С.Ганболд: Экскаватор нь яаманд хамаатай, хүн нь хамаагүй байж болохгүй
Намайг уурхайд ажиллаж байхад “Аав аа, та амьд ирээрэй” гэдэг үг бичээстэй байдаг байсан
Эрчим хүч, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн С.Ганболдтой тус салбарын хөдөлмөр аюулгүй байдлын талаар ярилцлаа.
-Хөдөлмөрийн яамны мэдээллээр үйлдвэрлэлийн осолд шинэ тутам сэргэж буй эрчим хүч, уул уурхайн салбар өртөх нь их байгаа. Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр үйлдвэрчний эвлэл их ажилладаг. Энэ тал дээр ямар бодлого барьж ажиллаж байна вэ. Үйлдвэрлэлийн ослыг яаж тэгвэл вэ?
Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар хийж байгаа ч зүйл бий, хийж амжаагүй ажил ч байна. Гэхдээ л үйлдэрлэлийн осол огцом хэмжээгээр буурахгүй л байгаа. Жилд дунджаар 32 осол гарч байгаа тоо бий. Эрчим хүч, уул уурхайн салбарт ослыг тэглэх зарчмыг барьж ажиллаж байгаа.
-Тэглэх ямар боломж байна вэ?
Тэглэхийн тулд хариуцлагыг л сайжруулах хэрэгтэй. Гэхдээ би үйлдвэрлэлийн осол болсны дараах хариуцлагыг яриагүй, энд осол болохоос өмнө ажилчин хүн, компаний удирдлага, хөдөлмөр хамгааллын инженер, баг хамт олон ямар хариуцлагатай ажиллах талаар ярьж байна. Осол гараад байна гэдэг нь дээрх хүмүүсийн хэн хэн нь хариуцлагагүй хандаж байна л гэсэн үг. Түүнээс биш, хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйтай холбоотой бүх дүрэм журам, хууль, хариуцсан мэргэжилтэн, ажилтнууд байгаа.
Гэтэл тэд хөдөлмөр аюулгүй байдлын шалгалтыг тогтмол хийдэггүй. Социализмын үед долоо хоног бүрийн мягмар гаригт хийдэг байсан. Ялангуяа уул уурхайд долоо хоног бүр хийдэг заншилтай байлаа. Одоо тийм зүйл уул уурхайн салбарт үгүйлэгдэж байна. Харин иймэрхүү төрлийн шалгалтыг эрчим хүчний салбарт гурван шатны шалгалт явагддаг. Цехийн дарга, инженер, ажилчин, үйлдвэрчний эвлэлийн хороо бүгд шалгалт хийх зарчим юм.
-Хөдөлмөр аюулгүй байдлын тухай хуулийн заалт хөдөлмөрийн хууль дотор 2008 онд батлагдсан. Одоо хуулийг шинэчлэхээр ярилцаж байна. Та бүгдийн зүгээс санал өгсөн үү. Өгсөн бол ямар санал өгсөн бэ?
Ер нь хуулинд зохицуулахад хэцүү зүйл байгаа. Тухайлбал компани аж ахуй нэгжийг зөрчил гаргасан 3000-аас гурван сая төгрөгөөр л торгоод өнгөрч байгаа нь үнэхээр чамламаар. Тийм хариуцлагатай ажилтан гэвэл юу байх вэ. Цаана нь асар их хохирол гарч, хүн амь насаараа хохирч байгаа шүү дээ.
-Тэгэхээр хариуцлагыг өндөржүүлчихвэл бүх зүйл сайхан болох юм уу?
Хариуцлагыг өндөржүүлвэл ажлын хариуцлага сайжирна. Би уурхайд олон жил ажилласан хүний хувьд хөдөлмөр аюулгүй байдлыг ажлын хариуцлага л гэж боддог. Миний хувьд нэг номерт хариуцлагыг л ярих ёстой. Тэгэхээр шинэ хуулинд хариуцлагыг өндөржүүлье гэсэн саналтай байгаа. Мөн хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах хувцас, хэрэглэл, саармагжуулах бодисын зардлын хэмжээг төсөвт нэмж суулгах хэрэгтэй.
Компаний нийгмийн хариуцлагыг өндөржүүлэх хэрэгтэй
Компаниуд хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйдаа тусгаж буй зардал нь одоогийн байдлаар үйл ажиллагааны зардлаас 0,1-0,3 хувь гэж тооцдог нь маш бага. Тэрийг өсгөх хэрэгтэй.
Ажилтан хүн сайн чанарын каск, бээлий, хувцас өмсч, сайн чанарын хор саармагжуулах бодисоор хангагдах ёстой. Ийм нөхцөлд тухайн хүн өндөр сэтгэл ханамжтай, сэтгэл санаа өндөр байж ажилдаа амжилт гаргаж, үйлдвэрлэлийн осол гаргахгүй.
-Ажилтан хүн өөрийгөө хамгаалах нь нэг номерын хариуцлага мөн. Компани ямар хариуцлага хүлээх ёстой вэ?
Компанийн нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага нь ажилчдынхаа нийгмийн асуудлыг нь хэрхэн шийдэж буйгаас эхэлнэ. Тэд нарт хөдөлмөр аюулгүй байдлын хэрэгсэл, сургалт явуулдаг баг, бичиг цаас гээд хуулийн хүрээнд хангалттай бүтэцтэй. Гэтэл хариуцлагагүй буйгаас болж осол гарч байгаа. Хариуцлага гэдэг зүйл нь ер нь дэндүү сул болчихсон.
Ардчилал гэх нэрийн дор хэнэггүй, хариуцлагагүй болчихсон. Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтыг мэргэжлийн байгууллагуудад өгөх Засгийн газрын тогтоол гарчихсан. Ингэх нь зөв ч, үүний цаана нэг ойлгомжгүй асуудал байгаа. Мэргэжлийн байгууллагууд техникийн хяналтыг л хийнэ гэж заасан. Гэтэл хүн, хөдөлмөрийн харилцааг нь хэн хянах вэ гэдэг нь хаягдчихсан. Хөдөлмөрийн харилцаа яаманд хамаагүй болно гэсэн үг. Экскаватор нь яаманд хамаатай, хүн нь хамаагүй. Энэ хоёрыг салгаж болохгүй. Яам нь мэдэж байгаа бол яам л мэдэх хэрэгтэй. Хяналтыг салгах нь буруу.
-Хяналт, хариуцлага их ярьлаа. Одоо салбар бүрт шинэ стандарт 18001-ийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа.
Сургалтын тогтолцоог сайжруулах хэрэгтэй. Олон их дээд сургууль байдаг ч хөдөлмөр хамгааллын инженер болохын тулд 7-21 хоног л сургалтад суугаад сертификат авчихаж байгаа юм. Ингэж болох уу. Хөдөлмөрийн яаманд сургалтын тогтолцоог өөрчилж, стандарт тогтоохоор ярьж байгаа. Сая гурван талт хэлэлцээрээр мэргэшсэн мэргэжлийг гурван кредит биш юм аа гэхэд ямар ч байсан хөдөлмөр эрүүл ахуйн программыг заавал сурах хөтөлбөрт оруулахаар болсон. Энэ 2013-2014 оны хичээлийн жилд шинэ хөтөлбөрөөр ороод явчих байх.
Бас нэг зүйл нь бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй компаниуд ямар техник, технологиор ажиллаж байна вэ. Хуучин, чанарын шаардлага хангаагүй техник хэрэгслээс болж олон осол гарч байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Жижиг уурхайн эзэд өндөр үнэтэй, чанартай машин авахыг бодолгүй, хармайндаа хэдэн төгрөг илүү хийхийг л бодож байна. Үүнээс болж ажилчид л хохирно.
Уул уурхайн салбарт олон улсын 176 дугаар конвенцид нэгдэж орох асуудлыг сүүлийн гурав, дөрвөн жилийн турш ярьж байгаа боловч, дорвитой шийдэхгүй байна. Хэрвээ энэ стандартад нэгдчихвэл хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуй, хариуцлага гээд бүх зүйл заасан стандартын дагуу явж, ямар ч асуудал үүсэхгүй.
Ингээд ирвэл шаардлага хангаагүй уурхай хаагдана. Гэтэл одоо хойрго хандаад байгаа нь стандартаас эмээж байгааг харуулж байгаа юм.
-Мэдээж муугаас илүү сайн үлгэр жишээ болох уурхайнууд бас байгаа шүү дээ. Тэднээс суралцах зүйл нь юу байна?
Тэгэлгүй яах вэ. Багануурын уурхай, Эрдэнэт, Бороо гоулд, Оюутолгой
Оюутолгой ХХК-ажилчид
гээд үлгэр жишээ газрууд бий. Манай улсдаа нэг номерт орно. Саяхан Багануурт хоёр осол гарсан нь хүний хариуцлагагүй үйлдэлтэй л холбоотой байсан. Бороо гоулдын туршлагыг уурхайнууд хуулбарлан нэвтрүүлж байгаа. Гэхдээ тохирох, тохирохгүй гэж нэг зүйл бий. Тэгэхээр нэгдсэн нэг стандарттай байх нь хамгийн зөв.
-Одоо манай улс OHSAS18001 стандартыг нэвтрүүлж байгаа. Энэ хүрээнд эрчим хүч, уул уурхайн салбарт ямар шинэ ажил хийгдэж байгаа вэ?
OHSAS18001 стандартыг бид өөрийнхөө хөрсөнд нийцүүлж өөрчилсөн. Өнгөрсөн 3 сарын 22-нд хоёр том зөвлөлгөөний хурлаар шийдвэрлэж, хөтөлбөр гаргасан. Үүнээс хойш тодорхой ажлууд хийгдэж байгаа. Гэхдээ үр дүнг хагас жилийн дараа шалгах боломжтой болох байх. Одоо хэлэхэд эрт. Гэхдээ ийм стандарттай болсон учраас компаниуд өөрсдөө санаачлаад хөдөлмөр хамгааллын инженер нь стандартаа барьж шаардлага тавиад явах хэрэгтэй.
-Ер нь аливаа зүйл энгийнээс эхтэй гэдэг. Хөдөлмөр аюулгүй байдал ч гэсэн жижиг гэлтгүй зүйлээс эхэлж болно. Та үүнтэй санал нийлэх үү?
Хамгийн энгийн зүйл чинь хүний нүдэнд харагдах элдэв, дохио сануулга, тэмдэглэгээ, плакат юм. Хүн чихээрээ сонсох, нүдээр үзэх хоёр шал өөр. “Тог салга, залгаж үл болно, энэ замаар яв, аюултай” гэх үгийг бичсэн тэмдэглэгээ хөдөлмөр аюулгүй байдлын бас нэг хамгаалах хэрэгсэл.
Намайг уурхайд ажиллаж байхад уурхай дор “Аав аа, та амьд ирээрэй”
гэдэг үг бичээстэй байдаг байсан. Энэ үг Оросын нэг уурхайд болсон явдлаас үүдэж гарсан түүхтэй. Энэ үг хүнд их зүйлийг бодуулдаг. Миний ард амьдрал байгаа гэдгийг үргэлж сануулж, хариуцлагатай байх ёстойг мэдрүүлдэг.
-Хөдөлмөр аюулгүй байдал нь эцсийн дүндээ хүн хүнийхээ төлөө гэсэн ажиллагаа байх ёстой.
Олон жилийн өмнө Япончууд хүний биохэмнэлийг судалсан судалгааг харж байсан. Өнөөдөр та энэ ажлыг хийхэд бэлэн байна уу гэдгийг судалсан байсан. Хэрвээ аав ээж өндөр шагнал аваад тэнд баяр хөөр болж байхад та баяр хүргэж чадахгүй, энд ажилтай байвал таны сэтгэл санаа уймраад ажлаа үр бүтээлтэй хийж чадахгүй. Тийм учраас тэр хүнд чөлөө олгодог.
Эсвэл эмэгтэйчүүд биений юм нь ирсэн байвал эхний өдөр нь чөлөөлдөг гэх байдлаар зохицуулдаг. Гэх мэтээр эцсийн эцэст хүн хүнийхээ төлөө л байх ёстой гэдгийг хаа хаанаа санах ёстой. Хөдөлмөр хамгааллын инженер, эсвэл хамт ажилладаг нөхрөө өнөөдөр ямар байдалтай байна, нөхөрт маань ямар алдаа дутагдал байгаа вэ гэдгийг анхаарч л ажиллах ёстой гэсэн үг. Хамт олон, тухлаг ажлын орчин бүрдсэн цагт үйлдвэрлэлийн осол гарна гэж бараг байхгүй.