Н.Болормаа: Хууль зөрчигчийн хариуцлагыг өндөрсгөх хэрэгтэй
“Баянсүндэрэл” ХХК-ий Хөдөлмөр хамгааллын инженер Н.Болормаа
2013.05.20

Н.Болормаа: Хууль зөрчигчийн хариуцлагыг өндөрсгөх хэрэгтэй

“Баянсүндэрэл” ХХК-ий Хөдөлмөр хамгааллын инженер Н.Болормаатай хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны талаар ярилцлаа.

-Танай компани хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлд хэр анхаарч ажилладаг вэ?

Манай компани барилга угсралт, засвар үйлчилгээ гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулаад найман жил болж байна. Хөдөлмөр  аюулгүй байдлыг хамгийн сайн анхаарч нэлээдгүй ажлыг хийж байна. Саяхан гэхэд дөрвөн сарын нэгнээс таван сарын нэгнийг хүртэл үргэлжилсэн аяны хүрээнд “Барилгын хөдөлмөр аюулгүй байдал” гэсэн гарын авлага гаргасан. Хүмүүс их сайхан хүлээж авсан. Би хөдөлмөр хамгааллын инженерийн хувьд ажилчдад өгч, уншуулах гарын авлага байна уу гэж их судалсан. Тэгээд ганц хоёрхон ном л олсон. Манай компани бас ажилчдынхаа дунд сургалтуудыг их зохион байгуулдаг.  

-Барилгын салбарын хувьд нэлээдгүй онцлог, хөдөлмөрийн аюулгүй байдал, хамгаалал их шаарддаг. Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрсдэл ихтэй учраас өнгөрсөн оны хувьд осол их гарсан?

Тиймээ онцлог. Хүнд хэцүү хөдөлмөр шүү дээ. Хөдөлмөр хамгаалал барилгачин хүн өглөө ажилдаа ирээд хөдөлмөр хамгааллын зааварчилгаа хэрхэн авч байгаагаас бүх зүйл эхэлнэ. Зааварчилгааг зөв өгч байна уу, үгүй юү гэдгээс их зүйл хамаарна. Юун түрүүнд ажил эхлэхийн өмнө талбайн эрсдэлийг тооцдог.

Хаана эрсдэл байна, нүх байна уу гээд шалгаад эрсдэлтэй асуудлаа яаж шийдэх талаар бодож, эрсдлийг арилгадаг. Гэхдээ манай хүмүүс хөдөлмөр хамгааллын зааварчилгаа өгөөд гарын үсэг зурах тал дээр буруу хандлагатай байдаг. Үхэхэд гомдолгүй гэж байгаа юм шигээр ойлгодог. Энэ бол тийм биш.

-Хэрвээ ямар нэгэн осол боллоо гэхэд хариуцлагыг компаний эзэн үүрэхээс гадна ажилчдаас бас их зүйл хамаарах юм шиг санагддаг?

Ажилчдаас хамаарч гарсан ослуудын ихэнхи нь мэргэжлийн бус ажилчид, эсвэл хэт мэргэжилдээ дадсан хүмүүс өөртөө эрдэж гаргадаг. Би олон жил энэ ажлыг хийсэн, осолд өртөхгүй гэх хэнэггүй байдлаас үүдэж осол гарах нь ч бий. Тэгэхээр бидний зүгээс тэдэнд хөдөлмөр хамгааллыг аль болох ойлгуулж, сургалт явуулах байдлаар хандлагыг нь өөрчлөхийг хичээж байна.

-Хөдөлмөрийн тухай хуулинд өөрчлөлт оруулахаар ярьж байна. Таны зүгээс юуг өөрчлөх шаардлагатай гэж бодож байна вэ?

Хариуцлагын тогтолцоог сайжруулах хэрэгтэй гэж бодож байна. Одоогийн байгаа хуулинд хууль зөрчигчдөд 250,000 төгрөгөөр л торгох заалт байгаа. Үүнийг өндөрсгөх хэрэгтэй.