УИХ-ын гишүүн, Өргөдлийн Байнгын Хорооны дарга Р.Бурмаа
2013.09.19

Р.Бурмаа: Үүргээ биелүүлээгүй хөрөнгө оруулагчдад ямар хариуцлага хүлээлгэх вэ?

УИХ-ын ээлжит бус чуулган өчигдөр үргэлжилж Засгийн газраас санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдлээ.

Эдийн засгийн хөгжлийн сайд Н. Батбаяр хуулийн төслөө танилцуулсан юм.

УИХ-ын гишүүн, Өргөдлийн Байнгын Хорооны дарга Р.Бурмаа:

-Хөрөнгө оруулалт, бизнесийн хөгжлийн агентлаг шинээр байгуулах юм байна. Гэвч хөрөнгө оруулагчдыг бүртгэх, гэрчилгээ олгох, хянах гэх мэт хийх ажил нь өргөн хүрээтэй байх нь.

Гэрчилгээг 30-45 хоногийн дотор олгохоор заажээ. Ийм богино хугацаанд амжих уу. Бас нэг том асуудал байна. Үүргээ биелүүлээгүй хөрөнгө оруулагчдад ямар хариуцлага хүлээлгэх вэ?

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр:

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр

-Богино хугацаанд хариу өгөх юм. Хуулийн заасан хугацаанд хариу өгнө, нэг удаа буцааж болно. Хугацааг сунгах асуудал нээлттэй бий. Хэлэлцүүлгийн явцад гишүүд нэмэх санал оруулж болно.

Хяналт хариуцлагын тухайд Компанийн тухай хуулиар зохицуулаад явж болох юм. Хариуцлагын тогтолцоо хангалтгүй гэж үзвэл нэмж тусгах(нь нээлттэй шүү.

УИХ-ын гишүүн, Өргөдлийн Байнгын Хорооны дарга Р.Бурмаа:

-Үүргээ биелүүлээгүй хөрөнгө оруулагчдын гэрчилгээг нь цуцлах тухай заалт алга. 30 сая төгрөгөөр торгох юм байна. Үүрэг биелүүлдэггүй хариуцлагагүй компаниуд ороод ирэх вий. Тэдэнд 30 сая төгрөг хэт бага биз дээ?

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр:

-Хариуцлагыг нэмж тусгаж болно. Шинэ хууль учир хэлэлцүүлгийн явцад заалт нэмж тусгах нээлттэй байгаа.