Сэргээн засалтын үндэсний төвд 167 сая төгрөгний тоног төхөөрөмж өглөө
Өнөөдөр Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийнхний хувьд сайхан өдөр тохиож байна. Учир нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсрол, ажил хөдөлмөрийг дэмжих үүднээс Мянганы сорилтын сангийн МБС-ын төслөөс нийт 167,5 сая төгрөгийн сургалтын тоног төхөөрөмжийг гардуулж өгсөн юм.
Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ болон Мянганы сорилтын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Роберт И.Рийд, МСС-ийн хөгжлийн мэргэжилтэн П.Түвшинжаргал, МСС-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Батбаатар, Сэргээн засалтын үндэсний төвийн захирал Б.Нарантуяа нар оролцож, тууз хайчиллаа.
Нэг ээлжиндээ 20 оюутан суралцах боломж бүхий компьютерийн лабораторийг хамгийн орчин үеийн өндөр үзүүлэлттэй компьютер болон тавилгыг нийлүүлж иж бүрэн тохижуулсан байна.
Хүн амын хөгжил, нийгэм хамгааллын сайд С.Эрдэнэ оёдлын цехийн үйл ажиллагаатай танилцав
Бүх төрлийн оёдлын сургалт явуулахад тохиромжтой төрөл бүрийн оёдлын машин, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон оёдлын сургалтын лабораторийг байгуулсан.
Дээрх бодит хөрөнгө оруулалтаас гадна төслийн хүрээнд сургуулийн багш нарт, удирдах ажилтан төрөл бүрийн сургалт, чадавх бэхжүүлэх үйл ажиллагаанд хамрагджээ.
Түүнчлэн төслийн 30 сая төгрөгийн санхүүжилтээр тэргүүн туршлага хөгжүүлэн дэлгэрүүлэх “Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн эрэлт хэрэгцээг хангах” тэтгэлэгт хөтөлбөрийг тус сургууль дээр амжилттай хэрэгжүүлж дуусчээ.
Хүн амын хөгжил, нийгэм хамгааллын сайд С.Эрдэнэ
Энэ үеэр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэтэй цөөн хором ярилцлаа.
“Өнөөдөр залуучуудад мэргэжлийн боловсрол олгох зорилготой энэхүү төвийг шинэчилж, сэргээж ажиллуулахад Мянганы сорилтын сангаас хөрөнгө мөнгө, тоног төхөөрөмжийн тусламж үзүүлж байгаад баяртай байна. Бидний дэвшүүлж байгаа зорилтыг хангахад энэ тусламж томоохон хувь нэмэр оруулах болно.
Өмнө нь МСС-ийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн хөтөлбөр нь дандаа энгийн эрүүл залуучууд руу чиглэж байсан бол Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Сэргээн засалтын хөгжлийн үндэсний төвийн санаачилгаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэж байгаа юм. Цаашдаа бид сэргээн засалтын үйл ажиллагааг өргөжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмд оролцох оролцоо боломжийг тэгш ханган чадварыг нь бий болгох зорилгоор олон ажлыг төлөвлөөд байна.