Х.Амгаланбаатар: Цалин, тэтгэврийг нэмэх цаг болсон
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны шинэ удирдлагууд өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатараас зарим зүйлийг тодруулав.
-Танай холбооны тэргүүлэгчдийн тоо нэмэгдэж байгаа тухай ярьлаа. Үүнийг тодруулбал?
-Манай холбоо нь мэргэжлийн болон орон нутгийн үйлдвэрчний эвлэлийн холбоодоос төвшний оролцоог хангахаар тэргүүлэгчдийн тоог нэмж 15 болголоо. Мөн төлөөлөгчдөөс ирсэн цалин хөлс, ажлын байр ялангуяа үйлдвэрлэлийн ослын асуудлаар ирүүлж байгаа санал, хүсэлтийг хүлээж авч байна. Бид арга барилаа өөрчлөн ажиллах шаардлага бий.
-Залуучуудын оролцоог нэмэгдүүлэх тал дээр түлхүү ажиллана гэж байна. Ямар ажлыг хийж эхэлсэн бэ?
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дийлэнх хувийг 35 хүртэлх насны залуучууд эзэлж байна.
-Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дийлэнх хувийг 35 хүртэлх насны залуучууд эзэлж байна. Бүх хороо, холбоодын дэргэд залуучуудын бүтцийг байгуулна. Тэдэнд тулгамдаж буй олон асуудлыг шийдэхэд дөхөм болно. Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэхэд анхаарна.
-Та “Цалин нэм гэж Засгийн газраас шаардахгүй” гэж байсан. Харин одоо хөдолмөрийн хөлсний доод хэмжээг нэмж байна?
-Өнөөдөр үнийн өсөлт гараагүй бол манай холбоо цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэх тухай ярихгүй. Гэтэл бараа бүтээгдэхүүн болон махны үнэ өссөөр байна. Тиймээс хэлэлцээрийн заалтын дагуу бодит байдал үүссэн учраас цалингийн доод хэмжээг өсгөх саналыг тавьсан. Мөн хуулиар цалингийн доод хэмжээг өсгөх хугацаа болсон. Хэрэгжилт нь ирэх есдүгээр сарын 1-нээс эхлэх ёстой. Үүнийг дагаад тэтгэвэр тэтгэмж нэмэгдэх шаардлага байгаа учраас цаг үетэйгээ уялдуулах болно.