Х.Баттулга: Хоёр хөршдөө буудай экспортлох боломжтой
Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга
2013.09.16

Х.Баттулга: Хоёр хөршдөө буудай экспортлох боломжтой

Энэ жилийн ургац хураалтад 1100 орчим комбайн ажиллах ба техник засвар үйлчилгээний ажил 90 гаруй хувьтай байгаа гэнэ. Энэ үеэр ургац хураалт болон яамны зүгээс ямар бодлого барин ажиллах тухай ҮХАА-н сайд Х.Баттулгатай цөөн хором ярилцлаа.

-Ургац хураалт эхэлж байгаатай холбогдуулан тариаланчидтай уулзлаа. Тулгамдаж буй асуудал юу байна вэ?

-Тариалангийн голлох бүс нутгуудаар явлаа. Ойрын үед бороо орохгүй цаг агаар тогтуун байна гэсэн мэдээлэл байгаа учир улаан буудайн болц гүйцчих болов уу гэж бодож .байна. Харин тариаланчдын хувьд ургацаа хураачихдаг ч дараа нь борлуулах газар олдохгүй байх гэсэн болгоомжлол их байгаа бололтой. Энэ асуудлыг хүлээн авлаа.

-Улсын хэмжээнд хэдий хэмжээний үр тариа агуулах боломжтой байдаг юм бол?

ҮХАА-н сайд Х.Баттулга хөдөө орон нутагт ажиллаа

-450 мянган тонн тариа хураах урьдчилсан бланс гарсан. Аж ахуйн нэгжүүд, Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон гурилын үйлдвэрүүд нийтдээ 500 орчим тонн үр тариа агуулах боломжтой.

-Энэ салбарт төрөөс ямар бодлого хэрэгжүүлбэл үр дүнтэй харагдаж байна?

-Саалиа бэлдэхээр саваа бэлд гэж үг байдаг. Сүүлийн гурав, дөрвөн жил зүтгэсний эцэст газар тариалангийн салбар овоо сэргэх хандлагатай байна. Тийм ч учраас гадаад улс орнуудаас улаан буудай өгөөч гэдэг байснаа одоо танай улсад улаан буудай экспортолъё гэж хэлэхээр болсон байна. Энэ бол амжилт.

Манай урд хөрш л гэхэд асар олон хүн амтай, хүнсний маш том зах зээл. Хойд хөрш маань ч ялгаагүй. Харин манай тариа будаа бордоо бага хэрэглэдэг эрүүл хүнс учраас хоёр хөршдөө буудай экспортлох санал тавьж болох юм гэж харагдаж байна.