Мэндчилгээ
Аливаа улс үндэстний мандал, бадрал нь өнгөрсөн, одоо, ирээдүй хэмжээсээр тодорхойлогддог. Үүний халуун гэрч болж, эх түүхийн онцгой үед лугшсаар ирсэн монголын нийт ахмадууддаа баярын өдрийг тань тохиолдуулан мэндчилж буйдаа баяртай байна. Та наргүйгээр Монгол Улсыг хэрхэвч төсөөлөшгүй.
Эх хэл, түүх соёл, аугаа бүтээн байгуулалт, аж үйлдвэржилт, эх орны минь хөгжлийн гараа гээд тоочоод баршгүй олон нандин үйлсийн эзэд та бүхэн минь билээ. Залуу, хойч үе, үр хүүхэд, ач зээ нараа хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэсэн үнэлж баршгүй ачтанууд бол ахмадууд та бүхэн байдаг.
Монголчууд түүхийн нэн эрт цагаас өндөр цагаас өндөр настан, өтгөс буурлуудынхаа туулсан замнал, туурвисан бүтээл, аж төрөхүйн их сургаалаар тэжээгдэн өндийж, та бүгдийнхээ гавьяа зүтгэл, сэтгэл оюуны бат нот барилдлагыг эрхэмлэн дээдэлсээр ирсэн юм. Энэ нь шинэ мянганы хүчирхэг Монголын арилшгүй төрх байх учиртай.
Монгол Улс хөгжлийн шинэ гарааны өмнө ирээд байна. Та бүхнийхээ түүхэн гавьяа, халуун сэтгэл, эх оронч, эв нэгдлийн үзэл сургаалыг тань хором бүрт бататган зүтгэхээр ардчилал, шударга ёс, эрх чөлөөний халуун тунхагийг атган ирээдүй рүүгээ итгэлтэйеэ алхан орж байгаадаа таатай байна.
Нийслэлийн ахмад буурлууддаа зориулан тусгайлан хэрэгжүүлж буй “Ахмадын орон сууц” хөтөлбөр гэдгийг та бүхэн андахгүй мэдэж байгаа билээ. Цаашдаа ч ахмад үе, өндөр настнуудынхаа тав тухтай амьдрах орчныг бүрдүүлж, эрхэм хүмүний дээдээр үнэлэгдэн амьдрах эрхийг тань баталгаажуулахад
Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын бодлого, үйл ажиллагаа бодитоор чиглэгдэх болно. Урт насалж, удаан жаргаарай хэмээх Монголын сайхан ерөөл бий. Үр хүүхэд, улс орныхоо сайхан ирээдүйг нүдээр үзэж, чихээр сонсох мянга мянган өдрүүд та бидний өмнө гэрэлтэн байна. Та бүгдийг маань мөнх хөх тэнгэр ивээг.
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-үүл
2013 оны 10 дугаар сарын 1
Улаанбаатар хот