Х.Ганбаатар: Цалин нэмэхийг эздийн холбоо эсэргүүцэхгүй байгаа
Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2013-2014 оны хэлэлцээрт холбогдох талууд өнөөдөр гарын үсэг зурлаа.
2013.04.22

Х.Ганбаатар: Цалин нэмэхийг эздийн холбоо эсэргүүцэхгүй байгаа

Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2013-2014 оны хэлэлцээрт холбогдох талууд өнөөдөр гарын үсэг зурлаа. МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо (МАОЭНХ)-ны ерөнхийлөгч Х.Ганбаатар, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлт нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн орлогч С.Буяндалай нар тус хэлэлцээрийг баталгаажуулж гарын үсэг зурсан юм.

Энэ талаар МАОЭНХ-ны ерөнхийлөгч Х.Ганбаатараас тодрууллаа.

-Энэ удаагийн хэлэлцээрт олон давуу тал бий гэсэн. Эдгээр давуу талаас дурьдвал?

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэхээр боллоо.

-Өнгөрсөн хоёр жилийн хэлэлцээрт 62 асуудлыг оруулсан байсан. Харамсалтай нь эдгээр асуудлын зарим нь биелж, зарим нь бүр мартагдсан байсан. Энэ жил 27 асуудалтай хэлэлцээрийг баталлаа. Нийгмийн түншлэлийг нийслэлд бэхжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахыг чухалчилж заасан. Гол нь ажил олгогч эздүүд нийгмийн хариуцлагатай байхыг энэ хэлэлцээрт тусгаж өгсөн байгаа.

-Иргэдийн амьжиргааны түвшин, ажлын байрыг нэмэгдүүлэхийг хэрхэн тусгаж өгсөн бэ?

-Ажлын байрыг шууд 30-40 хувь нэмэгдүүлэх гэдэг асуудал ороогүй. Гол нь иргэдийн амьжиргааны түвшин, цалин хөлсийг хэрхэн үе шаттайгаар нэмэгдүүлж болохыг тусгасан. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэхийг зарим хороо шаардаж байгаа. Бид тооцоо судалгаа хийж ойрын үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэнэ. Хамгийн гол нь жижиг дунд бизнес эрхэлдэг хүмүүст хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх нь сөргөөр нөлөөлөх вий гэсэн урьдчилан сэргийлсэн асуудал байна. Энэ талаар МҮЭХ-д санал хэлж байна.

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240 мянгад хүргэх саналыг МҮЭХ-ноос гаргаж байгаа. Танай эздийн холбоо ямар байр суурьтай байна вэ?

Монголын үйлдвэрчний эвлэл

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэхэд эздийн байгууллагаас эсэргүүцсэн зүйл байхгүй. Одоогоор үйл ажиллагаа нь жигдэрсэн, санхүүгийн хувьд боломжтой компаниуд ярьж тохироод хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмсэн байгаа. Өнгөрсөн хоёр жилд инфляци буурсангүй тиймээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240 мянгад хүргэе гэсэн санал ирсэн. Бид үйлдвэрчний эвлэлийг тооцоогоо өгөхийг хүсэж байна. Хөдөлмөрийн хөлсийг нэмэгдүүлэхэд сөрөг талууд байдаг.  Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний цалин авч байгаа хүнд яаж нөлөөлөх үү, цалин өгч байгаа аж ахуйн нэгжүүдэд хэрхэн нөлөөлж байна вэ гэдгийг бид судална. Мөн ажлын байрнаасаа чөлөөлөгдөхгүй үлдэх ямар арга зам байгааг тогтоох хэрэгтэй. Бид цалинг тоогоор нэмж учиргүй нэг хүний сэтгэлийн хөдөлгөөнөөр шийдэхгүй байя гэсэн шийдэлд хүрсэн. Тиймээс гурван талт хэлэлцээрт тусгаснаар энэ асуудлыг шийднэ. Энэ асуудлаар өнөөдөр Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавтай уулзана.

-Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлнэ гэж яриад байгаа. Танай холбооны зүгээс хэрхэн  оролцож байна вэ?

-Эдийн засгийн утгаар нь энэ зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж гэдэг нь тухайн хүний мэдлэг, боловсрол, ур чадвар, ажил хийх хүслийг хэлж байгаа юм.  Өндөр боловсролтой, сайн ажилчин өндөр цалин авна. Мэргэжилгүй, муу ажилладаг  хүн бага цалин авч байгаа. Монгол хүний үнэлэмжийг эдийн засаг болоод ажлын ур чадвараар нь үнэлэх хэрэгтэй гэдгийг ярьж байна. Мөн аж ахуйн нэгжүүдийн эрх ашигт нийцсэн байх ёстой.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.