Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо.
2013.08.09

Нийслэлийн 2013 оны зорилтын 50 гаруй хувь нь биелжээ

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо.

Хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилтын хүрээнд хэрэгжүүлэх ажлын эхний хагас жилийн гүйцэтгэлийг танилцууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг НИТХ-аар хэлэлцэн баталсан бөгөөд энэхүү хөтөлбөрт нийцүүлэн Нийслэлийн 2013 оны эдийн засаг, нийгмийн зорилтыг боловсруулж нийтдээ 379 чиглэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгасан юм.

Эдгээрээс нийслэлийн удирдлагууд тус тусын хариуцан хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө календарчлан боловсруулжээ.  Нийслэлийн эдийн засаг нийгмийн зорилтод туссан “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг НИТХ-аар батлуулснаас гадна “Улаанбаатар орон сууцны сан” байгуулсан.

Улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл, тусламжаар бий болсон 21.1 тэрбум төгрөгийн хөрөнгийг  бүртгэлд тусгаж, концесс олгох 14 уралдаант шалгаруулалтыг зарласан гэж нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцууллаа.

Мөн нийслэл хотын татварын  эрх зүйн орчныг бий болгох, татварын орлогыг нэмэгдүүлэх, татварын багц хуульд өөрчлөлт оруулах саналаа нэгтгэн Сангийн яаманд хүргүүлсэн зэрэг хотын төсөв санхүүтэй холбоотой ажлын гүйцэтгэл хагас жилийн байдлаар 69,7 хувийн биелэлтэй байгаа юм байна.

Харин нийслэлийн зам тээвэр дэд бүтцийн салбарын ажлын төлөвлөгөөний биелэлт эхний хагас жилийн байдлаар 69.8%-тай байна. Нийслэлд энэ жил улсын болон нийслэл, хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар 88 замын ажил хэрэгжих бөгөөд одоогоор дөрвөн замын ажил бүрэн дууссан, есөн зам, нэг гүүрний  зорчих хэсгийг нээгээд байгаа.

Зам барилгын ажил 62,5 хувьтай явж байна.

Зам барилгын ажил 62,5 хувьтай явж байна гэж Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр танилцууллаа. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, зорчих хэсгийг нэмэгдүүлэх зорилгоор хорооллуудыг холбосон автозамыг шинээр тавихаар нийслэлийн 2013 оны зорилтод тусгасан юм.

Энэ зорилтын хүрээнд орон сууцны хороолол дунд байгалийн чулуун хучилттай автозамыг 9 байршилд хийхээр төлөвлөж зураг төсвийн ажлыг хийсэн байна.

Өнөөдрийн байдлаар Сэлхийн зуслангийн 4,5 км автозамын ажлын явц 30 хувь, Яармагийн гүүрнээс Нисэх, Нисэхийн Товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн Товчоо хүртэлх 13,7 км автозамын өргөтгөл шинэчлэлтийн ажил 41 хувьтай явагдаж байгаа бөгөөд төлөвлөсөн хугацаандаа чанартай гүйцэтгүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна гэдгээ тэрээр онцолсон юм.

Эдийн засгийн хөгжлийн яамнаас хэрэгжүүлж байгаа Гудамж төслийн хүрээнд нийслэлд 33 уулзвар хийхээр болсон. Одоо  Өргөө, Саппоро, 19-р хороолол, Дарь-Эхийн уулзварууд бүрэн ашиглалтад орсон бөгөөд “Хүй долоон худаг”-т 8,5 автозам шинээр барьсан зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байгааг  нэмж танилцууллаа.

“Хүй долоон худаг”-т 8,5 автозам шинээр барьжээ.

Харин хот байгуулалтын хувьд, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг УИХ-аар хуульчлан батлуулж, энэхүү ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан гэр хорооллын дахин төлөвлөлт, газар зохион байгуулалт, шинэ суурьшлын бүс тогтоох, нийгмийн үйлчилгээний барилга барих зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөсөн.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд эхний 12 байршилд ажил гүйцэтгэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулсан бөгөөд 12 аж ахуйн нэгж, 4 байршилд ажлаа эхлүүлээд байгаа юм байна.  Түүнчлэн цэцэрлэг бага сургуулийн 89 цогцолбор барих ажлын зураг төсөв хийгдэж дуусчээ.

Нийгмийн хамгааллын чиглэлээр энэ жил нийт 71 чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар төлөвлөснөөс хагас жилийн ажлын гүйцэтгэл 67 хувьтай байна. Энэ онд нийтдээ 9563 иргэнийг ажилд  оруулж, орон гэргүй тэнэмэл иргэнийг нийгэмшүүлэх, тусгай сургалтад хамруулах ажил 60 гаруй хувийн биелэлттэй байгаа юм байна.

“Оюутан, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн, 10,0 мянган оюутан залуусыг цагийн ажлын байраар хангах хөтөлбөр боловсруулан Хөдөлмөрийн яам, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвд хүргүүлсэн байна.

Цэцэрлэг бага сургуулийн 89 цогцолбор барих ажлын зураг төсөв хийгдэж дуусчээ.

Түүнчлэн нийтийн эзэмшлийн гудамж талбайг тохижуулах, дэд бүтцийг засварлах зэрэг бүтээн байгуулалтад чиглэгдсэн ажилд нийгмийн эмзэг бүлгийн болон орлогогүй 15,0 мянган иргэнийг хамруулж, түр ажлын байраар хангах ажлыг эхлүүлсэн ч зарим нэг шалтгааны улмаас удаашралтай байгаа юм байна.

Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хагас жилийн ажлын тайлангаа хэлэлцээд, удаашралтай байгаа ажлын хэрэгжилтийг эрчимжүүлэх, байгууллагын нэгжийн албан хаагчдын хариуцлагыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллахыг нийслэлийн удирдлагуудад даалгалаа.

Тус хуралдаанд нийслэлийн удирдлагуудаас гадна дүүргийн Засаг дарга нар оролцож, хагас жилд хэрэгжүүлсэн ажлын тайлангаа танилцуулсан юм.