогдуулан гишүүн З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар, Ж.Батзандан нар асуулт асууж, үг хэлэв. Жилийн жилд төсвийн гүйцэтгэлийн дүгнэлт үлбэгэр, хяналт хангалтгүй, зөрчил илэрсэн тухай хий дуулиан тарьсан, улстөржүүлсэн байдлаар явж ирлээ.

Гэтэл эдийн засагт ашигтай аудитын дүгнэлт үгүйлэгдсээр байгаа тул төсвийн аудитын шинэчлэлийг хийх, ажиллах хүний нөөцөө чадваржуулах шаардлагатай байгааг, илэрсэн зөрчлийг арилгаж, хохирлыг барагдуулдаг болгох хэрэгтэй байгааг гишүүд хэлэв. Ялангуяа Аудитын хуулийг боловсронгуй болгохгүй бол хэрэглэхэд төвөгтэй ойлгомжгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байлаа. Ингээд байнгын хорооны санал дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр байнгын хорооны хуралдаанаар дэмжив.

Дараагийн асуудал нь Мөрдөх албаны тухай хуулийн төсөл, түүнийг дагалдах бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх байв. Хуулийн төслийн танилцуулгыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хийж, байнгын хорооны гишүүдийн олонхи дэмжсэнээр хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг Чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулахаар болов. Байнгын хорооны санал дүгнэлтийг гишүүн Ж.Батзандан хийхээр болов. Мөн Мөрдөх албаны тухай хуулийг хэлэлцүүлэгт бэлдүүлэх Ажлын хэсгийг байгуулахаар болж, даргаар нь гишүүн Д.Батцогтыг сонголоо.