Улаанбаатар хамгийн гоё ногоон хот болно
Bloomberg телевизийн Ярилцах цаг нэвтрүүлгийн зочноор Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл оролцлоо.
-Таныг анх ажил авч байхад иргэдийн зүгээс ямар шаардлагыг тавьж байсан бэ?
-Хамгийн түрүүнд тавигдаж байсан шаардлага бол Улаанбаатар хотод замбараагүй газар өгч байна. Барилгын зөвшөөрлийг иргэдийн санал бодлыг сонсохгүйгээр өгч байгааг зогсоож өгөөч гэдэг асуудал байсан.
Учир нь барилгын зөвшөөрлийг газрыг олгож байгаа замбараагүй үйл явдлын хохирогч нь дандаа иргэд, оршин суугчид. Гадны орнуудад барилгын зөвшөөрлийг дарга биш оршин суугчид олгодог.
Гэхдээ олгох талбай хэмжээ хязгаартай. Яагаад гэвэл ямар нэгэн барилга байгууламж барихад тэр хавийн үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг нэмэх үү, бууруулах уу гэдэг асуудал яригддаг.
-Барилгын зөвшөөрлийг таны зүгээс журам гаргаж хялбаршуулсан. Цаг хугацаа, хүнд суртал багассан талаасаа илүү өгөөжтэй байв уу эсвэл нэг талаас нь цэгцлэх талаасаа илүү өгөөжтэй байв уу?
-Хүнд суртлыг багасгах, хөрөнгө оруулагчдаа захиргааны болон төрийн дарамтнаас ангижруулах чиглэлээр бид гайхалтай арга хэмжээ авч чадсан. Өмнө нь барилгын зөвшөөрөл авахад хагас жилээс хоёр гурван жил болдог байсан.
Одоо гурван гарын үсэг зураад л барилгын зөвшөөрөл олгогддог болсон.
Одоо гурван хүн гарын үсэг зураад, цаанаа 45 хоногоос хойш хуулийн ямар ч үндэслэлгүйгээр барилгын зөвшөөрөл олгохгүй бол тэр хүн шууд барилгаа барих эрхтэй гэж журамласан нь маш том дэвшил болсон.
Тоон үзүүлэлтийг нь хэлэхэд зөвхөн нэгдүгээр улирлын байдлаар бидний олгосон барилгын зөвшөөрөл өнгөрсөн оны бүтэн жил олгосон барилгын зөвшөөрөлтэй тэнцэж байна.
Одоогоор 290 орчим барилгын зөвшөөрөл олгосон. Энэ нь өнгөрсөн оны бүтэн жил олгосон зөвшөөрөлтэй тэнцэхүйц болж байна. Мөн зөвшөөрөл өгөхөд техникийн нөхцөл шаардахаа болисон нь ихээхэн ач холбогдолтой.
-Анх таны зарим шийдвэрүүдийг барилгын ажил зогсоочихлоо, хөрөнгө оруулалтыг нурааж байна гэх мэт шүүмжлэлүүд байсан. Гэхдээ тодорхой үр дүнгүүд гарчихлаа. Танд зөв ажил хийхээс гадна зөв ойлгогдох нь чухал байжээ гэж бодогддог уу?
-Асуудлыг хүн бүр өөр өөрийнхөө өнцгөөс харна. Жишээ нь Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал энэ чиглэлээр намайг нилээн шүүмжилдэг. Н.Золжаргал бол банкир, эдийн засагч хүн. Н.Золжаргалын нүдээр энэ бол эдийн засаг дээрх хөрөнгө оруулалтын цар хүрээг бууруулж, эдийн засгийн идэвхижилд саад учруулж байна гэж.
Ийм учир шалтгаан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ нөгөө талаас тогтвортой эдийн засгийн чиг хандлага өөрөөр хэлбэл зах замбараагүй хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа нь хөрөнгийг үнэгүйдүүлэх, иргэдийг хохироох гээд эдийн засагт ч хортой. Мөн бүтэн жилд олгодог зөвшөөрлийг нэг улиралд олгосноор эдийн засгийн үр өгөөж улирлаар нь тооцвол дөрөв дахин нэмэгдсэн.
-Хөрөнгө оруулалт татах талаасаа таны ямар санаачилгыг дурьдаж болох вэ? Ялангуяа жижиг дунд бизнесийг дэмжих тал дээр?
-Төр хамгийн том худалдан авагч мөртлөө дотоодын үйлдвэрлэгчийнхээ бүтээгдэхүүнийг худалдаж авдаггүй. Төрийн төсөв томорч худалдан авалт, зарлага нэмэгдээд байхад үйлдвэрлэл, эдийн засаг босдоггүй. Ажилгүйдэл буурдаггүй.
Эрээний эдийн засаг босч, Хятад, Солонгосын эдийн засаг руу хөрөнгө оруулалт болоод байдаг. Ийм менежмент хаана ч байхгүй. Одоо Улаанбаатарын төсвийн хөрөнгө оруулалтаар бид хогийн сав, уут, зам дэвсэх чулуу, замын материалаа дотоодын үйлдвэрлэгчээсээ худалдаж авах гэж байна.
-Дотоодод үйлдвэрлэгч байхгүй бол яах вэ?
-Манай компаниуд хогийн уут, чулууны үйлдвэрүүд замын чулуу хийж байна. Сая манай нэг үндэсний компани дэлхийн стандартын замын боржур үйлдвэрлэсэн. Хөтөлд төмөр замын дэр бетон үйлдвэрлэж байхад бид түүнийг эрээнээс авчирч байна.
Өөрөөр хэлбэл эрх мэдэлтнүүд шахааны бизнес хийн, үндэсний үйлдвэрлэлүүдээ золигт гаргаад өөрсдөө импортоор юм оруулж ирэн төсвийн хөрөнгөөр шахдаг.
Эрээнийг босгож өгөхөд хамгийн том худалдан авагч нь бид байлаа. Эрээн монголд зориулсан хулхи бүтээгдэхүүн хийдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн район болж хувираад байна.
Түүнчлэн бид Улаанбаатар хотын зам гудамжинд чулуун зам дэвсэх гэж байгаа. Жаахан үнэтэй хэдий ч чулуун зам олон жилийн настайн дээр гээд маш олон талын ач холбогдолтой.
Үүнийг хийхийн тулд 10 сая чулуу худалдаж авах болтол манай чулууны үйлдвэрийн хөрөнгө оруулалт ихээр нэмэгдсэн. Мөн сар бүр сая таван зуун мянган ширхэг хогийн хар уутыг авч иргэд, айл өрхүүдэд тараах гэж байна. Манайд энэ уутыг нийлүүлэх үндэсний хоёр үйлдвэр бий.
-Таны хувьд нийслэл хотод өссөн. Тэр үед гадуур алхахад мод, зүлэгтэй сайхан мэдрэмж төрдөг байсан талаар хүмүүс дурсаж ярьдаг. Таны бодлоор энэ үе эргэж ирэхэд хэр хол байна?
-Их ойрхон бий. Ногоон байгууламжийн тухайд өмнө нь бид суботникийн ажил гэж ойлгож ирсэн. Гэтэл энэ бол зам тавих, барилга байгууламжтай ижилхэн мэргэжлийн ур чадвар шаардсан мэргэжлийн үйл ажиллагаа.
Энэ жилээс ногоон байгууламжийн ажлыг маш эрчимтэй эхлүүлнэ. Цаашдаа Улаанбаатар хамгийн гоё ногоон хот болж хувирна. Манай хот тохижилтийн газар Сибирээс орой хагдардаг, 11 сарын сүүл хүртэл байх, хүйтэнд тэсвэртэй цэцэг, зүлэг авчирч байна.
-Таны бодлоор Улаанбаатарын имиж гээд бодоход юу сэтгэлд чинь буудаг вэ?
Гэр хороолол тохилог хаус бүхий орчин цагийн хороолол болно.
-Улаанбаатар хотын имиж гэхээр нийтэд гэр хороолол гэж харагддаг. Гэр хороолол бусад хотуудаас ялгадаг нэг содон тэмдэг болоод байгаа. Гэхдээ энэ имижийг бид алдахгүй гэж бодож байгаа ч гэр хороолол тохилог хаус орчин цагийн хороолол болно.
Гэр хорооллын шинж юугаараа алдагдахгүй гэхээр манайх орон сууцны тухайд хаана ч байхгүй нэг давуу талтай. Энэ нь хүмүүс тав тухтай амьдрах хаусынхаа хажууд дандаа гэр барьдаг. Бид орон сууцны хорооллын голд цэвэрхэн гэр барихыг зөвшөөрнө.
Гэр хорооллын иргэд бол газрын эзэд. Эцсийн шийдвэрийг газрын эзэд гаргана. Дахин төлөвлөлтөөр шалгарсан компани нь хөрөнгө оруулагчид. Одоо хөрөнгө оруулагчид газрын эзэд хоёрын хооронд яг л тавантолгой, оюутолгой дээрх шиг хэлэлцээр явж байгаа.
-Монгол Улсын хувьд орон сууцны эрэлт талаасаа шаардлага өндөр байна. Сүүлийн үед хотын захиргаа, Засгийн газар нийлээд хувийн хэвшлийг оролцуулан тэдний хүндрэлтэй асуудлыг шийдэх замаар орон сууцны эрэлтийг нийлүүлэлт тал дээр нь дэмжиж байна. Анх удаа хувийн хэвшилтэй ярьж байгаа талаасаа содон сонсогдож байлаа.
-Орон сууцны эрэлт нийлүүлэлт тал дээр нэг буруу ойлголт байна. Орон сууцны барилгын материалын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, орон сууц барихыг нэмэгдүүлэх замаар нөгөө талд нь худалдан авалтыг нэмэгдүүлэх замаар эрэлт нийлүүлэлт хоорондоо тохирно гэж байдаггүй.
Моргеж л орж ирэхгүй бол эрэлт нийлүүлэлт хоорондоо хэзээ ч нийлдэггүй. Моргеж орон сууцны эрэлт нийлүүлэлтийн холбоос нь болдог. Сая таван зуун мянган төгрөгний орлоготой өрх хэд байна. Тэд ямар үнэтэй орон сууц авах боломжтой вэ гэдгийг моргеж хэлж өгдөг.
Моргежийнхоо хүчин чадлаас хэтэрсэн орон сууцны нийлүүлэлт хийгдсэнээс АНУ-ын эдийн засаг хямарсан. Тиймд бид моргежийн механизмаа сайжруулах хэрэгтэй. Моргежийн холбоосоо алдаж болохгүй.
-Таныг ажиллах хугацаанд иргэдээс асууж буй асуулт, хүсэлт хэр зэрэг өөрчлөгдөж байна вэ?
-Нийслэлчүүдийн өөрчлөлтийн хурдыг бид гүйцэхээ больж эхэлж байна. Түгжрэлийг нилээн тэвчихээ болисон. Харамсатай нь түгжрэл нэмэгдсэн. Учир нь цагаан сараас хойш 36 машин шинээр дугаар авч хөдөлгөөнд орсон. Түүнчлэн энд тэнд зам засварын ажил хийгдэж байна.
Хотын өнгө төрхийг тэр чигээр нь өөрчилсөн дарга гэдгээрээ л үлдмээр байна.
Дараа нь хотоо цэвэрхэн байх шаардлага өндөрссөн. Хогийг тэвчихээ больж, хогоо ил хаяхаа болисон. Гэтэл бидний үйлчилгээ хоцорч байна. Иргэд өөрсдөө барилгын зөвшөөрөл олгоход оролцдог болсноо мэдээд шаардлага нь нэмэгдэж эхэлж байгаа.
-Та олон жил УИХ-ын гишүүнээр ажиллаж, улс төрд явсан. Одоо төрөлх хотынхоо даргаар ажиллаж байна. Таны бодлоор түүхэнд та юугаараа илүү тод харагдаж үлдье гэж боддог вэ? Улстөрчөөрөө юу. Хотын өнгө төрхийг тэр чигээр нь өөрчилсөн дарга гэдгээрээ юу?
-Хотын өнгө төрхийг тэр чигээр нь өөрчилсөн дарга гэдгээрээ л үлдмээр байна. Бид Парисаас хоёр архитектур авчирсан. Тэгээд хотынхоо байдал, хот төлөвлөлтөө харуулсан. Тэр хоёр мэргэжилтэн зайсан толгойгоос Улаанбаатар хотыг хараад танай хотод ямар гоё ирээдүй байнаа гэж хэлсэн.
Улаанбаатар хотын 78 хувь нь гэр хорооллынхон байдаг. Энэ 78 хувь дээр шинэ Улаанбаатарыг цогцлооно. Улаанбаатар маань гайхалтай гоё болно. Байгалийн тогтоц нь гоё байх нь хот гоё байхын үндэс. Ийм байгалийн гоё тогтоцтой хот тэр болгон байдаггүй. Бид олимп руу явж байна.