Энэ намар бүх аймаг ТҮЦ машинтай болно
Ерөнхий сайд Н.Алтанхуяг аймгийн удирдлагуудтай цахим хурал хийлээ.
2013.08.07

Энэ намар бүх аймаг ТҮЦ машинтай болно

Сар бүрийн эхний долоо хоногт аймгийн удирдлагуудтай хийдэг цахим хурал өнөөдөр боллоо.

Хуралд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон ЗГХЭГ, БШУЯ, ЭХЯ, ҮХААЯ, Сангийн яам, ОБЕГ-ын төлөөлөл оролцсон юм. 7 дугаар сард хийсэн хурлаар аймаг бүр тулгамдсан асуудлаа ЗГХЭГ-т бичгээр ирүүлж, тус бүрт нь цахим хурал хийхээр шийдвэрлэсэн.

Өнөөдрийн байдлаар Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Өмнөговь зэрэг 7 аймгаас бусад аймгууд цахим хурал хийн тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэсэн байна. 12 дахь удаагийн энэхүү цахим хурлаар аймгууд цаг үеийн тулгамдсан асуудлуудаа хэлж, албаны хүмүүсээс тодорхой хариулт авсан юм.

Сүхбаатар болон Увс аймгууд “Орон нутаг хөгжүүлэх сан”-ийн санхүүжилт тасарснаас бүтээн байгуулалтын зарим ажил зогссон гэдгийг хэлсэн бол Сангийн яам энэ долоо хоногт багтаан 8 сарын санхүүжилтийг хийх болно гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.

Энэ намар аймаг бүрт 3-4 ширхэг Төрийн үйлчилгээний цахим машиныг байршуулна.

Мөн эхний долоон сарын байдлаар “Орон нутаг хөгжүүлэх сан“-аас аймгуудын дансанд 88.3 тэрбум төгрөг шилжүүлснээс 42.2 тэрбум төгрөгийн дансны үлдэгдэлтэй байгааг Сангийн яамныхан дуулгасан.

Харин мөнгөө зарцуулж, хөрөнгө оруулалтын ажил хийхгүй байгаа аймгуудын мөнгийг санхүүжилтгүй болсон аймгууд руу шилжүүлэх талаар судлахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.

Хөвсгөл аймгийн хувьд шинээр баригдаж байгаа Дулааны станц ашиглалтад орохгүй бол өвөлжилт хүндэрч болзошгүй буйгаа хэлсэн бол төсөвт өртгийнхөө 98 хувийг авсан гүйцэтгэгч компанийн үлдсэн санхүүжилтийг шийдэж, Дулааны станцыг энэ онд багтаан хүлээлгэн өгч, галлагаанд оруулна гэж салбар яамны зүгээс мэдэгдсэн.

Мөн Худалдан авах ажиллагааны газарт саатаж байгаа сургууль, дотуур байр, соёлын төвийн барилгын ажил тулгамдсан асуудал болсныг Хөвсгөл, Ховд аймгийн удирдлагууд цахим хурлын үеэр хөндсөн юм.

Цахим хурал

Энэ мэт тулгамдсан асуудлаа ЗГХЭГ-т ирүүлж, холбогдох албаны хүмүүсийг байлцуулан цахим хурал хийн, асуудлаа шуурхай шийдвэрлэж байхыг Ерөнхий сайд үүрэг болголоо.

Хурлын төгсгөлд Ерөнхий сайд Н.Алтанхуяг аймаг, орон нутгийн удирдлагуудад хандан хэд хэдэн зүйлд анхаарч ажиллахыг санууллаа. Тодруулбал, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, аймаг бүрт байгаа АЗЗА компанийг хариуцлагажуулах, орон нутгууд өөрсдийн хот төлөвлөлтөө дахин төлөвлөж саналаа ирүүлэх хэрэгтэйг хэлсэн.

Мөн салаа замыг хаягжуулж, нэгдсэн самбартай болох ажлыг эхлүүлнэ, аймаг бүрт энэ намар 3-4 ширхэг Төрийн үйлчилгээний цахим машиныг байршуулна. Өнөөдрийн байдлаар нийслэлд байгаа 17 ТҮЦ машинаар 10 мянга гаруй иргэд үйлчлүүлж, 12 мянга орчим үйлчилгээ авсан талаар мэдээллийг өглөө.