Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа.
2013.07.03

Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тогтоолын төслийг байнгын хороо дэмжлээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Ерөнхийлөгчийн тангараг өргөх товыг УИХ тогтоох хуулийн заалттай. Энэ дагуу УИХ-ын тогтоолын төсөл боловсруулсныг байнгын хорооны дарга А.Бакей гишүүдэд танилцуулсан юм.

Тогтоолын төсөлд Үндсэн хуулийн Гучин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Цахиагийн Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр, цагийг 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 11 цаг 40 минутад байхаар тогтоохоор тусгажээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд тангараг өргөх цагийг нарийвчлан заах нь зөв эсэх талаар нэлээд ярилцсаны эцэст тогтоолын төсөлд заасан товыг дэмжихээр тогтов. Дараа нь “Монгол Улсын Их Хурлын 1993 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 40 дүгээр тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаар төсөл санаачлагч гишүүн Г.Батхүү танилцуулав.

Ард түмнийхээ өмнө тангараг өргөх нь Ерөнхийлөгч ард түмнээсээ сонгогдсоны илрэл, хүндэтгэл.

Энэхүү тогтоолын төслийг гишүүн Д.Батцогт, Н.Батцэрэг, С.Бямбацогт, Р.Гончигдорж, С.Дэмбэрэл нар хамтран санаачилж, өргөн барьсан юм. Төсөл санаачлагчид Монголын төр ёсны уламжлалыг хүндэтгэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг шинэчилж ард нийтийн хүртээл болгох үүднээс Монгол Улсын Их Хурлын 1993 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 40 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын журам”-ын тодорхой зүйл, заалтуудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгажээ.

Тухайлбал, Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг урьд нь Төрийн ордны Их танхимд зохион байгуулдаг байсныг өөрчилж Эзэн Чингис хааны хөшөөний өмнө тусгайлан зассан талбайд үйлдэх, түүнчлэн Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын ажиллагаанд зориулж цэргийн ёслолын жагсаал явуулахаар тусгасан байна.

Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын ажиллагаанд зориулж цэргийн ёслолын жагсаал явуулна.

Монголын төр ёсны уламжлалыг шинэчлэн хөгжүүлэх, ард иргэд нийтээрээ хүндэтгэх зорилгоор журамд зарим нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгасан, дэлхийн бусад улс орны жишгээр тангараг өргөх журмыг ингэж өөрчилснөөр монгол хүний эх оронч үзлийг хөгжүүлэх, төр улсаараа бахархах, тусгаар тогтнолын үнэ цэнийг залуу үедээ мэдрүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж буйгаа Г.Батхүү гишүүн дурдлаа.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан саналаа хэлсэн гишүүн Д.Эрдэнэбат ч “Ард түмнийхээ өмнө тангараг өргөх нь Ерөнхийлөгч ард түмнээсээ сонгогдсоны илрэл, хүндэтгэл гэж үзэж намын бүлэг тогтоолын төслийг дэмжсэн. Чуулганы хуралдааны хувьд ёслол хүндэтгэлийн энэ үйл ажиллагааг Төрийн ордноос гадна явуулах нь харшлах зүйлгүй гэж үзэж байгаа” гэдгээ хэлсэн юм.

Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь тогтоолын төслийг дэмжлээ