Богдхан уулын амны зарим газрыг иргэдэд эзэмшүүлэх төсөл өргөн барив
УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар Зарим нутаг дэвсгэрийг тусгай хамгаалалттай газрын хилийн заагаас чөлөөлж, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр /2013.09.06/ өргөн барилаа.
Хуулийн үндэслэл, шаардлага
Тусгай хамгаалалттай газарт амьдарч, үйл ажиллагаа явуулдаг иргэдэд Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу газар эзэмших, өмчлөх эрхээ эдлэх хууль ёсны боломж, нөхцлийг бүрдүүлэх, байгаль хамгаалах чиглэлээр гарсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх явцад гарч буй аливаа зөрчил, маргааныг багасгах, хэрэгжилтийг хангах зорилгоор зарим байгалийн цогцолборт, дархан цаазат газруудын хязгаарлалтын бүсийн хилийн заагийн тодорхой хэсэгт холбогдох хууль тогтоомжийн хүрээнд өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлага гарч байгаа юм.
Тухайлбал Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хорооны 9 дүгээр хэсэгт суурьшин амьдарч байгаа иргэд тухайн суурингийн эдэлбэр газрын зарим хэсгийг тусгай хамгаалалттай газрын хилийн бүсээс чөлөөлүүлэх замаар эрх бүхий байгууллагуудын шийдвэр гаргуулах, газар өмчлөх, эзэмших эрхээ хангуулахтай холбогдсон санал, хүсэлтээ төр засгийн холбогдох шатны байгууллага, удирдлага болон төрийн түшээд бидэнд удаа дараалан тавьсаар байна. Богдхан уулын дархан цаазат газарт Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нийт 15227 га, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нийт 2918 га нутаг дэвсгэр тус тус хамрагдаж байна.
Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо нь хойд талаараа 15 дугаар хороо, зүүн талаараа Их тэнгэрийн ам, урд талаараа Чандмантын ам хүртэл Төв аймаг буюу Богд уулын оройгоор хил хязгаараар заагладаг. Нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувийг ойн сан бүхий газар эзэлдэг. Тус хороо нь анх 1952-1964 он хүртэл “10 дугаар хорин“, 1965 оноос “Ажилчны районы 16 дугаар хороо” гэсэн нэртэйгээр байгуулагдсан ба 1977 оноос “Ажилчны районы 15 дугаар хороо, 1992 оноос “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн дагуу Хан-Уул дүүрэг болоход 11 дүгээр хороо болсон түүхтэй. Хороо 10 хэсэг 12 гудамж, 2526 өрх, 10143 хүн амтай. Үүнээс гэр хороололд 612 өрх, 1832 хүн, орон сууцанд 1914 өрх, 8311 хүн амьдардаг. Шинээр суурьшсан хотхон хороололд 1460 өрх, 5018 хүн амьдарч байгаа нь нийт хүн амын 49.7 хувь оршин суугчдын 51.3 хувийг тус тус эзэлж байна.
Хорооны нутаг дэвсгэрт Үндсэн хуулийн цэц, ХААИС, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, УМНАЦТ лаборатори, Оргил рашаан сувилал, хорих 401, 411-р анги, Хүүхдийн хаяг тогтоох төв, Удирдлагын академи, Сэргээн засах клиник, Улаанбаатар-Америк дунд сургууль, 32-р сургууль, 35-р цэцэрлэг, Богдхан жуулчны бааз, Богд-Уул сувилал зэрэг төрийн болон хувийн хэвшлийн 120 гаруй аж ахуйн нэгж, албан байгууллага үйл ажиллагаа явуулдаг.
Тус хорооны нутаг дэвсгэрт суурьшин амьдарч байгаа иргэд анх 1943 оноос хойш үе дамжин өнөөг хүртэл амьдарсаар ирсэн байна.
Тус хорооны нутаг дэвсгэрт суурьшин амьдарч байгаа иргэд анх 1943 оноос хойш үе дамжин өнөөг хүртэл амьдарсаар ирсэн байна. Энд ахмад дайчин Ц.Чойжир, Хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт, ШУ-ны гавьяат ажилтан Ш.Бира, төрийн соёрхолт, ШУ-ны гавьяат ажилтан, доктор профессор
М.Төмөржав, төрийн соёрхолт, ШУ-ны нээлтийн эзэн Ж.Мягмар, төрийн соёрхолт, ШУ-ны доктор профессор, гавьяат багш Н.Эрдэнэцогт, Ё.Загдсүрэн, Б.Мандах, гавьяат багш Ш.Түдэв, хууль зүйн гавьяат ажилтан С.Батсүх, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан академич П.Нямдаваа, МУ-ын гавьяат мал зүйч, доктор профессор Г.Чадраабал, Б.Минжигдорж зэрэг алдар цолтой хүмүүс амьдардаг.
1994 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хууль батлагдаж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо нь энэ хуулийн хүрээнд хамрагдах болсноор иргэд газар ашиглах, эзэмших, өмчлөх хууль эрх зүйн үндэслэлгүй болсоор өнөөг хүргэсэн байна. 2003 онд БОАЖЯ, БСШУЯ, ЭМЯ- ны салбаруудын гурвалсан 90/168/127 тоот тушаалаар Зайсангийн аманд аялал жуулчлалын бүс хөгжүүлэх бүсчлэлийн ерөнхий төлөвлөгөө батлагдсанаар тус нутаг дэвсгэрт барилга, орон сууц баригдах эх үүсвэр тавигдсан. “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуульд зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд аялал жуулчлал болон судалгаа, шинжилгээ явуулах зөвшөөрлийг тодорхой хугацаа, болзолтойгоор ашиглаж болно гэж заасан байдаг. Гэвч эдгээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд нь тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөгдсөн үйл ажиллагааг зөрчиж, тус нутаг дэвсгэрт орон сууц, барилга байгууламжийг өнөөг хүртэл эмх замбараагүй барьсаар байна.
Энэ хороонд суурьшин амьдарч байгаа иргэд газар ашиглах, эзэмших, өмчлөх эрхгүйн улмаас хуучнаар Байгаль Орчин, Аялал Жуучлалын Яамнаас ААН-д тусгай зөвшөөрлөөр олгогдсон газар ашиглах эрх нь иргэдийн эдэлбэр газартай давхцан газрын маргаан үүсэх эх үүсвэр болж улмаар иргэд шүүхэд шалгагдах асуудал олноор гарчээ. 2013 оны байдлаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны 30 гаруй иргэд шүүхэд дуудагдан, иргэн ААН-ийн хоорондын маргааны улмаас нэг иргэн эрүүгийн хэргээр ял эдэлсэн, нэг иргэн эрүүгийн хэргээр шалгагдан хэрэг нь хэрэгсэхгүй болсон ба бусад газрын маргаантай холбогдолтой хэргийн улмаас долоон өрх эд хөрөнгө, эрүүл мэндийн хохирох үзэж, сэтгэл зүйн дарамтад орсон гэсэн гомдол гаргажээ.
Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо нь баруун талаараа 5 дугаар хороо ба Нүхтийн зам, зүүн талаараа 11, 2, 3 дугаар хороо буюу Туул голын яармагийн гүүрийн хэсэг, урд талаараа Богдхан уулын Хүүш, Энхтайван, Арцат, Нүхт, хойд талаараа Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороотой хил залгадаг. Тус хороо нь гэр хороололын 9 хэсэгтэй. Дүүргийн нийт хүн амын зургаан хувь нь оршин суудаг ба 1845 өрх, 7319 хүн амтай. Хорооны нийт өрхийн 78 хувь нь гэр хорооллын байшинд, үлдсэн 22 хувь нь гэрт амьдардаг. Эдгээрээс 88 өрх, 210 иргэн 4 дүгээр хорооны 9 дүгээр хэсэг буюу Арцатын ам болох Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутагт харьяалагдан, он удаан жил суурьшин амьдарсаар байна. Нийт өрхийн 166 нь ядуу, 82 нь нэн ядуу ба 0-18 насны хүүхэд 2235, 2-13 насны хүүхэд 1308, бүтэн өнчин хүүхэд 22, хагас өнчин хүүхэд 127, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд 21, ахмад настан 483, өрх толгойлсон эцэг 28, өрх толгойсон эх 187, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 306, ажилгүй 221 иргэн байна. Тус
хороонд 57 аж ахуйн нэгж бүртгэлтэйн зэрэгцээ нэг цэцэрлэг (12 дугаар цэцэрлэг), хоёр ерөнхий боловсролын сургууль ажиллаж байна (34, 63 дугаар сургууль).
Энэхүү шийдвэрийн төслийг санаачлахдаа дээр дурдсан үндэслэл шаардлага, иргэдийн санал хүсэлтийг иш үндэс болгохын хамт тухайн бүс нутаг дахь тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээний бүрэн бүтэн байдлыг хадгалах, улмаар түүний хил хязгаар, хэлбэр, хэмжээ, бүтцийг нь зүй бусаар хөндөж алдагдуулахгүй, аливаа эрсдэлд оруулахгүй байх талыг харгалзан тэдгээрийн байгаль, экологийн жам ёсны харилцан шүтэлцээт оршин тогтнох нөхцлийг хангах үүднээс тодорхой газрыг тусгай хамгаалалтын бүсээс чөлөөлөх юм.
Богдхан уулын дархан цаазат газраас Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Зайсангийн амнаас 23,2 га, Богинын амнаас 0,3 га, 4 дүгээр хорооны Арцатын амнаас 21,8 га нийт 45,3 га газрыг тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсээс чөлөөлүүлэхээр төлөвлөөд байна.
Ингэснээр эдгээр нэр бүхий газарт он удаан жил үе дамжин амьдарч суурьшсан иргэдийн газар өмчлөл, эзэмшлийн асуудал шийдэгдэж, улмаар амьдрал ахуй, нийгмийн олон асуудал хуулийн хүрээнд зохицуулагдан хууль, тогтоомжийн хэрэгжилт сайжран, түүнтэй холбогдсон зөрчил буурах болно.
УИХ-ын нэр бүхий гишүүд бид энэхүү тулгамдсан асуудлаар өөрсдийн сонгогдсон тойргийн иргэд, сонгогчдоос тавьж буй санал, хүсэлтийг үндэслэн санал нэгдэж, хууль санаачлах бүрэн эрхийнхээ дагуу энэхүү УИХ-ын тогтоолын төслийг санаачилж байна.
Нийгэм, эдийн засаг, хууль зүйн үр дагавар, тэдгээрийг шийдвэрлэх талаар
Энэ тогтоолын төсөл батлагдсанаар Дархан цаазат Богдхан уулын тусгай хамгаалалттай газар нутагт он удаан жил, үе дамжин амьдарч суурьшсан нийт 700 өрхийн 2000 гаруй иргэд Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу газар өмчлөх, эзэмших эрх хангагдаж, улмаар үл хөдлөх хөрөнгө болох газар, байшин, орон сууцаа эдийн засгийн эргэлтэд оруулах замаар ая тухтай ажилтай, орлоготой амьдрах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.