Х.Ганбаатар: Шинэ стандартаар мэргэжлийн холбоод хяналт тавих эрхтэй болсон
Монголын Ажил олгогч эздийн холбооны тэргүүн Х.Ганбаатартай ярилцлаа.
-Хөдөлмөр хамгааллын хууль техник, технологи, хөдөлмөр хамгааллын байдлыг хэр хангасныг хөндлөнгөөс хэн хянах ёстой вэ?
Нэгдүгээрт тухайн байгууллагын эзэн өөрөө өөртөө дүгнэлт хийх ёстой, хөндлөнгөөс гэвэл мэргэжлийн холбоод хийнэ. Мөн Мэргэжлийн хяналтын байгууллага ерөнхий хэрэгжилт ямар байгааг шалгана.
-Гэхдээ одоо мэргэжлийн холбоод тийм эрх байгаа гэж үү. Хууль эрхзүйн орчноор зохицуулсан зүйл байна уу?
Одоо шинэ стандартаар энэ нөхцөл бүрдэж, ажлын техникийн хяналт, хамгааллыг мэргэжлийн холбоод тавихаар болж байна.
-Эзэд тухайн ажилтаныг хөдөлмөр хамгааллын техник хэрэгслээр бүрэн хангах ёстой. Тэд хангалттай ажиллаж байна уу?
Хөдөлмөрийн эрүүл мэндийн асуудлаар ажил олгогч нь хууль дүрмээрээ шууд хариуцах үүрэгтэй. Эрүүл байлгах, аюулгүй байдалтай байх нөхцлийг бүрдүүлэх нь эзэн хүний үүрэг. Нэгэнт ажилтан авсан бол ажлын байрны эрсдлийн үнэлгээг хийж, аюулгүй ажиллагааны хамгаалах хэрэгслээр хангана.
Байгууллагын хөдөлмөр хамгааллын чадавхийг дээшүүлье
Бид эздийн байгууллага аюулгүй байдалд дуртайдаа биш, эзэд хариуцдаг гэдэг утгаараа шийдвэрт хувь нэмрээ оруулья гэдэг үүднээс хариуцаж байна. Байгууллагын хөдөлмөр хамгааллын чадавхийг дээшүүлье. Харин ажилтан хүний үүрэг нь шинэ стандартаар өөрөө аюулгүй байдлаа бий болгох хандлага, чадавхийг бий болгосон байх ёстой.
Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тунхаглалд зааснаар ажилтан хүн гүйцэтгэх үүрэг нь өөрт нь аюултай нөхцөлтэй байвал ажил үүргээ гүйцэтгэхгүй байж болно гэсэн байдаг. Үүнийг л ойлгох хэрэгтэй.