Б.Цэрэнпүрэв: Аюулгүй ажиллагааг дээшлүүлэхэд анхаарна
Монголын авто замчдын ҮЭ-үүдийн холбооны дарга Б.Цэрэнпүрэв
2013.10.04

Б.Цэрэнпүрэв: Аюулгүй ажиллагааг дээшлүүлэхэд анхаарна

Авто замын салбарт 8000 гаруй хүн ажилладаг. Тус салбарт ажилладаг хүмүүсийн хөдөлмөр аюулгүй байдал, цалин хөлсний хангамж хэр байдаг талаар Монголын авто замчдын ҮЭ-үүдийн холбооны дарга Б.Цэрэнпүрэвтэй ярилцлаа.

-Та хэзээнээс холбооны даргаар ажиллаж байна вэ?

2008 оноос хойш сонгогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

-Өнгөрсөн таван жилийн хугацаанд ямар ажлыг хийж бүтээв ээ. Авто замын салбарын ажилчдын нийгмийн асуудлыг шийдэхэд хэрхэн нөлөөлсөн бэ?

2008 оноос манай холбоо Монголын ҮЭ-ийн холбооны бодлоготой уялдуулсан өөрийн дүрэм журмаа гаргасан. Энэ хүрээнд дөрвөн зорилт дэвшүүлсэн. Нэгдүгээрт: Салбарын ажиллагсдын цалин хөлс, нийгмийн асуудал, нэмэгдэл урамшууллыг нэмэгдүүлэх, олгодог болгох, хоёрт: Үйлдвэрчний эвлэлийн хороог төр болон хувийн хэвшлийн байгууллагуудад өргөтгөх, гуравдугаарт: хоёр ба гурван талт хамтын ажиллагаа, харилцааг өргөжүүлэх, дөрөвдүгээрт үйлдвэрлэлийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сайжруулах гэсэн зорилт байгаа.

-Хувийн хэвшлийн компаниуд ҮЭ байгуулахад тулгардаг саад бэрхшээл юу байдаг вэ?

Нэг хэсэг нь буруу хандлагаас хардаг байсан байх. Одоо тэр үе өнгөрсөн. Одоогийн байдлаар төрийн өмчийн 16, хувийн хэвшлийн 30 байгууллагад авто замчдын ҮЭ-ийн салбар хороод ажиллаж байна. Хамгийн чухал зорилтын нэг нь гурван талт хамтын хэлэлцээрийг байгуулах явдал. Төр засаг, хувийн хэвшил, холбоод хамтарч байж ажилчдын асуудлыг шийдвэрлэж, цаашид хариуцлагатайгаар хамтдаа хөгжих юм.

Түүнээс гадны бид хувийн хэвшилтэй хамтарч ажиллахдаа хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг сайжруулж, чадахгүй байгаа зүйлд нь тусалж дэмждэг. Бусад салбаруудтай уялдаа холбоотойгоор ажиллаж, ажил олгогчдын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх үүднээс аюулгүй ажиллагааг дээшлүүлэхэд анхаарч байна. Энэ бол ажилтан, ажил олгогч хоёрт хэнд нь ч ашигтай хувилбар.

Гэхдээ Шинэчлэлийн засгийн газар гарснаас хойш төрийн өмчит компаниудад ҮЭ-ийг байх шаардлагагүй гэх хандлага бий болсон. Төр бүх ажилчдаа нийгмийн асуудалд анхаарна гэх мэт хүмүүсийн эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарлах бодлого барьж байгаа нь учир дутагдалтай. Бидэнд энэ талаар олон гомдол ирсэн. ҮЭ-ийн хороодын даргыг халах тохиолдол гарч байна.

-Замын салбар нь байнгын гадаа, халуун хүйтэн нөхцөлд ажилладаг. Гэр кэмп-д хооллодог хэцүү нөхцөл. Энэ талаарх нөхцлийг сайжруулахаар ямар ажил зохиосон бэ?

Би өөрөө замын салбарт 17 жил ажиллаж байна. Замчнаас нь эхлээд ажилласан учраас онцлогоо маш сайн мэдэрсэн. 2008 онд Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль батлагдаж, үүнийг хэрэгжүүлэх нь ҮЭ-ийн үүрэг байсан. Хамгийн түрүүнд хуулийн талаарх мэдээллийг хүмүүст, компаниудад өгөхийг зорьсон. Тухайлбал Алтайн од, Монроуд зэрэг компаний аюулгүй ажиллагааны менежментийн системийг нэвтрүүлж эхэлсэн.

Монголын авто замчдын ҮЭ-үүдийн холбоо сургалтын үеэр

Аюулгүй ажиллагааны сургалт сурталчилгааг маш их хийж байгаа. Одоогийн байдлаар давхардсан тоогоор 2000 гаруй хүн үнэ төлбөргүй сургалтад хамрагдсан.

Аюулгүй ажиллагааны зан үйлийг төлөвшүүлэх чиглэлээр бүх компаниудаас хөдөлмөр аюулгүй байдлын инженерүүдэд сургалтыг хийсэн. Авто замын салбарт Хөдөлмөр аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм байхгүй учир дүрэмтэй болгохоор санаачилга гаргаж, одоо судалгаа хийж байна. Энэ бол том ололт.

-Судалгаагаар ямар асуудлыг тодорхой болгосон бэ?

Саяхны судалгаагаар замчид маань хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, шээс бэлгийн замын тогтолцооны өвчлөлөөр их өвдөж байгааг тогтоосон. Ялангуяа бөөр давсагны үрэвсэл их байсан. Хөдөлмөрийн нөхцөл дээр судалгаа хийж байна. Хүнд хортой нөхцөл, байнгын тоосжилт, сэгсэргээтэй нөхцөлд ажилладаг. Өмнө нь хөдөлмөрийн хуулинд авто замын салбарын ажлын байрыг хүнд хортой нөхцөлд хамруулдаггүй байсан. Одоо бол хамруулдаг болсон. Ингэснээр авто замчид хөнгөлөлтөд хамрагдаж, хор саармагжуулах бүтээгдэхүүнээр хангуулах, нэмэгдэл авах боломж бүрдсэн.

Энэ бүх судалгаанаас авто замын салбарын дүрэм журмаа бодитой гаргана.  

Түүнээс гадна ҮЭ хөдөлмөр аюулгүй байдал хариуцсан итгэмжлэгдсэн төлөөллийг сургалтад хамруулж, байгууллагуудад ажиллуулж байна.

Энэ төлөөлөгч маань ямарваа нэгэн осол гарах нөхцөл ажлын байран дээрх аюулыг илрүүлж заавар зөвлөгөө өгч, бид нартай хамтарч ажилладаг. Нийт хоёр 28 хүнийг бэлдсэн.

-Хөдөлмөр аюулгүй байдлыг хангах үүднээс салбар бүрт удирдлагын түвшинд ч хандлагаа өөрчлөх шинэ стандартыг нэвтрүүлж эхлээд байгаа. Энэ стандарт замын салбарт хэрхэн нэвтэрч байна вэ?

Өмнө нь байгууллагын удирдлагуудад эрүүл ахуй, хөдөлмөр аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны шаардлага, зөвлөмж өгөхөөр хүлээж авахдаа тааруухан байсан. Одоо бол өөр. Нэг талаас манай улсад гадны хөрөнгө оруулалт нэмэгдэж, гадныхантай хамтарч ажиллаж байгаа учир аюулгүй ажиллагаа номер нэгд гэдгийг ойлгодог болсон.

Гэхдээ технологийн горим зөрчилт арилахгүй л байна.

Гэхдээ технологийн горим зөрчилт арилахгүй л байна. Жишээлбэл Улаанбаатарт нэг замыг 20 хоногийн дотор тавьж дуусга гэсэн технологийн горим зөрчсөн шаардлага тавьдаг. Гэтэл технологийн дагуу бэхжилт, хаталт гээд тооцвол нэг сарын дотор бэлэн болох замыг горим зөрчүүлж авах гэдэг. Энэ байдлаас болж хэрвээ ажилтан үйлдвэрлэлийн осолд өртвөл та технологийн горим зөрчсөн гээд үйлдвэрлэлийн осолд тооцдоггүй. Тэгэхээр замчин хүнд их хохиролтой.

Ер нь замын салбарт үйлдвэрлэлийн ослыг замын нуун дарагдуулах явдал их байдаг. 2012 оны байдлаар зам тээврийн салбарт 30 гаруй хүн нас барж, 300 гаруй хүн хөдөлмөрийн чадвараа алдсан. Нуун дарагдуулах явдал хөдөө их байдаг. Өнгөрсөн хойно нь осол болсон гэж мэдэгддэг.

Энэ асуудлыг гаргуулахгүй байх талаар ажилтан, ажил олгогч хоёр хамтарч ажиллахгүй л бол асуудал дуусахгүй.

-Мэргэжлийн бус хүмүүс ажиллуулах явдал замын салбарт их ажиглагддаг. Үүнээс үүдэж гарах сөрөг үр дагавар нь юу вэ?

Хүний нөөцийн асуудлыг шийдэх нь салбарын хөгжилд оруулах том хувь нэмэр. Үнэхээр нэг ч ажилтангүй компани тендер аваад баахан хүмүүсийг түр гэрээгээр ажиллуулчихдаг. Нийт үйл ажиллагаа явуулж байгаа компаний бараг тал хувь нь л тогтвортой байдаг.  Тиймээс үндэсний компаниудыг дэмжих бодлого хэрэгтэй.

Замд бодлого алга. Цаашдаа замын салбарыг хөгжүүлье гэвэл мэргэжилтэй боловсон хүчиндээ анхаарах хэрэгтэй.

Замчдын цалин хөдөлмөрийн үнэлэмж тэнцвэргүй байна. Хувийн компаниад саяас хоёр сая төгрөгний цалин авч байхад, түүнтэй адилхан ажил хийдэг хүн төрийн компанид 500 мянгаас 800 мянган төгрөгөөр л цалинжиж байна. Энэ мэт ялгаатай бодлогыг шийдэх хэрэгтэй.

Иймээс гурван талт хэлэлцээрийг сайжруулах хэрэгтэй. Ингэснээр олон асуудал шийдэгдэнэ.