Барилгын салбарын хөрөнгө оруулагч, гүйцэтгэгч талын хариуцах ажлыг тодорхой болгох хэрэгтэй
УИХ-ын гишүүн, Барилга, Хот байгуулалтын Яамны Сайд
2013.02.15

Барилгын салбарын хөрөнгө оруулагч, гүйцэтгэгч талын хариуцах ажлыг тодорхой болгох хэрэгтэй

УИХ-аар барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай тогтоолын төсөл батлагдсан. Уг төслийг батлагдах үеэр Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайханаас зарим зүйлийг тодруулсан юм.

-Барилгын  салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай тогтоол батлагдлаа. Хавар болж, барилгын ажил эхэлж байгаа учир нэлээд ач холбогдолтой төсөл боллоо?

-Тийм. Барилгын салбарт ажиллаж буй хүмүүс аюулгүй ажиллагааныхаа дүрэм журмыг мөрдөөгүй, буруутай үйл ажиллагаатай холбоотойгоор осолддог. Тиймээс УИХ-аас ажлын хэсэг гарч ажиллаад, тогтоолын төсөл өргөн барьж батлууллаа. Хамгийн гол нь, барилгын салбарын хууль тогтоолын асуудалд чиглэгдэж байгаа. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны чиглэлээр «Цэнхэр карт» гээд сургалтын хөтөлбөрийг эхлүүлсэн. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр барилган салбарын инженер техникийн ажилтнууд сургалтад хамрагдана.

Хөдөлмөрийн яамнаас 6000 гаруй хүнийг сургаж, энэ хавраас эхлэх ажилд хамруулахаар ажиллаж байгаа. Эдгээр хүмүүст ч гэсэн барилгын чиглэлийн сургалтууд хийгдсэн. Ер нь, дэлхий даяар хөдөлмөрийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны чиглэл рүү анхаарсан сургалтууд хийгддэг. Тиймээс барилгын салбарт ажиллагсад өөрсдийн ажилдаа эзэн байж, дүрэм журмаа мөрдөж ажиллах шаардлагатай.

-Уг тогтоолд дүрэм журам хэр тусгагдсан бэ?

2012 оны эхний 9 сарын байдлаар барилгын салбарт 41 ослын улмаас 24 хүн нас барж, 19 хүн бэртэж гэмтсэн байна.

-Хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар нэлээд чухал дүрмүүдийг тодотгож оруулсан. Мөн хот байгуулалтын дүрэмд барилгын салбарын талаар хуульчилсан. Тухайлбал, барилга хоорондын зай, барилгажилтын хэсэг, галын аюулгүй байдал зэргийг тусгасан.

-Тухайн барилгын компаниуд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг мөрдөж ажиллах талаар нэлээд зүйлүүд орсон биз дээ?

-Барилгын компаниуд өөртөө дотоод хяналтын функц, нэгжтэй байх ёстой. Мэдээж ажиллагсдын тоо, гүйцэтгэж буй ажлын цар хэмжээнээс шалтгаалаад нэг ажилтан байх уу, газар хэлтэс байх уу гэдэг нь хамаарна.

-Салбараас хяналтыг ямар зарчмаар тавих вэ?

-Мэдээж энэ бүтэц яаж ажиллаж байгааг хянана. Хамгийн гол нь, хаана, хаанаа хариуцлагатай байх ёстой.

-Гарсан осол авааруудаас харахад барилгын дүрэм журмаа зөрчсөнөөс үүдсэн байдаг. Зарим тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлүүлсэн байдаг юм билээ. Ийм үед хувь хүн болон албаа байгууллагад ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, журам зөрчөөд осол аваар гарсан нь гагцхүү хүмүүсийн хайхрамжгүй байдлаас шалтгаалсан байдаг. Хууль тогтоомж байдгаараа байна. Барилгачин бүр ажлыг гүйцэтгэж байхдаа янз бүрийн осол аваар гарах нөхцөл бололцоог арилгаж ажиллах ёстой.

Тухайлбал, цахилгааны утас шалбарах, эсвэл тулгуур баганын бэхэлгээ муу байгаа бол түүнийг нь нь засах, барилгын хамгаалалтын торыг битүүлж ажиллах хэрэгтэй. Эдгээрийг хийгээгүйгээс осол аваар их гардаг. Барилгын гүйцэтгэгч байгууллагуудыг харахад эдгээр зардлуудыг хөрөнгө оруулагч хариуцах ёстой гэсэн байдаг. Гэтэл хөрөнгө оруулагч нь тийм бололцоо байхгүй гэдэг. Тиймээс барилгын салбарт хөрөнгө оруулагч, захиалагч, гүйцэтгэгч талуудын хариуцах ажлыг тодорхой зааж өгөх хэрэгтэй. Ингэснээр осол аваар багасна.