Худалдан авах ажиллагааны хэрэгжилтэнд хяналт мониторинг хийнэ
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Дэлхийн банк болон “Худалдан авах ажиллагааны түншлэл” төрийн бус байгууллагуудтай хамтран Нийслэлийн авто замын худалдан авах ажиллагааны хэрэгжилтэнд хяналт мониторинг хийх “Туршилтын загвар” төслийг хэрэгжүүлэхээр боллоо.
Загвар төслийн хүрээнд иргэний нийгмийн байгууллагууд болон иргэдийн оролцоотойгоор авто замын худалдан авах ажиллагааны хэрэгжилт болон төлөвлөлт, тендер шалгаруулалт, цаашлаад гэрээний хэрэгжилтийн явц, биелэлтийн талаар хяналт мониторинг хийх юм.
Төсөлд эхний байдлаар Дүнжингарав худалдааны төвөөс Улиастайн замын уулзвар хүртэлх замын зүүн хэсгийн үргэлжлэл 6.0км авто зам, СБД 1-р хороо Олимпийн гудамжны 1.1 км авто замын шинэчлэлт, Сэлхийн 4,5 км автозамын ажил гэсэн 3 төсөл хөтөлбөрийг сонголоо.
Ингэснээр иргэд, иргэний нийгмийн байгууллагын бүтээлч хамтын ажиллагаа, мэргэжлийн шаардлага дээр тулгуурлан төсөл арга хэмжээний эцсийн үр дүнг дээшлүүлэх, аливаа бэрхшээлтэй асуудлыг харилцан судалж, хамтдаа шийдвэрлэх боломж бүрдэнэ. Тендер зохион байгуулалт, сонгон шалгаруулалтыг хариуцлагатай, зөв зохистой зохион байгуулснаар нийслэлийн ард иргэдэд хүрэх үйлчилгээний чанар хүртээмж сайжирна