Хаврын чуулган завсарлах өдөр ерөнхийлөгч тангараг өргөнө
Улсын Их Хурал
2013.07.01

Хаврын чуулган завсарлах өдөр ерөнхийлөгч тангараг өргөнө

 -Хаврын чуулганы завсарлах хугацааг энэ сарын 10 хүртэл сунгав-

УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу хаврын чуулган өнөөдөр завсарлах учиртай. Гэвч Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор хаврын чуулганыг дунд нь түр завсарлуулсан учраас УИХ-ын дарга З.Энхболд хуралдах хугацааг энэ сарын 10 хүртэл сунгах шийдвэр гаргажээ.

УИХ-ын даргын захирамжаар чуулганы хуралдах хугацааг нэг удаа, 14 хүртэлх хоногоор сунгаж болдог. Үүний дагуу гишүүд наадам хүртэл ажиллахаар болж байна. Мөн хаврын чуулган завсарлахаасаа өмнө Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчийн тангаргийг өргүүлэх юм.

Учир нь УИХ-ын гишүүн Г.Батхүү, Д.Батцогт, Н.Батцэрэг, С.Бямбацогт, Р.Гончигдорж, С.Дэмбэрэл нар Ерөнхийлөгчийн тангараг өргөхтэй холбоотой асуудлыг зохицуулах УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах төслийг өргөн барьсан байна.

Тогтоолын төсөлд Төрийн шинэ тэргүүнийг долдугаар сарын 10-нд тангараг өргүүлэхээр тусгажээ. Түүнчлэн Ерөнхийлөгч өмнө нь Төрийн ордны Их танхимд тангараг өргөдөг байсан бол үүнийг Эзэн Чингис хааны хөшөөний өмнө хэсгийн голд болгон өөрчилжээ.

Төрийн ордон цогцолбор дахь Их эзэн Чингис хааны хөшөөний баруун гар талд нь Монгол Улсын төрийн далбаа байрлуулах аж. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Төрийн ордон дотор биш, гадна, олон нийтийн өмнө тангаргаа өргөх нь.

Мөн тэр хэсэгт халаагаа өөрөө өөрөөсөө авах Ерөнхийлөгчийн “бичиг цаасны” ажилд зориулсан тусгай ширээ, сандлыг байрлуулахаар төсөлд тусгасан байна. Энэ мэтээр Төрийн ордон дотор бус, Их Эзэн Чингис хааны хөшөөний өмнө зохион байгуулах нь зөв гэж дээрх гишүүд үзсэн аж. Түүнчлэн тангараг өргөх ёслолын ажиллагаанд зориулж, цэргийн ёслолын жагсаал хийхээр тусгажээ.

Дэлхийн бусад улс орны туршлага, жишгээр тангараг өргөх журмыг ийнхүү олон нийтийн өмнө зохион байгуулахаар болгож өөрчилснөөр монгол хүний эх оронч үзлийг төлөвшүүлэх, төр улсаараа бахархах, тусгаар тогтнолын үнэ цэнийг залуу үедээ мэдрүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээн төсөл санаачлагчид үзсэн байна.