Залуус их бүтээн байгуулалтад оролцохоор хөдөөг зорилоо
Нүүдэлчин Монголыг суурьшиж соёлжсон Монгол болгон хөгжүүлэх ХХ зууны бүтээн байгуулалтын гол хүч нь залуус байсан. Тэгвэл XXI зууны шинэ бүтээн байгуулалтад хүч нэмэхээр Шинэчлэлийн Засгийн газар "Ажилтай орлоготой Монгол залуу" хөтөлбөр эхлүүлсэн.
Энэ хөтөлбөрийн хүрээнд “Цагийн ажил”, “Сумын залуус”, “Ажлын гараа” гэсэн гурван төслийг Хөдөлмөрийн яам, Монголын залуучуудын холбоо хамтран хэрэгжүүлж эхэлсэн. “Сумын залуус” хөтөлбөрт хамрагдсан залуус өнгөрсөн долоо хоногт орон нутагт хуваарилагдан очиж ажилдаа гарсан бол өнөөдөр "Ажлын гараа" төслийн 300 гаруй залуу хөдөөг зорьж байна.
Ажиллах хугацаанд нь оюутан залууст сард 500 мянган төгрөгийн цалин олгож, нийгмийн даатгалд хамруулна.
Төсөлд хамрагдсан залуус 7-р сарын 9-нөөс 10-р сарын 15-ныг хүртэл авто зам, төмөр зам, барилга, уул уурхай зэрэг бүтээн байгуулалт ид өрнөж байгаа салбаруудад ажиллана. Мөн тус бүр 15 хүнтэй 15 баг 21 аймгийн 21 багт очиж орчин үеийн стандартад нийцсэн жишиг өвөлжөө барьж тухайн багт хүлээлгэж өгөх юм.
Ажиллах хугацаанд нь оюутан залууст сард 500 мянган төгрөгийн цалин олгож, нийгмийн даатгалд хамруулна. Үүнд зориулж Засгийн газраас 600 сая төгрөг гаргасныг Ерөнхий сайд Н.Алтанхуяг залуусыг бүтээн байгуулалтын их ажилд үдэхдээ хэллээ. Тэрбээр “Сум хөгжихгүй нь гэж залуус хот зорихоо болино.
"Ажлын гараа" төслийн 300 гаруй залуу хөдөөг зорилоо.
Хөдөө амьдрах илүү таатай орчин бүрдэнэ. Үүний эхлэлийг та нар гардан тавьж байгаа юм шүү” гээд ажилд нь амжилт хүслээ. “Хамгийн супер төслүүд хөдөөд хэрэгжих энэ үед бидний залуу нас тохиож, гар бие оролцож байгаагаараа азтай” гэж Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат тодотголоо.
Залуус Хөдөлмөрийн яам, Залуучуудын хөдөлмөрийн төв бирж, ажил олгогч байгууллагын гурвалсан гэрээний дагуу компаниудад ажиллах ба “Ажлын гараа” төслийг Барилга, хот байгуулалтын яам, Зам тээврийн яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам дэмжин ажиллаж байна.
“Ажлын гараа” төслийн мэдээлэл харилцаа, интернэтийн хэрэглээг үүрэн холбооны “Жи мобайл” корпораци бүрэн хариуцаж, 21 аймгийн залуусыг таблетаар хангажээ.