Ц.Баярсайхан: Зөвшөөрөлтэй газрынхаа 70 хувьд барилга барих ёстой
2012.09.20

Ц.Баярсайхан: Зөвшөөрөлтэй газрынхаа 70 хувьд барилга барих ёстой

Барилгын салбарт дайрлага дайрчихсан юм болов уу гэж ойрдоо хэн хүнгүй л ярих боллоо. Ихэвчлэн орон сууцны метр квадратын үнэ ханш тэнгэрт хадаж байна гэж шүүмжлүүлдэг байсан салбарт гэв гэнэт шил шилээ дагаад аваар осол тасрахгүй гарахаар иргэд гайхаж эхэллээ. Өчигдөр л гэхэд нийслэлийн Хан-Уул дүүрэгт дахиад л хоёр хүн барилгаас үсэрчихлээ гээд утсаар мэдээлэл ирээд удаагүй байхад тун удалгүй  18 дугаар сургуулийн хажуугийн барилга дээрээс хоёр залуу унажээ гэх мэдээлэл чих дэлслээ. Энэ мэт таагүй мэдээллээс бид бараг л “залхаж” эхэлж байгаа ч цаана нь эрдэнэт хүний амь нас эрсдэж байгаа нь аюулын харанга дэлдэж байгаа юм. Тиймээс энэ талаар Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханаас цөөн асуултад тодруулга авлаа.
-Сүүлийн үед барилгын салбарт аваар осол их гарах боллоо. Үүнд танай яамны зүгээс хэрхэн яаж анхаарч байна вэ?

- Сүүлийн үед гарч байгаа аваар осол бүгд л хариуцлагагүй байдалтай холбоотой. Тийм учраас яаман дээрээ бид барилгачдын холбоо, барилгачдын үйлдвэрчний эвлэлийн хүмүүстэй хамтарсан ажлын хэсэг байгуулж байна. Ер нь бол хөдөлмөр хамгааллын норм дүрэм, аюулгүй ажиллагааны зааварчлагааг биелүүлэхгүйгээс  шалтгаалсан зүйл их байна. Тийм учраас барилга  угсралтын ажил  эрхэлж байгаа компаниуд хөдөлмөр хамгааллын албатай байх ёстой. Энэ алба нь ажилтнаа ажилд гарахынх нь өмнө аюулгүй ажиллагааны заваарчлагааг заавал өгдөг байх ёстой. Өргөгч механизмын хувьд үргэлж дохиолол ажиллуулах хэрэгтэй. Тэгэхээр өнөөдөр бодит байдал дээр энэ бүхэн бүрэн хангагдаж чадаж байгаа эсэхэд хяналт тавихаар  мэргэжлийн хүмүүс ажиллах гэж байна.

-Барилгын компанийнхан барилгын ажлын талбайгаа хэрхэн яаж хуваарилах ёстой  вэ? Ингэж асууж байгаагийн шалтгаан нь Улаанбаатар хотод баригдаж  байгаа барилгын ихэнх нь зам дагуу байх юм.

-Ер нь бол хот байгуулалтын хуулиараа тухайн барилгын компани өөрийнхөө зөвшөөрөлтэй газрынхаа 70 орчим хувьд нь барилга байгууламжаа барих ёстой. Үлдэж байгаа 30 орчим хувьд ногоон байгууламж, зам, автомашины зогсоол гэх мэтээ төлөвлөх ёстой байдаг. Дээр нь гүйцэтгэгч компани ойролцоох барилгын компанийнхандаа ямар нэгэн хүндрэл учруулахгүй байх ёстой. Гэтэл өнөөдөр баригдаж байгаа барилгуудыг шууд л зам талбайд тулгаж барьдгаас энэ аюул осол гарч байгаа гэж бодож байна. Тийм учраас бид цаашдаа хот байгуулалтын норм дүрмийг хуульчилна. Энэ чиглэлээр хуулийн төслүүд дээр ажиллаж байгаа. манай салбарт ер нь бол олон дүрэм журам байдаг. Энэ дүрэм журам олон нийтэд мэдэгддэггүй учраас тэрийг биелүүлэх байгууллагууд нь хайнга ажиллаад байна уу даа гэх дүгнэлт хийхэд ойрдоо хүрч байна. Тиймээс энэ мэт норм нормативийг хуульчилснаар тухайн барилга барьж байгаа хүн өөрийнхөө худалдаж авсан газрын тодорхой хэсэг дээр л барилгаа барих ёстой.

-Анхааруулсаар байтал барилгын компаниудад аваар осол гараад байгаа нь хариуцлага сул байгаагийн илрэл юм болов уу

- УИХ-ын даргын зүгээс ажлын хэсэг томиллоо. Энэ ажлын хэсэг тодорхой дүгнэлт гаргана байх. Ер нь бол барилгын байгууллагууд удаа дараагийн ийм үйлдэлд өөрсөддөө дүгнэлт хийх хэрэгтэй. Саяхан Барилга, хот байгуулалтын сайдын зүгээс тушаал гаргаж, тодорхой норм дүрмүүдийг баримталж, дахин алдаа дутагдал гаргахгүй байх талаас нь анхаарч ажиллаж байна. Ирэх хагас сайн өдөр барилгын компаниудын удирдлагуудтай уулзалт, ярилцлага хийхээр одооноос зохион байгуулж эхлээд байна. Энэ үед хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын талаар нэлээд сайн ярина гэж бодож байгаа. Ер нь барилга барих явцдаа алдаа гаргасан хүмүүс хариуцлагаа хүлээх л ёстой.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.