Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан
2013.02.21

Сүхбаатарын хот төлөвлөлтийн арга туршлагыг судлав

 Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан аймаг бүрийг хот болгон хөгжүүлэх, “1000 айлын орон сууц” төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Барилга, хот байгуулалтын яам Сүхбаатар аймгийн ЗДТГ хамтран хот төлөвлөлтийн семинарыг Баруун-Урт хотод зохион байгууллаа.

Семинарт Барилга, хот байгуулалтын яам, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар, Барилгын хөгжлийн төв, Хот байгуулалт, барилгын зураг төслийн институт, дотоодын зураг төслийн байгууллагууд, Баянхонгор, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Төв, Хэнтий, Дорнод аймаг, нийслэл хотын Багануур, Налайх дүүргийн удирдлага болон дотоод, гадаадын арав гаруй аж ахуйн нэгж гээд нийтдээ 130-аад хүн оролцож, хот байгуулалтын бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харилцан ярилцсан байна.

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан Сүхбаатар аймаг хөгжлийн төлөвлөлтдөө бусдаас илүү бодитой ажлыг сүүлийн жилүүдэд хийсэн учраас энэхүү семинарыг тус аймгийн төвд зохион байгуулж байгааг дурдаад “Хот байгуулалтын салбарын хууль, эрх зүйн орчинг шинэчилж, олон улсын жишигт хүргэх, аймгийн төв болон 15000-аас дээш оршин суугчтай хотуудыг улсын зэрэглэлтэй хот болгох, иргэдийг орон сууцжуулахдаа газрыг үнэ төлбөргүй олгож, инженерийн дэд бүтцийг улсын төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэн  орон сууцны үнийг иргэдийн худалдан авах чадварт нийцүүлэн тогтоох” бодлого барьж ажиллаж байгаагаа тайлбарлалаа.