2013.07.04

Цахим төлбөрийн системтэй болно

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар мөн Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа дээрх хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ.

Үүний дараа Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах Төлбөрийн системийг шинэчлэх төслийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөв. Монгол Улсад бэлэн бус төлбөр тооцоог хөгжүүлэх, одоогийн дэд бүтцийг өргөтгөх, мөнгөний бодлогын хэрэгжилтийг сайжруулах зорилгоор 20 сая ам.долларын зээлийн хөрөнгөөр “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийг Монголбанк, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэхээр Зээлийн гэрээ, холбогдох баримт бичгийг боловсруулаад байгаа ажээ.

Төслийг хэрэгжүүлснээр цаасан төлбөрийн хэрэгслийг халж, цахим төлбөрийн хэрэгсэл рүү шилжин өндөр нууцлалтай, уян хатан цахим төлбөрийн системтэй болох юм байна.

Түүнчлэн банкны үйлчилгээ авахад иргэдийн цаг хугацааг хэмнэх, санхүүгийн харилцааны бүс нутгийн байршлын ялгааг арилгах ач холбогдолтой юм байна. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи зээлийн гэрээний төслийг дэмжлээ.