2013.10.07

Дотоодын хөрөнгө оруулагчдыг дэмжинэ

Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хөрөнгө оруулалтын хууль, хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслүүдийг хууль болгон баталлаа. Хөрөнгө оруулалтын хуулийг баталснаар бизнесийн орчин илүү тогтвортой, ойлгомжтой болохыг ажиглагчид хэлж байна.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Зоригт: УИХ-аар хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдлаа. Ингэснээр анх 1993 онд батлагдаж байсан гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг орлосон шинэ хуультай болж байгаа.

Манай улс өмнө нь зөвхөн гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжсэн хуультай байсан бол одоо дотоодын хөрөнгө оруулагчдыг дэмжиж, үйл ажиллагааг нь тогтворжуулсан хуультай болсноороо онцлог. Олон нийтийн дунд энэ хууль нь тодорхой тооны татварыг тогтворжуулж байгаа гэсэн өрөөсгөл ойлголт байна.

Хөрөнгө оруулагчдын  эрх ашиг, хууль эрх зүйн баталгааг хангаж, бизнесийг нь тогтвортой явах орчинг бий болгож байгаа.

Энэ хууль гол нь хөрөнгө оруулагчдын  эрх ашиг, хууль эрх зүйн баталгааг хангаж, бизнесийг нь тогтвортой явах орчинг бий болгож байгаа. Сүүлийн хэдэн жил эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулагч нарын эрх ашгийг хөндсөн нилээн хуулиуд гарсан.  

Үүнийг энэ хуулиараа засахыг оролдлоо. Ноднин баталсан стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль хүчингүй болж байгаа.

Гэхдээ гадаадын төрийн өмчит компани монголын уул уурхай, банк санхүү, хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны салбарт 33 хувиас дээш хөрөнгө оруулалт хийх болвол хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн яамнаас зөвшөөрөл авна.

Тэр зарчим энэ хуульд хадгалагдаж үлдэж байгаа. Зөвшөөрлийг асуудал хариуцсан сайд нь 45 хоногийн дотор хянан, олгож байхаар зохицуулалт хийсэн гэлээ.