Зэвсгийн худалдааг зохицуулах тухай гэрээнд гарын үсэг зурав
Гадаад харилцааны сайд Л.Болд “Олон улсын гэрээний арга хэмжээ”-нд оролцлоо.
2013.09.25

Зэвсгийн худалдааг зохицуулах тухай гэрээнд гарын үсэг зурав

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганд оролцож буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр тус чуулганы үеэр болсон “Олон улсын гэрээний арга хэмжээ”-нд оролцож,

Зэвсгийн худалдааг зохицуулах тухай олон улсын гэрээ, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн нэмэлт протоколд Монгол Улсыг төлөөлж тус тус гарын үсэг зурлаа.

Ердийн зэвсгийг хууль бусаар худалдаалах, ашиглах, ялангуяа террорист үйл ажиллагаанд хэрэглэхгүй байх шаардлагыг үндэслэн НҮБ-ын Ерөнхий Ассамблей Зэвсгийн худалдааг зохицуулах тухай гэрээг 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдөр баталсан билээ.

Уг гэрээ нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг тогтоон сахиулахад дөхөм үзүүлэх зорилготой.

Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг тогтоон сахиулахад дөхөм үзүүлэх зорилготой уг гэрээ нь ердийн зэвсгийн олон улсын худалдааны зохицуулалтыг сайжруулах талаар оролцогч улсуудын хүлээх үүргийг тусгасан олон улсын баримт бичиг юм.

Монгол Улс НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцид 2002 онд нэгдэн орсон бөгөөд энэ удаад оролцогч улсуудад эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний байгууллага байгуулах үүрэг хүлээлгэж буй түүний нэмэлт протоколд нэгдэн орохоор гарын үсэг зурав.

Ийнхүү Монгол Улс Зэвсгийн худалдааг зохицуулах тухай олон улсын гэрээнд гарын үсэг зурсан 86 дахь улс, Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн нэмэлт протоколд гарын үсэг зурсан 80 дахь улс болов.