О.Баасанхүү: Өнөөгийн нийгэмд Өршөөлийн хууль хүлээлт үүсгэж байна
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2013.08.20

О.Баасанхүү: Өнөөгийн нийгэмд Өршөөлийн хууль хүлээлт үүсгэж байна

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй хууль, эрх зүйн шинэтгэлийн талаар цөөн хором ярилцлаа.

-Удахгүй ээлжит бус чуулган хуралдах төлөвтэй байна. “Шударга ёс” эвслийн гишүүдийн зүгээс намрын чуулганаар Өршөөлийн тухай хуулийн төсөл өргөн барина гэсэн. Гэхдээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төсөлд хориг тавина гэсэн мэдээлэл байна?

-2008 онд гарсан Өршөөлийн тухай хуульд зарчмын нэг алдаа гарсан. Учир нь насанд хүрээгүй хүүхэд ямар ч гэмт хэрэг хийсэн өршөөгдөнө гээд заачихсан. Гэтэл үүнээс үүдэж насанд хүрээгүй хүүхдүүд онц ноцтой хүн амины хэрэг үйлдэх болсон.

Тухайлбал, нийгмийг айдаст автуулсан Сумъяажавын хэрэг, Хэрлэнчимэгийн хэрэг, Тулгын хэрэг гээд олон хэрэг гарсан. Энэ байдлаас үүдэн Өршөөлийн тухай хууль дахиж гарах ёсгүй юм шиг ярдаг. Гэтэл Монгол Улсад Өршөөлийн тухай хууль зайлшгүй гарах ёстой.Яагаад гэвэл үүнд гурван шалтгаан бий.

Хоригдож буй хүмүүсийн 80-90 хувь нь нийгмийн эмзэг бүлгийн залуучууд байна.

Нэгдүгээрт, 2008 оны хоёрдугаар сард Эрүүгийн хуульд нэмэлт оруулахад санкц нь хоорондоо уялдаа холбоогүй болсон. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн аливаа нэг заалтыг аваад үзэхэд торгох, баривчлах, хорих зэрэг бүх зүйл нь нэг дор байдаг. Энэ нь үзэмжээрээ ядуу айлын хүүхэд 1500 төгрөг хулгайлаад 10 жилийн ял авч байхад чинээлэг айлын хүүхэд хоёр жилийн тэнсэн авдаг байх жишээтэй.

Энэ харьцангуй байдлаас үүдэн өнөөдрийн хоригдож байгаа хүмүүсийн 80-90 хувь нь нийгмийн эмзэг бүлгийн залуучууд байна. Мөн ял эдлэх болсон хүмүүсийн тоо огцом өссөн. Тэр утгаараа Эрүүгийн хуулиас болоод Өршөөлийн тухай хуулийг гаргах зүйтэй юм.

Хоёрдугаарт, ШШБЕГ-ын төсвийг харахад хоригдож байгаа хоригдлын тоо өсөх тусам төсөв нь өндөр гардаг. Жишээлбэл, нэг хүнд өдрийн 10 мянган төгрөг зарцуулах нормтой. Үүнийг нийт хоригдлын тоонд үржүүлбэл асар их тоо гарна. Тэгэхээр нүсэр төсвийг зарцуулах хэнд ашигтай юм бэ гэсэн асуулт гарч ирж байгаа юм. Үүнийг ард түмэн бодох ёстой.

-Зарим хүн энэ хуулийг цагаан захтнуудад зориулсан хэмээн үзэж байгаа?

-Хууль зөвхөн онолд суурилагддаг. Хуулийг улстөржүүлж баталж болохгүй. Жишээлбэл, Эрүүгийн хуулийн 148 буюу залилангийн хэрэг өмнө нь, хэзээ ч Өршөөлийн тухай хуульд хамрагдаж байгаагүй.

Засгийн газар толгойтой биегүй болчихсон байна.

Гэтэл энэ гэмт хэрэгт ихэвчлэн эмэгтэйчүүд холбогдсон байдаг. Итгэмээргүй зүйлсэд зарим хүн итгээд эд зүйлсээ алдсан байдаг. Энэ бол нийгмийн ердийн л харилцаа.

-Эрхзүйн шинэтгэлийн хэд, хэдэн хууль батлагдлаа. Зарчмын хувьд дэмждэг биз дээ?

-МАН-аас Ц.Нямдорж, АН-аас Х.Тэмүүжин нар гарч ирээд шуурга шиг ямар ч бодлогогүй хүмүүсийг хоморголон дэмжүүлэх маягаар хуулиа сурталчилж баталсанд харамсдаг. Яагаад гэвэл аливаа зүйл онолд суурилагдах ёстой. Хууль бүхэн Монгол Улсын нийгмийн харилцаанд суурилагдах ёстой.

Монгол Улсад өнөөдөр төрийн алба нь хэт данхар байна. Засгийн газар толгойтой биегүй болчихсон байна. Удирдах толгой байгаа ч ажиллах биегүй байна. Энэ үед сонин, сонин хуулиудыг ямар ч бодлогогүйгээр хийж, хэн нэгнийг ажилтай болгож байгаа нь утгагүй.

Жишээлбэл, Тахарын тухай хууль байна. Монголд Тахарын алба, ШШБЕГ, ЦЕГ, УМБГ, АТГ гэсэн агентлагууд байдаг. Чиг үүрэг нь бараг давхацсан талаас нь харахад ийм олон агентлаг байх шаардлагатай эсэхэд эргэлзэж байна.