УИХ-ын гишүүн, БОХХАА-ын Байнгын Хорооны Дарга Г.Баярсайхан
2013.07.01

Г.Баярсайхан: Монголын төр хувийн бизнест гүнзгий орж байна

УИХ-ын чуулганы Баасан гаригийн /2013-06-28/ үдээс хойшхи хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатараас Уул уурхайн сайдад тавьсан “Газрын тосны бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлийг тогтворжуулах ажлын хүрээнд Монголбанк, Уул уурхайн яамтай хамтран 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр баталсан Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн явц байдлын талаарх асуулга”-ын хариуг сонслоо. Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авсан.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: Шатахууны үнийг тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үр дүнгийн хэрэгжилтийн явц хэрэглэгчдэд хэр хүрч байгаа бол. Алс хязгаар аймагт үр дүн ямар байна вэ. Петро Чайна компани Сокогоос худалдаж авсан лицензийн төлбөрөө Монгол Улсын Засгийн газраас нэхэж буй асуудал хэр зэрэг хуульд нийцэж байгаа вэ. Энэ гэрээг нууцлах шаардлагатай юу.

Шаардлагатай бол холбогдох байнгын хороонд нь үүнийг ил болгож хэлэлцэх нь зүйтэй байх гэж бодож байна. Сүүлийн үед Монгол Улсын Засгийн газар, монголын төр хувийн бизнест гүнзгий орж, бизнес хийдэг компаниуд байгуулж байна. Би хувьдаа үүнийг оновчтой зүйл биш гэж бодож байгаа. Үнэ тогтворжуулах хөтөлбөр бол цаг зуурын гал унтраах хэлбэр.

Үнэ тогтворжуулах хөтөлбөр бол цаг зуурын гал унтраах хэлбэр.

Тиймд өөрсдийн нефть, нүүрс, занараа боловсруулах асуудалд онцгой анхаарах хэрэгтэй. Цаашид жил бүр үнэ тогтворжуулна гээд компаниуддаа зээл өгөөд яваад байх уу. Нефтийн стратегийн запасыг хадгалах сав саалийн асуудал ямар байна. Давхар болон дан ханатай савнууд байдаг. Чанар болоод төрлийн хувьд савны нөөц нь хэр байгаа вэ гэсэн асуултыг асуув.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг: Зээл олгох, бөөн жижиглэнгээр нь тусгаарлах, нөөц бүрдүүлэх, экспортын нэгдсэн нэг цонхны арга хэмжээ гээд олон арга хэмжээ авсны үр дүнд 325 төгрөгөөр нэмэгдэхээр байсныг 100 төгрөг дээр тогтоосон. Алс хязгаарын тухайд аймгаасаа хамаараад өөр өөр байна. Соко ойлтой байгуулсан гэрээ Петро Чайнад шилжсэн. 1991 оны үндсэн хууль батлагдахаас нэг жилийн өмнө газрын тосны тухай хууль батлагдсан. Өнөөг хүртэл өөрчлөлт оруулаагүй.

Д.Ганхуяг: Газрын тосны тухай хуулийг баталсан тохиолдолд нэг хэсэгтээ энэ салбарын эрх зүй, бизнес, хөрөнгө оруулалтын орчин тогтвортой явна.

Тэрэн дээр бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан компани бусад компанид шилжсэн тохиолдолд яах вэ гэдэг эрх зүйн орчин ерөөсөө байхгүй. Одоо ч тийм байгаа учраас яаран газрын тосны тухай хуулийг өнгөрсөн найман сарын хугацаанд мэргэжлийн холбоод, мэддэг чаддаг бүх хүмүүсээс асууж байгаад оруулж ирсэн.

Ер нь бол валютын ханшны эрсдлийн асуудлыг аль ч орны төв банк хариуцдаг. Хөнгөлөлттэй зээл өгөөд байгаа нь монголчуудын өндөр зээлийн хүү төлдөгтэй холбоотой. Монгол банкаар дамжуулаад арилжааны банкнаас хэдэн компани авч буй 3,8 гэдэг бол тогтворжсон эдийн засагтай оронд өндөр хүү. Тиймд ингэж ажиллаад байна гэв.

Түүнчлэн нүүрснээс шингэн түлш боловсруулах, занараас бензин гаргах бодлогыг дэмжиж байгаа. Энэ хөрөнгө оруулалтыг татах сайн техник технологи оруулж ирэхийн тулд нэмэн өртгийн болон гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийг УИХ-аар батлуулсан. Газрын тосны тухай хуулийг баталсан тохиолдолд нэг хэсэгтээ энэ салбарын эрх зүй, бизнес, хөрөнгө оруулалтын орчин тогтвортой явна.

Нөөцийн хувьд газрын тос боловсруулах үйлдвэр баригдахаар түүхий газрын тосоор сараас дээшгүй хоёр сар хүртэл газрын тос хадгалах бусад нөөцөө бүрдүүлэх боломжтой. Одоо 2014 оны төсвөөр тодорхой хэмжээний улсын нөөцийн агуулахын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа.