УИХ-ын гишүүн С.Ганбаатар оюутолгойн далд уурхай хаагдсантай холбоотойгоор мэдээлэл хийлээ.
2013.08.15

С.Ганбаатар: Рио Тинто бол Монгол Улсад уурхай явуулах эрхгүй

УИХ-ын гишүүн С.Ганбаатар оюутолгойн далд уурхай хаагдсантай холбоотойгоор мэдээлэл хийлээ.

Тэрээр “Оюутолгойн төслийг удирдаж буй Рио Тинто компаний зүгээс олон улсын тавцанд  монголын талаар ор үндэслэлгүй мэдээллийг маш хүчтэй цацаж байна. Өөрөөр хэлбэл тэд 24.4 тэрбум ам.долларын өрийн бичгээ монголын Засгийн газарт тулгах гэсэн санаа.

Харин зээл зуучилсны төлөө 5.7 тэрбум ам.долларыг авна. Тэдний зүгээс гаргаж буй энэхүү увайгүй үйлдэл нь монголын үндэсний байдалд сөргөөр нөлөөлж байна гэдгийг мэдээллийн эхэнд дурдлаа. Түүнчлэн оюутолгойн далд уурхай хаагдаж олон ажилчдыг халсан нь хууль зөрчсөн үйлдэл болж байна” хэмээв.

Ийн мэдээлэл хийсний дараагаар сэтгүүлчдийн асуултад ийн хариуллаа.

-Оюутолгой ажилчидаа халсан тухай албан ёсны мэдээлэл хийгээгүй байгаа. Таньд ямар нэгэн мэдээлэл ирсэн үү?

Албан бусаар мэдээллээр Оюу толгой ХК нь 1700 ажилтан халсан байна

-Албан ёсны алга. Гэхдээ дандаа гадагшаа мэдээллээ цацдаг. Одоогоор 1700 хүн халагдсан мэдээлэл байна. Рио Тинто компани үнэхээр гайхалтай компани. Бүгдийг хаана, хална, зогсооно гэдэг. Тэдний тухай ярьсан хүмүүсийг нийгэмд муухайгаар харагдуулахын тулд монголын Засгийн газрыг ард түмнийхээ төлөө ажиллаж чаддаггүй мэтээр ойлголт төрүүлдэг. Олон тооны ажилчдыг ажлаас нь  халах нөхцөлд гэрээнд заасныхаа дагуу манайхантай хэлэлцээрт орох ёстой. Гэвч тэд гэрээнийхээ нөхцлийг зөрчиж байна.

-Засгийн газар оюутолгойн саналыг хүлээж аваад цаашаа асуудлыг шийдээд явж болдоггүй юм уу. Манай эдийн засаг уул уурхайгаасаа шууд хамааралтай байдаг?

-Хэдэн үеэрээ өрөнд орохын тулд энэхүү өрийн бичгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой гэж үү. Рио Тинто бол Монгол Улсад уурхай явуулах эрхгүй. Өнөөдөр бид арьсаа хамгаалаад өрийн бичигт гарын үсгээ зурна гэдэг нь аюултай үзэгдэл. Эдийн засагчдын тооцоогоор 2041, магадгүй 2048 он хүртэл энэ байдлаараа байвал Монгол улсад ямар ашиг өгөхгүй. Үнэхээр тэдний тавиад байгаа шаардлага зөв юм бол нүүр, нүүрээ хараад уулзах хэрэгтэй.  Би ажлын хэсгийн ахлагчийн хувьд зургадугаар сараас хойш Оюутолгой руу дөрвөн удаа бичиг явууллаа.  Гэсэн ч одоог хүртэл албан ёсны хариу алга.