Монголын макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл барилгын салбарт
Гадаадын хөрөнгө оруулалт 2013 онд 46 хувиар буурсан байна.
2013.09.19

Монголын макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл барилгын салбарт

Монголын Барилгын Үндэсний Ассоциациас Монгол улсын макро эдийн засгийн өнөөгийн байдал нь барилгын салбарт хэрхэн нөлөөлөх талаар санал солилцохоор 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулллаа.

Уулзалтанд Ассоциацийн ерөнхийлөгч О.Чулуунбат, дэд ерөнхийлөгч Н.Баярсайхан, Ц.Эрдэнэчулуун, гүйцэтгэх захирал Г.Түмэнжаргал, УЗ-ийн зарим гишүүд, орон сууцны зах зээлд хөрөнгө оруулагч, барилга угсралтын 40 орчим компанийн төлөөлөл оролцлоо.

Монголд уул уурхайн бизнесийн салбар хумигдаж, гадаадын хөрөнгө оруулалт 2013 онд 46 хувиар буурсны улмаас сүүлийн 19 сард гадаад худалдааны нөхцөл 23 хувиар буурч байгаа зэрэг хэд хэдэн шалтгаанаас эдийн засгийн өсөлт удааширах, хүндрэл тулгарах төлөвтэй байгаа.

Эдийн засгийн энэхүү савалгаа нь барилгын салбарт ямар сөрөг нөлөө үзүүлж болох талаар зөвлөлдөх уулзалтанд оролцсон хүмүүс санал бодлоо солилцож, дараах сэдвүүдийг хөндөн ярилцлаа. Үүнд:

Уулзалтад 40 гаруй төлөөлөгчид оролцов

1. Засгийн газраас энэ онд орон сууцны зах зээлийн санхүүжилтийн зөв тогтолцоо бий болгох, орон сууцны үнийг тогтворжуулах зорилгоор дэд хөтөлбөрийн хүрээнд олгосон хөнгөлөлттэй зээл нь эзнээ олсон эсэх, энэ арга хэмжээ үр өгөөжтэй байж чадаж байгаа юу?

2.Цаашид орон сууцны үнэ тогтворжих уу, ипотекийн зээл үргэлжлэх үү?

3. Валютын ханш өссөөр байх уу, эдийн засаг хямарсаар байх уу?

4. Засгийн газраас барилгын салбарт Ирэх жилд ямар бодлого, стратегигийг баримтлах вэ?

5. Барилгын гол нэрийн бараа, бүтээгдэхүүн, материалын үнийг тогтворжуулах нэрээр дахин мөнгө тараах уу, эсвэл дунд хугацаанд үр өгөөжтэй бодлого үйл ажиллагаа явуулах уу?

6. Чингис бондын санхүүжилт, бондоос шугам сүлжээний ажлуудад оруулсан зарцуулалт?

Дээрх сэдвүүдээр оролцогчид нээлттэй ярилцаж, санал бодлоо солилцсны үр дүнд Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн явцыг нээлттэй мэдээллэх,

Засгийн газар болон бусад байгууллагаас барилгын салбарт олгож байгаа санхүүжилт эзэндээ хүрдэг болоход нөлөөлөх, Чингис бондоос барилгын салбарт санхүүжилт хийж байгаа ч, шууд гэрээний шалгаруулалтын ажлууд хэт удаан, зохион байгуулалт муутай байгаад анхаарал хандуулан ажиллах,

барилгын салбарынханд мэдээллийг нээлттэй хүргэж байх хэрэгтэй зэрэг асуудлуудад санал нэгдэж, цаашид дээрх бэрхшээлүүдийг арилгах чиглэлд хийж байгаа Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн ажлыг дэмжин ажиллахаар болллоо.  

МБҮА-ийн Ерөнхийлөгч О.Чулуунбатын өгсөн мэдээлэл, санал зөвлөгөөнөөс товчлон хүргэхэд “Гадаадын хөрөнгө оруулагчид Монголын төрийн савалгаатай бодлогод ихээхэн эргэлзэж байгаагаа илэрхийлж, Чингис бондын зарцуулалтыг анх төлөвлснөөс өөрөөр зарцуулж байгаад ЗГ-аас тайлбар хийхийг шаардаж байгаа, тэд Монголын засгийн газрыг нэг жилийн дотор гадаад худалдааны нөхцөлөө 23 хувиар муутгасан бас нэг өөр рекордоо геннист бүртгүүлэх боломжтой болчихов уу гэж егөөдөж хэлж байна.

Цаашид УИХ, ЗГ хурдтай хэд хэдэн чухал арга хэмжээ авбал эдийн засагт эерэг нөлөө бий болж магадгүй ч хамгийн чухал нь УИХ-аар удахгүй хэлэлцэгдэх гэж байгаа “Хөрөнгө оруулалтын тогтвортой байдлын тухай хууль”-ийн төслийг батлах нь төрийн бодлогын залгамж халаа алдагдахгүй, аль ч засгийн үед чиг гольдролоосоо хазайхгүй байх эерэг үр дүнг бий болгоно.

Монголын засгийн газрыг нэг жилийн дотор гадаад худалдааны нөхцөлөө 23 хувиар буулгасан

Тиймээс энэ хуулийг батлах нь зүйтэй.  Зарим хөрөнгө оруулагчид манай улсыг хөгжихөд тийм ч олон жилийн хугацаа хэрэггүй гэж хэлдэг. Монголын эдийн засагт түлхэц өгөх томоохон төсөл хөтөлбөрүүд бүгд хөрш хятадын болоод дэлхийн зах зээл дээр амжилт олох бүрэн боломжтой.

Гэтэл яг энэ цаг үед бид гадны хөрөнгө оруулалтыг үргээснээр эдийн засгийн хөгжлөө зогсолтод оруулахад хүргээд байна. Хэдийн манай хөрш 2 орны хувьд хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байгаа ч нэг улсаас хөрөнгө оруулалт авах нь цаашид тухайн улсын хараат болох эрсдэлийг дагуулдаг.

Тиймээс хөрөнгө оруулалт, өр зээлийг аль болох хэд хэдэн улсад тараах бодлогыг барьж ажиллах нь аюулгүй байдаг. Эдийн засгийн өсөлт саарч, орлого багасвал, зах зээл дээр худалдан авах чадвар буурна. Ингэхээр орон сууцны худалдан авалт ч мөн буурч, барилгын салбарын хөрөнгө оруулалт эрсдэлд орох магадлалыг бий болгоно” хэмээн ярьлаа.

Мөн энэхүү зөвлөлдөх уулзалтаар МБҮА, БХБЯ-тай хамтран хийж байгаа орон сууцны нийлүүлтийн судалгааны явцын  тайланг танилцуулав.